Дэлхийн таван тивийн 57 улс орны хүн амыг хамран тархаж, цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй нөхцлийг үүсгээд байгаа шинэ коронавирусийн халдвараас урьчилан сэргийлэх ажлыг улс орон, нийслэл даяар хэрэгжүүлэхтэй холбогдуулан улс, нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, энэ хүрээнд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 30-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ.
Энэхүү шийдвэртэй холбогдуулан эцэг эхчүүд нь бага насны хүүхдүүдээ орхиж ажлаа эрхлэх болсноор гэртээ үлдэж байгаа хүүхэд багачууд аливаа эрсдэлд өртөж болзошгүй байдал үүсэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах тухай” А/268 тоот захирамжийг гаргажээ.
Ингэснээр бага насны хүүхэдтэй эхчүүд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио дуусах өдөр буюу гуравдугаар сарын 30-ний өдрийг хүртэл ажил тарах цагаас нэг цагийн өмнө гэртээ харих, ар гэр, үр хүүхэддээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа юм.
Захирамжтай танилцана уу.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс