Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны төрийн өндөр албан тушаалтан гурав дахь хүн коронавирусийн халдвараар нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Ираны төрийн өндөр албан тушаалтан гурав дахь хүн коронавирусийн халдвараар нас баржээ
Sara, ikon.mn - text to speech

Ираны гадаад хэргийн сайд Жавад Зарифийн зөвлөх, дипломатч Хоссейн Шэйхолеслам шинэ коронавирусийн халдвараар өвчилсний улмаас нас баржээ.

Ингэснээр тэр Covid-19 вирусийн халдвараар нас барсан Ираны төрийн өндөр албан тушаалтнуудын гурав дахь нь болж байна.

Шэйхолеслам нь Сири улсад элчин сайд, парламентын спикерийн гадаад харилцаа хариуцсан туслах зэрэг алба хашиж байснаас гадна оюутан байхдаа Исламын хувьсгалын үеэр Тегеран дахь АНУ-ын элчин сайдын яамыг эзэлж барьцаалах ажиллагаанд оролцон алдаршиж байжээ.

Тэрээр өчигдөр Тегераны Масих Данешвари эмнэлэгт нас барсан байна.

Шинэ коронавирусийн тахал Иран улсад нэлээд хатуу тусаад байгаа.

Тус улсын парламентын 23 гишүүн халдвартай нь тогтоогдсон бол шашны дээд тэргүүн Аятолла Хоменигийн зөвлөх, парламентын нэг гишүүн нас бараад байна.

Ираны парламент өнгөрсөн сарын сүүлээс эхлэн тодорхойгүй хугацаагаар завсарлаад байгаа бол бүх шатны сургуулиуд нь гуравдугаар сарын 20 хүртэл хаагджээ.

Сүүлийн байдлаар тус улсад коронавирусийн халдвартай 3,513 хүн бүртгэгдэж, 108 өвчтөн нас бараад байна.

Ираны хувьсгалт гвардын командлагч Хоссейн Салами “Коронавирус бол Иран, Хятад зэрэг улсуудын эсрэг ашиглахаар АНУ-ын зохион бүтээсэн зэвсэг” гэж энэ долоо хоногийн эхээр хэвлэлд ярьжээ.

 

Эх сурвалж: Russia Today

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.