Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хубэй мужид халдвар гарснаас хойш 30-хан хоногийн дотор БНХАУ-ын 31 мужийн 1,386 нэгжид тархсан"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

Шууд үзэх: 
https://www.facebook.com/iKonNews/videos/2642891729167637/

ГССҮТ-ийн эмч нар нэг өдрийн цалингаа Ухань ажиллаж буй эмч нарт хандивлахаар болсон

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар тархах нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн яамнаас үнэн бодит, баталгаат мэдээллийг хурлаараа дамжуулан өгч байгаа. Энэ өдрийн хурлыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар "Нэг дэлхий-Нэг хүч" уриан дор БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нартаа нэг өдрийн цалингаа хандивлан, сэтгэл санаагаар дэмжихээр болсон тухай сайхан мэдээгээр эхлүүлж байна" гэв. 

О.Ариунтуяа: ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа

 
Гэрэл зургийг Mpa.mn

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: 2020 оны хоёрдугаар сарын 18-ны 10:00 цагийн байдлаар 73,331 тохиолдол, 1,872 нас баралт бүртгэгдсэн. Хятадаас гадна 25 улсад 803 тохиолдол, 3 нас баралт гараад байна. 

2019 оны арванхоёрдугаар сарын 8-наас 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд COVID-19 халдварын 72,314 тохиолдолд хийсэн судалгаагаар нийт тохиолдлын 86.6 хувь 30-79 насанд бүртгэгдсэн.

Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрч буурах хандлагатай байна. Эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас 5 нь нас барсан.

Нийт тохиолдлын 80.6 хувь нь хөнгөн явцтай, нас баралтын түвшин 2.3 хувь. 

COVID-19 Хубэй мужид өмнөх оны арванхоёрдугаар сард гарч эхлээд 30-хан хоногийн дотор нэг хотоос хурдацтайгаар 31 мужийн 1,386 нэгжид тархсан.

Нас баралтын түвшин 

  • 80-аас дээш насныханд хамгийн өндөр буюу 15 хувь,
  • Зүрх судас, даралт ихсэх, чихрийн шижин, хавдар, амьсгалын замын архаг болон хавсарсан өвчтэй хүмүүст 5-10 хувь ,
  • Маш хүнд гэж оношлогдсон хүмүүст 49 хувь,
  • Хөнгөн болон дунд гэж оношлогдогсдод нас баралт бүртгэгдээгүй.

БНХАУ нэгдүгээр сарын 20-нд халдварт өвчний болон хөл хорио тогтоох тухай хуульдаа өөрчлөлт оруулж, COVID-19 халдварыг хоёрдугаар зэрэглэлийн халдварт өвчнөөр бүртгэж эхэлсэн. Тухайн сарынхаа 23-наас хөл хорио тогтоож, 25-нд удирдлагыг дээд шатандаа шилжүүлж, бусад салбарыг дайчилж эхэлсэн байна.

ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа" гэв.

"БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн"

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн COVID-19 халдварын эмчилгээний талаар ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал "Халдварын нас баралтыг бууруулах эмнэлзүйн тушилтууд хийгдсээр байна. БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн.

Уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусийн эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийгдсэнийг өчигдөр мөн танилцуулсан" хэмээн хэллээ.

ЭМЯ-ны зүгээс иргэдийг аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хот хооронд, орон нутаг хооронд зорчихгүй байхыг зөвлөсөөр байна.

Мөн халдвар гарсан улс оронд зорчиод ирсэн иргэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй хэдий ч эмнэлгийн байгууллагад хандаж шинжилгээ өгч байгааг хэллээ. Тухайлбал, Говьсүмбэр аймагт эмнэлэгт хандсан иргэд БНСУ-д 14 хоног аялаад ирсэн учраас эмнэлгийн байгууллагад хандсан бол, ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүн Тайваньд зорчоод ирсэн байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.