Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор Саудын Араб улс мөргөлчдийн урсгалыг зогсоолоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Саудын Араб улс өнөөдрөөс эхлэн коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор Исламын шашны ариун газруудад ирэх гадаадын мөргөлчдийн урсгалыг зогсоох арга хэмжээ авч байна.

Ойрх Дорнодын бүс нутагт Covid-19 вирусийн тархалт эрчимжиж, нийтдээ 220 гаруй халдварын тохиолдол илэрсэн нь ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн байна.

Ариун хот Мекка дахь шоо хэлбэрийн Кааба шүтээний чигт дэлхийн 1.8 тэрбум муслим өдөр бүр таван удаа мөргөдөг. Тэгвэл энэ шүтээнийг зорих гадаадын мөргөлчдийн урсгалд хориг тавьсан байна.

Бас Медина хот дахь зөнч Мухаммедын сүмд гадны мөргөлчдийг ирүүлэхгүй болжээ.

Саудын Арабын хаант улс нь Исламын шашны эдгээр ариун газруудыг хамгаалах хууль ёсны үүрэг хүлээдэг юм.

Тус улсын хөрш Иран улс Ойрх Дорнодын коронавирусийн тархалтын гол төв болоод байгаа. Энэ улсын Ком хот дахь Исламын шашны шийт урсгалын шүтээнд мөргөлчид олноор цугларч, гар хүрэх, адис авах, үнсэх зэрэг үйлдэл хийдэг нь үхлийн аюулт вирус тархах гол нөхцөл болдон гэж үздэг.

Дэлхийн бүх муслим хүмүүс амьдралдаа ядаж нэг удаа Саудын Арабын ариун хотуудад очиж, мөргөх үүрэгтэй. Хаж гэж нэрлэдэг ийм мөргөлийн үеэр халдварт өвчин гарч, олон хүний амийг бүрэлгэж байсан түүхтэй.

Тухайлбал 1821 оны хаж мөргөлийн үеэр булчин задрах тахал дэгдэж, 20,000 орчим сүсэгтэн амиа алдаж байв.

Дараа нь 1865 онд мөн ижил тахал дэгдэхэд 15,000 хүн амь үрэгдэж байжээ.

10 хоног үргэлжлэх энэ жилийн хаж мөргөл долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр болоход олон сая мөргөлчин дэлхийн өнцөг булан бүрээс Саудын Арабт цугларах юм.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.