Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: 12-18 сарын хугацаанд вакцин хийж амжвал дэлхийд рекорд болно

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 10
iKon.MN
 
гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирустэй холбоотойгоор ээлжит мэдээллээ хийсэн билээ.  

Энэ үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ын гуравдугаар сарын 9-ний мэдээллээр дэлхийн 109 улсад COVID-19 халдварын нийт 100,577 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 98 хүн нас барж, нийт нас баралтын тоо 3,584 боллоо. Харин БНХАУ-д нас баралт 23-аар нэмэгдэж, 45 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Иран, Испани, Итали зэрэг орноос импортлогдсон тохиолдол БНХАУ-д бүртгэгдээд байна. Тус улсад 80 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 70 хувь нь эдгэрч эмнэлгээс гарсан. Иранд 743 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол Италид нийт тохиолдлын тоо 1,492 болж, нас барсан хүний тоо 463-т хүрлээ. Хөл хориог өчигдрөөс орон даяар тогтоох шийдвэр гарч 60 сая хүн хамрагдсан байна.

Дэлхийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд халдвар авсан тохиолдлын тоо 100 мянга давж 100 гаруй улсад бүртгэгдлээ. Халдвараас сэргийлэх арга хэмжээг эрт үед нь авах нь чухал гэж ДЭМБ-аас зөвлөж байна. Нийт тохиолдлын 93 хувь нь дөрвөн улсад бүртгэгдэж байна” гэв.

Зарим компанийн хувьд дөрөвдүгээр сарын эхээр, зарим нь дөрөвдүгээр сарын сүүлчээр вакциныг амьтан дээр туршиж, эхлүүлэхээр болж байгаа

 
Гэрэл зургийг mpa.mn

Харин вирусийн эсрэг вакцины талаар ЭМЯ-ны дотоод хамтын ажиллагааны хэлтсийн дарга Янжмаа "COVID-19 вирусийн эсрэг вакциныг боловсруулж гаргахаар дэлхийн эрүүл мэндийн био технологийн томоохон корпорацууд хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаа. Нэгдүгээр сарын 9-нд БНХАУ-д уг вирусийн эсрэг генийн дарааллыг тогтоосны дараа дэлхийн улс орнууд болон ДЭМБ-тай хуваалцсан. Улмаар боломжит вакцины хувилбаруудыг хөгжүүлж байгаа билээ. 

2017 онд Дэлхийн эдийн засгаас форумаас гаргасан шийдвэрээр дэлхий дахинд халдварын тархалт дэгдсэн үед бэлэн байдлыг хангах зорилгоор  олон улсын түншлэлийн санг байгуулсан байдаг. Энэ нь “Халдварын тархалтын бэлэн байдлын инновацын төлөөх түшнлэл” буюу SEFA нэртэй байгууллага юм.

Одоогийн байдлаар коронавирусийн эсрэг вакцин гаргаж авах үйл ажиллагаанд уг түншлэлээс 66 сая ам.долларыг зарцуулж,  өндөр хөгжилтэй нийт 30 гаруй улс орны био технологийн компаниуд болон судалгаа шинжилгээний институтүүд хамтран ажиллаж байна.

Хамгийн хурдандаа зарим компанийн хувьд дөрөвдүгээр сарын эхээр, зарим нь дөрөвдүгээр сарын сүүлчээр вакциныг амьтан дээр туршиж, эхлүүлэхээр болж байгаа гэсэн мэдээлэл өгч байгаа. Гэхдээ энэ нь вакцин гаргаж авч байгаа гэсэн үг биш. Амьтан дээр туршилт хийсний дараа хүний буюу эмнэл зүйн туршилт эхлэх ёстой. Энэ туршилт бас гурван үе шаттай явагдана.

Өөрөөр хэлбэл, аюулгүй, үр дүнтэй вакцин гаргаж авах хүртэл нэг жил хагас буюу 12-18 сарын хугацааг зарцуулагдана гэсэн мэдээлэл өгсөн.

Тэгэхээр вакцин бүтээгдэж, амжилттай туршигдаад эмнэл зүйн гурван үе шатыг давж, вакциныг олноор үйлдвэрлэх зөвшөөрлийг дэлхийн улс орнуудад хүнс эмийн агентлагуудаас зөвшөөрсний дараа массаар үйлдвэрлэглэж, хүнд хүрэх хүртэл урт хугацаа шаардагдана. Хамгийн богиносгосон 12-18 сарын хугацаанд вакцин хийж амжвал дэлхийд рекорд болно гэж үзэж байгаа юм.

Халдварын шинж тэмдэг илэрвэл 100,103 болон Эрүүл мэндийн байгууллагын 24 цагийн утсаар өөрийгөө тусгаарлан зөвлөгөө авах хэрэгтэй.
Яаран эмнэлгийн байгууллагад ирэх нь халдварыг тархах эрсдлийг улам нэмэгдүүлнэ. Өнөөдрөөс эхлэн НЭМҮТ дээр 119 гэсэн утас 24 цагаар ажиллаж байна. 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.