Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гантулга: Тэтгэвэр нэмэгдэх эсэх нь улстөрчдийн амлалтаас шалтгаалахаа болино

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

“Ард Лайф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай тэтгэврийн шинэчлэл, эл шинэчлэлийн бусад салбарт үзүүлэх нөлөөлөл, хувийн тэтгэврийн сан, тус компанийн санал болгож буй үйлчилгээний талаар ярилцлаа.


Монголын тэтгэврийн тогтолцоог шинэчлэх замаар хүн ард, бизнес, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгаж, сайхан ирээдүйг хамтдаа цогцлооно гэсэн уриатайгаар тэтгэврийн шинэчлэл групп 2-р сарын 6-нд нээгдлээ.  Та тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал бодлоо хуваалцахыг хүсвэл Фэйсбүүкийн ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ/ PENSION REFORM группд нэгдээрэй.


- Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх хэрэгтэй гэдэгтэй сүүлийн үед маш олон хүн санал нийлж байна. Таны бодлоор өнөөгийн нөхцөл байдалд хүрэхэд юу нөлөөлөв, тэтгэврийн тогтолцооны гажиг нь чухам юундаа байна вэ?

- Юун түрүүнд бид ойлголтоо тодорхой болгох нь зөв болов уу. Хүмүүс татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг хооронд нь хольж ойлгоод байна. Учир нь нэг дор цалингаас нь авчихдаг болохоор нийгмийн даатгалын шимтгэлийг татвар гэж ойлгодог. Татвар төлөх нь нийгэмдээ оруулж байгаа иргэний хувь нэмэр бол нийгмийн даатгалын шимтгэл нь улсаас тухайн иргэнд үзүүлэх даатгалын үйлчилгээ юм. Манай улсын тэтгэврийн даатгалын сан сүүлийн долоон жил алдагдалтай ажилласан. Үүнээс сүүлийн таван жилд дунджаар 500 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн гол шалтгаан бол тэтгэврийн даатгалын систем алдаатай, гажигтай байгаатай холбоотой. Олон улсад сан эсвэл даатгал хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг байтал манайд энэ хоёрыг хольсон тэтгэврийн даатгалын сан ажилладаг. Тэтгэврийн даатгалын санд хуримтлагдаж буй мөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулдаггүй, санхүүгийн хэрэгсэлтэй ч уядаггүй. 

Мөнгөний ханш унахын хэрээр нэрийн дансанд хуримтлагдах тэтгэврийн үнэ цэн буурч байдаг. Графикаар төсөөлбөл, тухайн хуримтлалын хүү маш удаанаар өсөж байхад ханшийн уналт нь дээшээ үсрээд явчихна гэсэн үг. Ингэснээр мөнгө үнэгүйдэж, зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө шимтгэл төлж байсан хүмүүсийн мөнгө үнэ цэнгүй болчихож байгаа юм. Тухайн үед шилжилт хийхдээ тэтгэврийн тогтолцоог ч мөн шинэчлэх хэрэгтэй байсан. Олон улсын туршлагаас харахад тэтгэврийн даатгал болон хуримтлалын сангууд тусдаа байдаг. Тухайн иргэн 60 нас хүртлээ хувийн тэтгэврийн санд хуримтлал үүсгээд, үүнээс хойш уг үйлчилгээг тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн залгаж аваад тухайн санд хуримтлагдсан хөрөнгийг нь хангамж хэлбэрээр олгодог. Харин манайд даатгал гэдэг үг орсноор хуримтлагдаж буй мөнгийг өсгөх, үр өгөөж нэмэх үүргээс нийгмийн даатгалын санг чөлөөлж байгаа юм. Ингээд энэ сан ямар ч зохицуулалтгүй, мөн яаж ч удирдах боломжтой болчихоод байна. Үүнээс гадна даатгалтай хольсноор тухайн хуримтлалыг үр хойчдоо өвлүүлэх боломжгүй.

- Тэтгэврийн даатгалын сангийн өнөөгийн байдал ямар байна вэ? Одоо буй тогтолцоог хэрхэн шинэчлэх ёстой вэ?

- Нийгмийн даатгалын сан нь тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн гээд таван даатгалын сангаас бүрддэг. Даатгал нь эрсдэлтэй уялдан үүсдэг бөгөөд эрүүл мэндийн асуудал, хөдөлмөрийн чадвараа түр алдах зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэлийг даадаг. Тэтгэврийнхээс бусад дөрвөн сан эрсдэл дээр тулгуурласан даатгалын бүтээгдэхүүн учир бүгд ашигтай ажиллаж байгаа. Харин тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн хамгийн их буюу 24 хувийн шимтгэлээс 17-г нь авдаг мөртлөө алдагдалтай ажилладаг. Гэтэл тэтгэвэр өөрөө даатгалын бүтээгдэхүүн мөн үү гэвэл үгүй. Учир нь манай улсын хуульд тухайн хүнийг хэзээ тэтгэвэрт гарахыг заасан байдаг бөгөөд хүн хэдэн настайдаа тэтгэвэрт гарахаа мэддэг. Хэрэв хүн хэзээ тэтгэвэрт гарахаа мэддэггүй, гэнэт тийм шийдвэр гаргадаг байсан бол даатгалын бүтээгдэхүүн байж болох юм. Тэгэхээр нэн түрүүнд энэ хоёр ойлголтыг салгах хэрэгтэй бөгөөд тэтгэврийн даатгалын санг бусдаас нь тусдаа авч үзэж, тэтгэврийн реформ гэж ярих хэрэгтэй. Тэгэхгүй бол төрийн төлөөллүүд нийгмийн даатгалын сангийн дөрөв нь ашигтай ажилладаг, ямар ч асуудал байхгүй гэж ярих нь элбэг. Гэтэл энэ дөрвөн сангийн шимтгэл нийлээд долоон хувийг л эзэлдэг. 

Манай тэтгэврийн тогтолцоо нь төлсөн бүх 17 хувийн шимтгэлээ улсад тушаадаг, нэг тулгуурт систем юм. Энэ тогтолцоог дампуурсан гэж үзэж болно. Учир нь тус сан сүүлийн долоон жил алдагдалтай ажилласан. Хувийн бизнестэй зүйрлэвэл ийм хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа компани аль хэдийн дампуурчихсан байгаа. Өөрөөр хэлбэл, энэ тогтолцооны ёроол нь задарчихсан гэсэн үг. Задарсан ёроолыг нөхөхийн тулд шимтгэлийн хувь хэмжээ болон тэтгэврийн насыг нэмж байна. Энэ нь эргээд хөдөлмөрийн зах зээлдээ сөрөг нөлөөтэй. Өндөр насалсан ч хүмүүс тэтгэврээ авахын тулд ажилласаар байх ёстой болно. Өөрөөр хэлбэл албадан хүчилсэн аргаар асуудлыг шийдэх гээд байна. Энэ бол задгай ёроолын асуудлыг шийдэх ухаалаг арга биш. Иймд нэг биш гурван тулгуурт тогтолцоо буюу улсын, компанийн болон хувийн даатгалын системийг бий болгох хэрэгтэй бөгөөд энэ боломжийг улс хуулиараа олгох ёстой. Тэгсэн тохиолдолд аль нэг багана ганхахад нөгөө хоёр нь түших болно. 

- Тэтгэврийн реформыг амжилттай хийгээд хэрэгжүүлж яваа улсуудын жишээнээс дурдана уу? 

- Хамгийн сайн тэтгэврийн тогтолцоо бүрдүүлсэн улсад Дани, Нидерланд, Норвеги тооцогддог бол Азидаа Сингапур тэргүүлдэг. Тэд тэтгэврийн реформыг шат дараалалтай хийсэн. Шинэчлэл хийхэд одоо тэтгэвэр авч байгаа хүмүүс яах вэ гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр шат дараалалтайгаар, эхлээд 2-3 хувийг юм уу, бага багаар хувийн санд шилжүүлэх хэрэгтэй. Хувийн эсвэл улсын санд хуримтлуулах сонголтыг 2021 онд ажлын гараагаа эхлүүлж буй залуучуудад олгох зэргээр шилжилтийг аажмаар эхлүүлэх боломжтой. 

Шилжилт шаардлагатайг харуулж буй бас нэг зүйл нь манай улсын хүн амын насны бүтэц. Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь 35-аас доош насныхан бөгөөд ахмад настан багатай. Залуучууд давамгайлсан бүтэцтэй байхдаа жил бүр дунджаар 500 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа бол цаашид энэ тогтолцоогоор явахад байдал улам хүндэрнэ. Одоо хоёр залуу хүн нэг ахмад настны тэтгэврийг дааж байгаа бол цаашдаа нэг залуу нэг хүнийхийг төлдөг болно. Тэгэхээр тухайн үед хүмүүс одоогийнхоос даруй 1 дахин бага тэтгэвэр авна эсвэл нийт орлогынхоо 70 хувийг тэтгэврийн даатгалын шимтгэлд төлнө гэсэн үг. Одоогийн тогтолцоо үүгээрээ аюултай. 

Манай улсын тэтгэврийн насныхны 53 хувь 270-310 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл, та ямар ч ажил хийж, хэчнээн өндөр шимтгэл төлсөн ч ядуу амьдар гэж байгаагаас ялгаагүй. Харин гурван тулгуурт системд шилжсэнээр иргэн улсаас тодорхой хэмжээний тэтгэмж авах, компани болон хувь хүн өөрөө хувийн тэтгэврийн санд давхар хуримтлал үүсгэж, өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ. Нидерланд, Дани, Норвеги зэрэг улс тэтгэврийн хуримтлалын сангийн мөнгийг хөрөнгийн зах зээл дээр эргэлдүүлж компаниудын хувьцаатай уяж өгдөг. Сайн компанийн хувьцаа удаан хугацаанд үнэ цэнээ алддаггүй, үргэлж мөнгөний өсөлтөөс илүү байдаг. 

- Манайхтай ижил тогтолцоотой 30 орон шинэчлэл хийсэн боловч 18 нь хүлээсэн үр дүндээ хүрээгүй тул хуучин тогтолцоондоо шилжсэнийг Дэлхийн банкны төлөөлөгч дурдсан. Үүнд хүргэсэн шалтгаан болоод шилжилт хийхэд гарч болзошгүй эрсдэл юу вэ?

- Бүтэлгүйтсэн шалтгаан маш олон. Жишээлбэл, зарим улс 1990-ээд онд реформ хийсэн бөгөөд орчин цагийн санхүүгийн мэдлэг дутмагаас болж алдсан. Манай улсад 2000-аад оны эхээр тохиосон хадгаламж зээлийн хоршооны түүх шиг зүйл тэдгээр улсын тэтгэврийн санд тохиолдсон юм. Хэтэрхий задгай өрсөлдөөнд орсон компаниуд бие биенээ дампууруулж, өндөр өгөөж амлаж авсан мөнгөө эргүүлж өгч чадахгүйд хүрсэн. Тэтгэврийн хуримтлал нь энгийн хуримталаас өөр бөгөөд тухайн байгууллага дампуурсан тохиолдолд нөхөн төлбөрийг хүлээх цаг хугацаа, орлогоо нөхөн олох ажиллах хүч тэтгэвэртээ гарсан хүнд байдаггүй. Иймд тэтгэврийн хуримтлал маш сайн хяналттай байх ёстой. Өөр нэг алдаа бол улсынхаас хувийн сан руу шууд шилжсэн явдал юм. Энэ тохиолдолд улсын тэтгэврийн сангийн орлого тасарч, төсөвт хэт их ачаалал ирснээр хуучин тогтолцоо руугаа буцсан. Тухайн улсын эдийн засаг тогтчихсон, өсөлтгүй учраас шилжилтийг удирдахад хүндрэлтэй байсан. Зарим улсын хувьд шилжилт хийгээд хуримтлагдсан мөнгийг компаниудын хувьцаатай уясан боловч 1990-ээд оны үед хувьчлагдсан компаниуд бэлтгэлгүй буюу хувьцааны төвлөрөл ихтэй байсан нь нөлөөлсөн. Төвлөрөл ихтэй компаниудын хувьцааг авбал олон хүнд хүргэх давуу талаа алдаж, үр өгөөж нь компанийн ихэнх хувийг эзэмшиж буй нөхдийн халаасанд орно гэсэн үг. Тэгэхээр энэ тухай бодлогын бичиг баримтдаа тусгах хэрэгтэй. Тухайлбал, хөрөнгө оруулалт хийх компанийн нийт хувьцааны 25-аас дээш хувь нь зах зээл дээр чөлөөтэй арилжаалагддаг байх, сангийн хэдэн хувийг хөрөнгийн зах зээлд, тогтмол орлоготой бонд, хадгаламж эсвэл үл хөдлөх хөрөнгөд оруулах ёстой зэргийг хуулиар тодорхойлж өгөх ёстой. 

- Хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэхгүй байгаа, шинэчлэлийг хийхээс цааргалж байгаа гол шалтгаан юу вэ?

- Шинэчлэл хийх цаг болсныг олон зүйл харуулж байна. ОУВС төсөвт  дарамт үзүүлж буй энэ тогтолцоог сайжруулах хэрэгтэйг зөвлөсөн. Гэтэл манайхан шимтгэлийн хувь болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэх арга хэмжээ авлаа. Миний ойлгож буйгаар одоогийн алдагдлаа яаж нэмэгдүүлэхгүй байх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. Удаан хугацааны турш шинэчлэл хийлгүй явсны шалтгаан нь үүнийг төсөв бүрдүүлэгч нэг хэсэг гэж үзсээр ирсэнд байгаа юм. Улстөрчид өөрсдийнх нь мэдэлд орж ирэх мөнгөнөөс салах сонирхолгүй нь мэдээж. Харин алдагдал нь жил бүр нэмэгдээд, дарамт болоод ирэхээр ойлгож эхэлж байгаа бололтой. Тэд шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийг завдсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарлаа. Тийм болохоор дараагийн шинэ парламентаар ч шимтгэл нэмэгдүүлэх талаар ярихааргүй нөхцөл бүрдчихлээ. Энэ шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч гярхай ажиглаж хориг тавьсан бөгөөд МАН үүнийг нь хүлээж авсан. Үүнээс харахад улстөрчид буруу замаар явж буйгаа ойлгож, шинэчлэл хийх сонирхолтой байгаа болов уу. 

- ОУВС-аас алдагдал бууруулахыг зөвлөснөөс бус заавал шимтгэл нэмэхийг шаардаагүй бөгөөд илүү тохиромжтой өөрчлөлт хийвэл биднийг шаардлагаа биелүүлээгүйд тооцохгүй гэсэн үг үү? 

- Тийм. Хамгийн гол нь төсөвт дарамт болж буй алдагдлаа багасгах, тэтгэвэр тэтгэмжийн амлалт өгөхөө болихыг анхааруулсан. Жишээлбэл, улстөрчид малчдыг тэтгэвэрт хамруулна гэх зэрэг амлалт өгч байна. Энэ нь богино хугацаанд орлого олж, урт хугацаанд өндөр зардал авчрах зүйлд хөрөнгө оруулна гэсэн үг. Иймд сонгуулиар тэтгэвэр нэмнэ гэсэн амлалт өгөхийг хориглох хэрэгтэй. Учир нь энэ бол тухайн улстөрчийн биш, бидний мөнгө шүү дээ. Яагаад тэд өөрсдийн мэдлийн бус мөнгийг захиран зарцуулах ёстой гэж? Нөгөө талаас ямарч үндэслэлгүй тэтгэвэр нэмнэ гэж амлаж байгаа хүнийг бид сонгохгүй байх ёстой. 

- Гурван тулгуурт тогтолцооны үр өгөөж юу вэ? 

- Гурван тулгуурт тогтолцоог ашиглан эдийн засгаа 10 дахин томруулсан Сингапурын жишээгээр бидэнд ямар боломж байгааг тайлбарлая. Тус улс нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээгээр Азид нэгдүгээрт ордог. Өргөн уудам газар нутаг, байгалийн баялаг, олон сая ажиллах хүчний аль нь ч байхгүй тус улсын өнөөгийн хөгжилд хүрсэн нэг гол суурь нь 1965 онд үүсгэсэн төр болон хувийн тэтгэврийн хуримтлалын тогтолцоо юм. Сингапур улс орлогынхоо 20 хувийг тэтгэврийн хуримтлалын санд хадгалаад, хувьцаанд хөрөнгө оруулж, өндөр өгөөж хүртдэг. Өгөөж нь ихсэнгүүт АНУ, Их Британи, Австрали зэрэг барууны том хөрөнгө оруулалтын сангуудад хөрөнгөө удирдуулах санал тавьсан. Тэтгэврийн сангийн хуримтлал нь жил бүр нэмэгдэхээс гадна хөрөнгийн удирдлагын үйлчилгээнээсээ нэмж орлого олдог. Энэ хэмжээгээр хөрөнгийн бирж рүү орох мөнгөн урсгал нэмэгдэнэ. Сингапурын хөрөнгийн бирж томроод ирэхээр Зүүн Өмнөд Ази, Австрали, Энэтхэг гээд дэлхийн өнцөг булан бүрээс компаниуд ирж, хөрөнгө босгох болсон. Хонгконг мөн адил. Энержи Ресурс ХХК Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан. Учир нь манай хөрөнгийн бирж дээр тус компанийн төслийг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгө байгаагүй. Компаниудын босгож буй хөрөнгийн тодорхой хувьд хуримтлалын сангууд хөрөнгө оруулж байдаг. Сингапур, Хонконгийн аль аль нь байгалийн баялаггүй боловч Вьетнам, Австрали, Монгол зэрэг улсын уул уурхайн компаниудаас ашиг хүртэж, бүтээмжээ нэмэгдүүлж байна. Бид ч тэтгэврийн шинэчлэл хийснээр компаниудад Монголдоо хөрөнгө босгох боломжийг тэтгэврийн хуримтлалын санд суурилан бий болгох боломжтой. 

- Хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээ үзүүлдэг Ард Лайф компани хэдэн төрлийн ямар бүтээгдэхүүн санал болгодог вэ? 

-  Ард Лайф ХХК 2007 онд Хасбанкны ажилчдын ирээдүйн тэтгэврийн хуримтлалын данс хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Одоо Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулагчид, хамтран ажилладаг 20 гаруй компанийн 1300 ажилчдын тэтгэврийн хуримтлалын дансыг удирдан ажиллаж байна. Бид гурван төрлийн бүтээгдэхүүн санал болгодог. Тухайлбал, нэг сая нэг зуун мянган төгрөгийн цалинтай хүн сард 187 мянган төгрөгийг тэтгэврийн даатгалын санд төлдөг. Хэрэв энэ мөнгийг жилийн 13 хувийн өгөөжтэй манай бүтээгдэхүүнд хөрөнгө оруулбал 30 жилийн хугацаанд 827 сая төгрөг болж өснө. Уг хуримтлагдсан мөнгөнд цаашид бодогдох сарын хүү нь есөн сая төгрөг. Энэ мөнгө тухайн иргэн нас барсан ч үр хойчид нь өвлөгдөхөөс гадна нэг дор бүгдийг нь эсвэл хэсэгчлэн тодорхой хувийг нь авах боломжтой. Мөн бид эл бүтээгдэхүүндээ эрүүл мэндийн даатгалыг ч багтаасан бөгөөд харилцагчид маань 10-20 сая төгрөгийн эрүүл мэндийн хамгаалалтад орсноор улсын эсвэл хувийн эмнэлэгт үйлчлүүлэх боломж нээгддэг. 

- Урт хугацаанд хуримтлуулж буй мөнгийг ханшийн өсөлтөд идүүлэхгүйн тулд  та бүхэн юу хийдэг вэ?

- Бид Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Одоогийн байдлаар бүртгэлтэй 180 гаруй хувьцаат компани байдгаас 30 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулдаг. Бид эдгээр 30 компани тус бүрт эдийн засгийн шинжилгээ хийгээд сонгосон 15-20 компанид хөрөнгө оруулж, дотор нь байнгын хөдөлгөөн хийгээд явж байгаа. 

- Иргэд улсын нийгмийн даатгалаас татгалзаж, хувийн хуримтлал үүсгэхийг хүсдэг ч орлогын эх үүсвэрийг баталгаажуулах гол баримт болж байгаа учир татгалзаж чадахгүй байх шиг. Энэ тал дээр ямар шийдэл байгаа вэ?

- Тогтмол орлоготой, хуримтлал үүсгээд явж буй хүмүүст компаниуд хөрөнгийн баталгаа гаргаж өгөх боломжтой. Олон улсад ч ийм туршлагыг хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь, Сингапурт орон сууц худалдаж авах, урьдчилгаа өгөхөд баталгаа гаргах үйлчилгээг тэтгэврийн сангууд үзүүлдэг. Энэ асуудал одоохондоо тэтгэврийн реформ яригдаж байгаа үед арай эртдэнэ. Гэхдээ шинэчлэл хийсний дараа бүрэн боломжтой гэдгийг хэлэх хэрэгтэй. 

- Урт хугацаанд их хэмжээний мөнгөө хувийн компанид хадгалуулахдаа иргэдийн итгэл сул байх хандлагатай. Танайх харин ямар баталгаа өгөх вэ?

- Итгэлцэл сул гэдэгтэй санал нийлэхгүй байна. Учир нь мөнгөө хадгалуулж, өсгөх боломжтой хамгийн баталгаатай аж ахуйн нэгж юу вэ гэж хүмүүсээс асуувал арилжааны банк гэж хариулна. Гэтэл арилжааны банк хувийн компани биз дээ? Зарим нь бүр нэг эзэнтэй байдаг бөгөөд энэ нь иргэд тэр хүнд итгэж мөнгөө хадгалуулж байна гэсэн үг. Засаглалын шаардлагаа зөв тавиад, хяналтын тогтолцоог сайжруулбал удаан хугацаанд баталгаатай компани болж чадна. Бидний хувьд тэтгэврийн сан гэдэг утгаараа банкнаас илүү шаардлага хангаж, илүү сайн хяналт шалгалтыг давж үйл ажиллагаа явуулдаг.  

- Гурван тулгуурт тогтолцоог нэвтрүүлэхэд хамгийн түрүүнд ямар алхам хийх хэрэгтэй байна вэ?

- Эхлээд гуравдагч тулгуур буюу хувийн тэтгэврийн санг зохицуулах хууль гарч, эрх зүйн орчин бүрдэх ёстой. Дараа нь байгууллагуудад сонголт бий болгох буюу өөрсдийн төлдөг 8.5 хувиа улсад бүгдийг нь тушаахгүйгээр хоёр дахь давхаргыг бий болгох хэрэгтэй. Улс ч илүү ашигтай, өгөөжтэй бүтээгдэхүүн санал болгож хувийн хэвшилтэй өрсөлддөг болох хэрэгтэй. Байгууллагууд ажилчдынхаа тэтгэврийн хуримтлалын санг аль компанид байршуулах вэ гэдгээ сонгодог болсноор гурав дахь багана бий болно. Өмнө хэлсэнчлэн эрсдэлээ тооцох нь хамгийн чухал. Энэ хүрээнд компаниудад хөрөнгийн баталгаа болон олон нийтийн компани байх зэрэг засаглалын шаардлагуудыг тавих ёстой. Дээрээс нь тухайн тэтгэврийн хуримтлалын сан яг ямар орчинд, хэд хүртэлх хувиар хөрөнгө оруулалт хийх боломжтойг заасан хязгаарыг тодорхой болгох хэрэгтэй. 

- Шинэчлэл хийхэд гарч болзошгүй эрсдэл болон давуу тал нь юу вэ?

- Биднийг дэмжигч олон байгаа боловч нөгөө талаас эрсдэл ч цөөнгүй байна. Компаниудыг шууд өрсөлдүүлээд, задгай тавих нь буруу юм. Учир нь тэтгэвэр бол хуримтлалын онцгой бүтээгдэхүүн учраас зохицуулалт нь ч тусдаа байх ёстой. Иймд эрсдэлээ тооцоод шийдэх чиглэлд бид ажиллаж байна. Мөн хувийн тэтгэврийн сан Монгол Улсын хувьд шинэ зүйл учир энэ салбарт 12 жил үйл ажиллагаа явуулсны хувьд Ард Лайф ХХК-д манлайлах боломж харьцангуй их байгаа гэж дүгнэж байна. Гэхдээ зөвхөн бид хийнэ гэлгүйгээр ийм боломж, сонголт байгааг хүмүүст мэдээлэхийг чухалчилж байгаа. 

 - Энэ тал дээр хүмүүсийн хандлага ямар байна вэ?

- Маш олон хүн дэмжиж байгаа. Одоо төлж буй 17 хувиас тэтгэвэртээ гараад хүртэх өгөөж маш бага, мөнгө нь өвлөгдөхгүй хэрнээ өр нь өвлөгддөгт хүмүүс бухимддаг. Зарим улстөрч манай тэтгэврийн шимтгэл бусад улстай харьцуулахад бага гэдэг. Энэ бол маш буруу харьцуулалт. Бусад орны хүмүүс өгөөж нь өндөр учраас сайн дураараа орлогынхоо 30 хувийг хувийн тэтгэврийн санд өгдөг. Гэтэл сайн дурын үндсэн дээр өгч буй өндөр хувьтай харьцуулчихаад бага гээд байна. Улсад төлж буй албан хувиар нь харьцуулбал манайх өндөр.

Нөгөө талаас иргэдийн эдийн засаг, санхүүгийн суурь мэдлэг муу байна. Үүний гол шалтгаан бол социализмын үед нийгэм тогтвортой буюу хэн нэгэн эрсдэлд ороход нийтээрээ тусалдаг тогтолцоотой байсан тул хувиараа мөнгө нэмж төлөөд даатгалын үйлчилгээ авах сэтгэлгээ хүмүүст суугаагүй. 

- Тэтгэврийн шинэчлэл хийснээр бусад салбарт ямар үр нөлөө үзүүлэх вэ?

- Жилд 50-60 сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх олгох боломжтой манай хувийн тэтгэврийн сангийн нэг бүтээгдэхүүнийг авч үзье. Ингэвэл Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн үйлчилгээг хамгийн сайн эмчтэй, тав тухтай хувийн эмнэлгээс авахыг хүсэх нь тодорхой. Гэтэл манайд ийм эмнэлэг хангалттай олон биш тул маш хурдан дүүрнэ. Тэгэхээр эмнэлгүүд үнээ нэмнэ. Арав хоног эмчлүүлэхэд таван сая төгрөг байсан бол хоёр дахин нэмж 10 сая төгрөг болно, ингэсэн ч өндөр даатгалын хамгаалалтан доор байгаа иргэд үйлчлүүлсээр байх болно. Тухайн эмнэлэгийн ашиг нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалт, хүчин чадал, багтаамжаа нэмэгдүүлэх бөгөөд бусад компаниуд ч эл ашигтай салбарт орж эхэлнэ. Хувийн болон улсын бусад эмнэлэг иргэдийг татахын тулд хамгийн сайн эмчийн төлөө өрсөлдөнө. Эмнэлэгт зөвхөн эмч ажилладаггүй тул сайн асрагч, сувилагчийн төлөө ч өрсөлдөөн өрнөнө. Ингэснээр салбарын ажилчдын цалин нэмэгдэнэ. Ийм маягаар нэг талаас эрэлт, нөгөө талаас нийлүүлэлт байхад олон жил яригдсан эрүүл мэндийн салбарын бүх алдаа, дутагдал үгүй болох боломжтой. Эрүүл мэндийн салбар хөгжих, эс хөгжих нь хэн нэг улстөрчийн амлалт эсвэл сайдаас хамаарахгүй болно. 

Үр шимийг нь хүртэх дараачийн салбар бол боловсрол. Тэтгэвэрт 60 настайдаа 827 сая төгрөгийн хуримтлалтай гарсан ямар ч хүн үр хүүхэд, ач зээгээ гадаадын их, дээд сургуульд сургах боломжтой болно. Хүн бүр энэ хэмжээний, магадгүй үүнээс илүү хэмжээний хуримтлалтай болоод хүүхдүүдээ гадаадад сургаж эхэлбэл манай сургуулиуд ч чанартай боловсрол олгохын тулд хичээж эхэлнэ. Ингэснээр гадаадад 50-60 мянган ам.долларын төлбөртэй сургуульд биш эх орондоо 10-20 мянган ам.доллароор чанартай боловсрол эзэмших боломж бүрдэх юм. Сайн багшийг татахын тулд сургуулиуд цалингаа нэмж, ийм маягаар боловсролын салбар ч хөгжинө. Цаашлаад эмч, багшийн цалин өндөр болох үед чадварлаг сурлага сайтай хүүхдүүд ч энэ мэргэжлийг түлхүү сонирхож сонгож энэ салбарн боловсон хүчний залгамж халаа ч сайн бүрэлдэнэ.

Хувийн тэтгэврийн сангийн өгөөж их байх нь улс төрд ч нөлөөтэй. Учир нь тухайн өгөөжийг би хэн нэг улс төрчөөс үл хамааран хүртэх болно. Одоо бидний авах тэтгэвэр тэднээс хамааралтай байгаа тул хүмүүс улс төрд хэт их оролцож байна. Харин улс төрөөс хамааралгүй хуримтлал үүсгээд, амьдрал нь тогтвортой болвол улс төрд одоогийнх шиг оролцоод байх шаардлагагүй болно. Санал худалдах явдал ч тэр хэмжээгээр буурна. Улстөрчид зөв бодлого, сайн зохицуулалт ярихаас бус тэтгэвэр, халамж нэмнэ, үнэгүй мөнгө тараана гэх мэт утгагүй амлалт өгөхөө болино. Тэтгэврийн шинэчлэл энэ мэтчилэн олон салбарт эерэг өөрчлөлт авчрах юм.

Эх сурвалж: Mongolian economy сэтгүүлийн Тэтгэврийг тэтгэх шинэчлэл дугаараас.


 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.