Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн 107 иргэний 70-ыг нь тусгаарласан

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Я.Буянжаргал: Өнөөдөр өглөө Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн 107 иргэний 70-ыг нь тусгаарласан
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр COVID-19 халдвартай холбоотой ээлжит мэдээллээ хийх үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмч тусгаарлагдсан, ажиглалтад байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "COVID-19 халдвартай холбоотойгоор улсаас тодорхой шийдвэрүүд гарч байгааг та бүхэн мэдэж байгаа. Өнөө өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 107 иргэн ирснээс 70 иргэнийг нь тусгаарлан үзлэгт хамруулж, тандалт, асуумж авсан. Багабаянгийн амралтанд 31 хүнийг тусгаарлан, ХӨСҮТ-д 9 хүнийг нь шилжүүлэн ажиллаж байна.  

Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг сэжигтэй тохиолдол нэмэгдсэн. Тус аймагт нийт 63 хүнийг ажиглалтад аваад ажиллаж байна.

Харин Сэлэнгэ аймагт 81 хүн байгаа. Үүнээс 65 хүн ажиглалт, 16 хүн тусгаарлалтад орсныг хянаж байгаа бөгөөд биеийн байдал нь бүгд хэвийн байна.

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш 1,206 тохиолдыг тусгаарлан хяналтад авсан. Мөн өнөөдрийн байдлаар 715 хүн ажиглалтад байна. Батлагдсан нэг тохиолдолтой ойрын хавьтал 171 хүн байгаа" гэлээ. 

Үргэлжлүүлэн "Өнөө өглөө бид батлагдсан тохиолдлыг 09:08 минутад ХӨСҮТ-д шилжүүлж авчирсан. Баг хамт олон, зөвлөх эмч нар газар дээр нь очиж үзээд бид онлайнаар ярилцсаны дүнд шилжүүлж авах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн иргэний биеийн байдалд тээвэрлэх явдцад хүндрэл үүсээгүй. Биеийн байдал нь хэвийн буюу хүндэвтэр тогтвортой байна. Бид удирдамжид тусгагдсан бүх эмчилгээ, оношилгоог хийгээд явж байгаа. БНХАУ-ын Ухань хотын голомтод ажиллаж буй эмч нартай цахим уулзалт хийж, харилцан ярилцаж, туршлагаа солилцсон.

Мөн Монголын уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлүүд уламжлалтын чиглэлээр өгч буй амьсгалын замын халдвараас сэргийлэх аргыг хэрхэн ашиглах зэрэг зөвлөмжийн зааврыг боловсруулсан.

Уламжлалт анагаах ухааны эм, тангийн нөөцөө бүрдүүлэн, судалгаа авч ажиллаж байна. Мөн цаашид шаардлагатай бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх цэгүүдийг хаана байгуулж болох талаарх судалгаа тооцоог гаргаж байгааг хэлье.  

Нэмж хэлэхэд үйлчлүүлэгч, өвчтөнүүдийн нэр хүндэд халдах, доромжлох, тусламж үзүүлж буй эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн нэр хүндэд халдахгүй байхыг уриалж байна. Тангараг өргөсөн эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид үнэнчээр ажиллаж, хөдөлмөрлөж байна. Бид шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрүүдийг гаргаж байгаа" гэдгийг хэлэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.