Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Капитал банкийг дампуурахад хүргэсэн зээлдэгчдийн нэрсийг дөрөвдүгээр сард зарлана

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Капитал банк дампуурч, Монголбанкнаас тус банканд эрх хүлээн авагч томилоод арван сар болж байна. 

Анх банкны эрхийг хүлээн авах үед 241 тэрбум төгрөгийн зээлийн багц, үүнээс 84.9% буюу 204.7 тэрбум төгрөгийн чанаргүй зээл байжээ. Тэгвэл зээлийн багц 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 211.7 тэрбум төгрөг байгаагаас 90.8% буюу 192.3 тэрбум төгрөгийг чанаргүй зээл эзэлж байна. Гэвч энэ тоо цаашид нэмэгдэх эрсдэлтэй байгааг Капитал банкны эрх хүлээн авагч М.Адилбиш өчигдөр анх удаа мэдээлэл хийхдээ хэлсэн юм. 

2019 оны эцсийн байдлаар 1,404 зээлдэгчийн 788 чанаргүй зээл байна. Үүнийг дэлгэрэнгүй харуулбал:

Зээлийн төлөв Дансны тоо Үлдэгдэл 2019.12.31 /сая төгрөгөөр/
Төлбөр төлүүлэх ажиллагаа хийгдэж байгаа Төлбөр төлүүлэх 188 33,216.93
Төлбөр төлүүлэх, гэрээний хугацаа дууссан 91 271.21
Шүүхэд хандах 41 38,694.67
Шүүхэд нэхэмжлэл гаргасан 92 47,863.91
Шүүхийн шийдвэртэй 63 22,846.06
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 203 46,754.08
ШШГ ажиллагаа хийгдэж дууссан 82 1,262.12
Эрэн сүрвалжлах захирамжтай 18 422.71
Хэвийн зээл 616 19,565.62
Бусад (дампуурсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гм) 10 785.56
Нийт дүн 1,404 211,682.87

Эндээс хэвийн зээлд тооцогдож байгаа нь ипотекийн зээл болон Хөгжлийн банк, ЖАЙКА зэрэг байгууллагын бага хүүтэй эх үүсвэрээр хэрэгжиж буй төслийн зээлүүд юм байна. 

Тайлант хугацаанд нийт 30.8 тэрбум төгрөгийн зээл, иргэд болон байгууллагын нийт 272.7 сая төгрөгийн авлагыг тус тус төлүүлжээ.
“Капитал банк”-ны санхүүгийн тайланд бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хөндлөнгийн этгээдээр үнэлүүлэх зорилгоор хуулийн этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, 10 компани оролцох хүсэлтээ ирүүлснээс “Гэрэгэ Эстимэйт”, “Итгэлт бээс”, “Лэндс” компани шалгарч, үнэлгээ хийжээ. Нийт 12,517 ширхэг 205.67 тэрбум төгрөгийн үлдэх өртөг бүхий үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, биет бус хөрөнгөд үнэлгээ хийлгэхэд 27.5 хувь буюу 56.55 тэрбум төгрөгөөр үнэ цэн бууч, 149.12 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн байна. 
Өнгөрсөн хугацаанд борлуулсан зарим зүйлсээс дурдвал:

  • Тайлант хугацаанд 3,660 ширхэг, нийт 1.4 тэрбум төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан байна. 
  • Банкны тавилга, эд хөрөнгийг худалдан борлуулахаар төв байрны 1 дүгээр давхарт болоп орон нутгийн Капитал бапкны салбарууд байсан байранд дэлгүүр нээн ажиллуулж, тайлант хугацаанд нийт 330 сая төгрөгийн компьютер, ширээ сандал, буйдан зэрэг хөрөнгийг худалдан борлуулсан.
  • Хадгаламжийн даатгалын корпорацтай хамтран нийт 354,260 иргэн, байгууллагын 44.7 тэрбум төгрөгийн харилцах, хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг ХААН банкаар дамжуулан олгосон.

Одоогийн байдлаар нийт өр, төлбөрийн үлдэгдэл 641.1 тэрбум төгрөг байгаа. Төлбөрийн дараалал буюу төлөгдөх жагсаалтын наймдугаарт Засгийн газрын буюу 29 эх сурвалжийн 562.6 тэрбум төгрөг багтаж байна. Тэдгээрээс дурдвал:

  • ЭМД-ын ерөнхий газрын 136 тэрбум
  • НД-ын ерөнхий газрын 104.1 тэрбум 
  • Хөгжлийн банкны 56.4 тэрбум
  • ЖДҮХС-ийн 42.9 тэрбум
  • Сангийн яамны 16.8
  • АШУҮИС-4.1 тэрбум
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар - 3.9 тэрбум
  • Нийслэлийн ЖДҮХС- 3.7 тэрбум
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар - 1.9 тэрбум
  • Татварын ерөнхий газар - 1.5 тэрбум (төлөх ёстой татвар) 
  • МУБИС - 2.9 тэрбум гэх мэт үргэлжилнэ. 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор “Капитал банк” ХХК, түүний охин компаниудын өмчлөлийн 220 гаруй үл хөдлөх хөрөнгө, газар битүүмжтэй байгаа талаар бид мэдээлсэн. Тиймээс банкны эрх хүлээн авагч эдгээр хөрөнгийг борлуулж, өр төлбөрийг барагдуулах ажил саатаад байгаа талаар Капитал банкны эрх хүлээн авагч М.Адилбиш хэлээд тус банкны актив гэж зүйл үлдэхгүйгээр мөнгөжүүлж, төлбөрийг барагдуулснаар эрх хүлээн авагчийн ажил дуусна гэдгийг тайлбарлав. Өөрөөр хэлбэл, энэ үйл явц хэдэн ч жил үргэлжилж мэдэх нь. Тухайлбал, “Зоос” банкны хохирлыг барагдуулах ажиллагаа 10 жил үргэлжилж байгаа бол “Хадгаламж банк”-ных долоо дахь жилдээ үргэлжилж байна. 

Капитал банкийг дампууруулахад хүргэсэн зээлдэгчдийн нэрийг өнгөрсөн хугацаанд огт зарлаагүй. Энэ талаар “Банкны эрх хүлээн авснаас хойш иргэд, улстөрчид гээд олон талаас зээлдэгчдийн нэрсийг зарлахыг шаардаж, хүссэн. Гэхдээ олон нийтэд ил зарлах нь зээл төлөх явцад сөргөөр нөлөөлнө хэмээн үзсэн тул зээлдэгчдийн нэрсийг зарлаагүй. Өнгөрсөн жил орчим хугацаанд бид аль болох өр төлбөрөө барагдуулах боломжийг нь олгож ажилласан. Харин 2020 он гараад албан мэдэгдэл хүргүүлсэн. Гуравдугаар сарын 31-н хүртэл хугацаа олгосон. Тэр хүртэл барагдуулаагүй зээлдэгчдийн нэрсийг бид дөрөвдүгээр сард зарлана” гэлээ.