Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бурхан Халдун ууланд зорчиж байсан таван иргэнээс нэг нь нас барсан гэх дуудлагын дагуу эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Бурхан Халдун ууланд зорчиж байсан таван иргэний нэг нь нас барсан тул тусламж хүсэн өчигдөр оройн 22:18 цагт Онцгой байдлын байгууллагад дуудлага өгчээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг Бурхан Халдун ууланд буюу аймгийн төвөөс 400 км, сумын төвөөс баруун хойд зүгт 200 км-т Ланд-200 загварын автомашинтай 5 иргэнээс иргэн Э /35 настай, эрэгтэй/ нас барсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 16-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 02:15 цагт Биндэр сумаас, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтай 06:00 цагт тус тус эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал 11:00 цагт мэдээлэл хийх үеэрээ "Харамсалтай нь өчигдөр Бурхан Халдун руу явж байсан багийн нэг хүн амь насаа алдсан мэдээлэл өглөө орж ирсэн. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа. Цаашдаа аймаг орон нутгийн шийдвэрээр зам хаана" хэмээн хэлсэн.

 

Эх сурвалж: ОБЕГ