2020 оны арваннэгдүгээр сарын 03-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцын талаар улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэгийн хийж буй цуврал анализ нийтлэлээс та бүхэнд толилуулж байна.
Конгресс дахь БНН-чуудын олонхын хүчинд импичментийн аюулаас мултарсан ч Дональд Трампад АНУ-ын ерөнхийлөгчийн 11-р сард болох сонгуульд дахин ялалт байгуулах нь ихээхэн хүчин чармайлт шаардах кампанит ажил болох нь тодорхой болоод буй.
Ядахад АН доторх ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сунгаа энэ жил их дуулиантай, олон нэр дэвшигчтэйгээр явагдаж олон нийтийн хамаг анхаарал энэ зүгт татагдаад байна.
Хэдий ийм боловч Трампыг 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох найдвар байгаа бололтой.
Улиран сонгогдохоор хичээж сөрөг намын дотоод сунгаа ид явж байх энэ цаг үед буюу 2020 оны 2-р сарын эхний судалгаануудаар Трампын рейтинг 49% байгаа нь сүүлийн гурван ерөнхийлөгч болох Б.Обама, Ж.Буш, Б.Клинтон нарынхтай харьцуулахад дунджаас өндөр байгаа юм. Олон нийтийн санаа бодлын Гэллап хүрээлэнгийн судалгаагаар 1996 оны 2-р сард Б.Клинтоны рейтинг 42%, 2004 оны 2-р сард Ж.Бушийн рейтинг 49 , Б.Обамагийн рейтинг 2012 оны 2-р сард 47 хувь байсан юм.
“Хөвөгч мужууд”-ыг татах Трампын стратеги
Тэрбээр сонгуульд ялахын тулд юуны өмнө Пенсильвани, Мичиган зэрэг 2018 оны Конгрессийн завсрын сонгуульд АН-ынхан ялалт байгуулсан “Хөвөгч мужууд”-ын сонгогчдыг өөртөө татах хэрэгтэй. Мөн Нью Хэмпшир, Миннесота зэрэг аядуу байр суурьтай сонгогчид бүхий мужийн сонгогчдоор дэмжигчдээ өргөжүүлэх ёстой гэж зөвлөхүүд нь үзэж байгаа юм.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн бусад улсаас ялгарах гол онцлог бол нэр дэвшигчдийн ялалт байгуулах боломжтой муж улсууд урьдаас тодорхой байдаг явдал юм. Тухайлбал Техас, Индиана, Миссиппи, Алабама, Өмнөд Каролина зэрэг Өмнөдийнхөн давамгайлсан 20 мужид БНН-ынхан ямагт ялалт байгуулж ирсэн бөгөөд эдгээрийг “Улаан мужууд” гэж нэрлэдэг бол Калифорни, Нью Йорк, Иллинойс, Массачусетс, Миннесота, Вермонт зэрэг 14 мужид АН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсаар ирсэн тул “Хөх муж” гэж нэрлэдэг байна.
Харин ерөнхийлөгчийн сонгуулиудад зарим жил БНН-д, зарим жилд АН-д саналаа өгч ирсэн, аль нэг намыг тогтвортой дэмждэггүй хөвөгч сонгогч ихтэй Аризона, Охойя, Колорадо, Флорида, Мичиган, Миннесота, Невада, Нью Хэмпшир, Хойд Каролина зэрэг 16 мужийг “Хөвөгч мужууд” хэмээн нэрлэдэг бөгөөд чухамхүү эдгээр мужид хоёр намын нэр дэвшигчийн аль олонх санал авсан нь ерөнхийлөгчөөр сонгогдож ирсэн байдаг. Тийм учраас жил жилийн сонгуулиар ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн кампанийн гол сурталчилгаа, тэмцэл эдгээр мужийн сонгогчид руу чиглэдэг, энэ мужуудыг “Тулалдааны талбар” гэж бас нэрлэдэг.
Тэгвэл 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп хоёр дахь удаагаа ялалт байгуулахын тулд “Хөвөгч мужууд”-ыг татахын тулд зөвлөхүүд нь хамаг байдгаа шавхаж байгаа юм.
Мексик болон Канадтай хийсэн худалдааны гэрээнүүд болон төрийн албан хаагч эцэг эхчүүдэд олгох цалинтай чөлөөний хууль нь хөвөгчдийг татахад нөлөөлнө гэж зөвлөхүүд нь тооцоолж байгаа юм. 2020 оны 10-р сарын 1-нээс эхлэх цалинтай чөлөөний хуулийн дагуу тухайн байгууллагадаа нэг жилээс доошгүй ажилласан бүх хүн хүүхэд гаргах, хүүхэд үрчлэх, хүүхэд асарсны гурван сарын цалинтай чөлөө авах эрхтэй болж байгаа юм. Холбооны төсвөөс энэ хуулийн хэрэгжилтэд зориулан 2021-2024 оны хооронд 3.3 тэрбум долларыг зарцуулах аж.
Мөн Трампын олны дундах дэмжлэг авч буй гол зүйл бол АНУ-ын эдийн засгийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлж буй явдал юм. Доорх бүдүүвчид Трампын тангаргаа өргөснөөс хойшх хугацаанд бий болгосон бүтэн цагийн болон хагас цагийн ажлын байрны тоог харуулав.
Трамп ерөнхийлөгч болсноосоо хойшх гурван жилийн дотор нийтдээ 4 сая гаруй ажлын байр бий болгосон.
Үүнийг задлан харвал 3.386 сая бүтэн цагийн ажлын байр, 491,000 хагас цагийн ажлын байрыг бий болгож чадсан байна. Энэ нь Обамаг ерөнхийлөгч байх үеийнхээс ажлын байрыг 3.1 хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг юм.
Трампын сурталчилгааны сувгууд
Трампын багаас сонгогчдыг татах акцуудыг сурталчлах, эдийн засгийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлж байгаа тухай зар сурталчилгаанд ихээхэн мөнгө зарж байгаа юм. Тухайлбал, 2019 оны сүүлийн гурван сард гэхэд л 6 сая долларыг зар сурталчилгаанд зарцуулсан байна.
Африк америк сонгогчид, хотын захын иргэд болон өндөр орлоготой цагаан арьст сонгогчдыг татахын тулд гэмт хэрэгтэнд шударга шийтгэл оноогдуулах талаарх шүүхийн шинэчлэлийн талаарх сурталчилгааг үндэсний хөл бөмбөгийн шувтаргын тоглолтын дундуур гаргаж байв. Мөн энэхүү сурталчилгааг Bravo and Lifetime зэрэг цэнгээнт хөтөлбөр ихтэй, эмэгтэйчүүд их үздэг телевизүүдээр явуулж байгаа юм.
Хэдий тийм боловч Трампын улс төрийн бодлого болон олон нийтэд түгээж буй мессежүүд ихэд зөрчилтэй байсаар. Түүний сонгуулийн кампани аль ч намыг хатуу дэмждэггүй хөвөгч сонгогчид руу чиглэдэг гэх боловч түүний Фейсбүүкийн сурталчилгаа нь “АНУ-ын дайснууд, халдлага, цагаачдын аюул” гэх мэт экстремист өнгө аястай хэвээр байна.
АН-аас хэн өрсөлдвөл Трампт эрсдэл авчрах вэ?
Дональд Трампын сонгогчдыг татах гэсэн тактик ийм байгаа ч чухамдаа түүний сонгуулийн стратегийг тодорхойлох гол зүйл бол АН-аас нэр дэвших өрсөлдөгч юм.
Трамптай өрсөлдөх АН-ын нэр дэвшигчийг тодруулах дотоод сунгаа түүхэнд байгаагүй олон өрсөлдөгчтэй бас дуулиантай болж байна. Сунгаа эхэлж байх үед 28 нэр дэвшигч өрсөлдөж байсан боловч рейтинг багатай нөхдүүд замын дундаас гарсаар өнөөдрийн байдлаар 11 хүн үлдээд байна.
Эдгээрээс АНУ-ын дэд ерөнхийлөгч асан, 77 настай Жо Байден хамгийн олон дэмжлэгтэйгээр тэргүүлж байгаа бол түүний араас 2016 оны сонгуульд Хиллари Клинтонтой АН-аас өрсөлдөж ялагдаж байсан сенатч Берни Сандерс, Харвард, Пенсильванийн их сургуулиудад багшилж байсан профессор 70 настай Элизабет Воррен явж байна. Нэгдүгээр сарын сүүлч, 2-р сарын эхний 7 хоногийн судалгааны дүнгээр энэ гурвын араас Нью Йорк хотын захирагч, тэрбумтан Майкл Блумберг, нэр дэвшигчдийн хамгийн залуу нь болох ижил хүйстэн, Индиана мужийн нэгэн жижиг хотын захирагч 37 настай Пит Бутижеж нар орж байгаа юм.
Тэгвэл АН-ын эдгээр нэр дэвшигчдээс хэн нь Трамптай өрсөлдөх бол, хэн нь өрсөлдвөл Трампт эрсдэл авчрах бол?
Wall Street Journal болон NBC News ТВ-ийн судалгааны дүнг доорх бүдүүвчээр харууллаа. Жо Баден АН-аас нэр дэвших тохиолдолд Трампын ялах магадлал буурахаар байгаа юм.
Дээрх бүдүүвчнээс харахад хэрэв Жо Байден, Дональд Трамп хоёр нэр дэвшихээр бол Байденг сонгоно гэж судалгаанд оролцогчдын 49%, Трампыг сонгоно гэж 44 хувь нь хариулжээ.
Мөн Берни Сандерс, Дональд Трамп хоёр нэр дэвшихээр бол Сандерсыг сонгоно гэж судалгаанд оролцогчдын 49%, Трампыг сонгоно гэж 46 хувь нь хариулжээ.
Үүнээс харахад Трампын хувьд одоогоор хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Жо Байден байгаа юм. Гэхдээ 11-р сарын 3-н болтол дахин есөн сарын хугацаа байгаа тул сонгуулийн үр дүнд нөлөөлөхүйц олон хүчин зүйл гарах нь ойлгомжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!