Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ төрлийн коронавирус Антарктидаас бусад бүх тивд тархлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Covid-19 гэж нэрлэгдсэн шинэ төрлийн коронавирусийн халдвар өчигдөр Европын хэд хэдэн улсад шинээр илэрснээс гадна Өмнөд Америк тивд анх удаа бүртгэгджээ.

Шинээр илэрсэн халдварууд нь бүгд Италийн хойд бүс нутгаас гаралтай байгаа юм.

Тухайлбал Италийн Ломбарди мужид зорчоод эх орондоо эргэж ирсэн 61 настай иргэн Бразил улсын анхны халдвар тээгч болжээ.

Мөн Грек, Финланд улсууд өчигдөр Италиас ирсэн хүнээс анхны халдварын тохиолдлуудаа бүртгэсэн байна.

Өмнөх өдөр нь Испани, Хорват, Австри, Умард Македон, Алжир улсуудад илэрсэн шинэ тохиолдлууд бас Итали улстай холбогдож байв.

Өнөөдөр Итали улсад шинэ коронавирусийн халдварын 374 тохиолдол бүртгэгдэж, 12 өвчтөн нас бараад байна.

Европ тивд халдварын гол төв нь Итали улс болоод байгаа бол Ази тивд Өмнөд Солонгос, Ойрх Дорнодод Иран улс Covid-19 вирусийн тархалтын төв болжээ.

Өчигдөр Өмнөд Солонгост халдварын 284 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн их хэмжээ болж байна.

Тус улсад нийтдээ 1,261 хүн халдвар авч, 12 өвчтөн нас баржээ. Дэгү хотын ойролцоох АНУ-ын цэргийн баазад коронавирусийн халдвар авсан нэг цэрэг илэрсэн байна. Тус улсад АНУ-ын нийт 28,500 цэрэг байрладаг.

Ойрх Дорнодод вирус тархалтын гол төв болоод байгаа Иранд өчигдрийн байдлаар нийт 139 халдвар бүртгэгдэж, 19 өвчтөн нас баржээ. Тус улсын эрүүл мэндийн дэд сайд хүртэл халдвар аваад байгаа юм.

Өчигдөр Пакистан улсад коронавирусийн халдварын анхны хоёр тохиолдол илэрсэн нь хоёул Ирантай холбогджээ. Иранаас Азербайжанаар дамжин ирсэн Гүрж улсын иргэн тус улсын анхны халдвар тээгч болсон байна.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.