Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Амьдралын хэв маягаа өөрчлөх замаар хорт хавдрын нийт тохиолдлын 30-50 хувиас сэргийлэх боломжтой

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2018 оны байдлаар Монгол Улсад хавдрын 6,073 шинэ тохиолдол оношлогдож, 4,412 хүн энэ өвчнөөр хорвоог орхижээ.

Энэ үзүүлэлтээрээ манай улс дэлхийд тэргүүлж байгааг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд нотолсон. Өнгөрсөн 2019 оны тоон үзүүлэлтүүд хараахан гараагүй байгааг энд дурдах хэрэгтэй.

Ийнхүү мянга мянгаараа үхэж буйн шалтгаан өвчтнүүдийн 77% нь хожуу үе шатандаа буюу III, IV үедээ оношлогдож ирдэг явдал. 2018 оны байдлаар аймаг, дүүрэг, мэргэшлийн эмнэлэгт 19 мянга гаруй хүн хорт хавдрын улмаас хяналтад байгааг судалгаанд дурджээ. 

Тэгвэл хавдрын улмаас нас барсан 3 тохиолдлын 1 нь илүүдэл жин, буруу хооллолт болон хөдөлгөөний хомсдолтой холбоотой байдгийг Хавдрын үндэсний зөвлөлөөс анхааруулсан байна.

Өөрөөр хэлбэл, амьдралын буруу хэв маягаас үүдсэн эдгээр эрсдэлт хүчин зүйлс дотроос илүүдэл жин хавдар үүсгэдэг талаарх баримт нотолгоо илүү их байдаг буюу илүүдэл жин хавдрын нас баралтын 5 тохиолдлын 1-ийнх нь шалтгаан болдог

Халдварт бус өвчний шалтгаанаар Монгол Улсын иргэд хамгийн ихээр нас барж байна гэсэн үг. Зарим үзүүлэлтийг бусад улс орныхтой харьцуулсан байдлаар ШУТИС, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор, дэд профессор, хоолзүйч М.Пүрэвжавын судалсныг энд онцолъё. 

Зураг 1. Монгол хүний эрүүл мэнд (2018)

 

Агуулга

Монгол

ОХУ

БНХАУ

Япон

БНСУ

1

Үхэлд эзэлж байгаа халдварт бус өвчин, %

80

87

89

82

80

2

Үүнээс зүрх судасны өвчлөл, %

40

55

43

27

23

3

Хорт хавдар, %

21

19

23

30

30

4

Шим тэжээлтэй холбоотой

10

5

4

13

10

5

Архины хэрэглээ, л/насанд хүрэгч

7

12

7

8

10

6

Насанд хүрэгчдийн давсны хэрэглээ, г/өдөр

13

11

12

12

13

7

Тамхи татдаг хувь

26

37

27

20

23

8

Таргалалт, насанд хүрэгч, %

20

26

7

4

5

9

Таргалалт, өсвөр насныхан, %

3

5

9

3

7

10

Чихрийн шижин, %

10

9

9

10

10

Хорт хавдрын нийт өвлөлийн 73 хувиас нь сэргийлж, хянах боломжтой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг.

Харамсалтай монголчуудын дийлэнхийнх нь амьдралын хэв маяг маш буруу, таргалалт, олон төрлийн хавдар, архаг өвчний суурь шалтгаан болсон сахар, чихрийн төрлийн хүнсний хэрэглээ 2015 оныхтой харьцуулахад 2.6 дахин нэмэгдсэн нь тодорхой харуулж байна. 

Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос 2019 оны арваннэгдүгээр сарын төгсгөлд нийтэд хүртээл болгосон “Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтүүд 2018” судалгаанаас харвал жишсэн хүн амын хүнсний бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ өмнөх оныхоосоо  0.1-3.5 мянган тонноор нэмэгджээ. Үүнээс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, мах, махан бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, сүүний хэрэгцээ 2.1-3.5 мянган тонноор нэмэгдсэн нь хамгийн өндөр өсөлттэй байна. Тэр дундаа сахар, чихрийн төрлийн хүнсний хэрэглээ 2015 онтой харьцуулахад 2.6 ДАХИН НЭМЭГДЭЖ, жилд 31,000 тоннд очсон байна. 

Зураг 1. Жишсэн нэг хүнд ногдох хүнсний бүтээгдэхүүний дундаж хэрэглээ, улсын хэмжээнд (2018)

 
Эх сурвалж: ҮСХ

Жишсэн нэг хүний хоногийн хүнсний хэрэгцээг улсын дундаж бодит хэрэглээтэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил зонхилон хангагдчихаад байгаа боловч жимс, жимсгэнэ, хүнсний ногоо хангалтгүй хэвээр байна. Түүнчлэн бодитойгоор гарсан жишсэн нэг хүний хоногт хүнснээс авсан илчлэг, шим тэжээлийн хэмжээ нь жишсэн нэг хүний хоногт хүнснээс авах ёстой илчлэг, шим тэжээлийн нормоос давсан байгааг харж болно. Энэ бол таргалалт, илүүдэл жингийн нэг том шалтгаан.

Ийнхүү хэт хэрэглэснээс илчлэг байх ёстой хэмжээнээс их авч байгааг дараах зураг харуулна.  

Зураг 2. Жишсэн нэг хүний хүнснээс авах илчлэг, шим тэжээл, улсын дундаж(хот хөдөөгөөр)

 
Эх сурвалж: ҮСХ

Жишсэн хүн ам гэж насны бүлэг тус бүрийн хүний тоог шилжүүлэх итгэлцүүр ашиглан ижил түвшний дундаж хүнд шилжүүлэн тооцсон хүн амыг; 

Жишсэн нэг хүний хоногийн хүнсний хэрэгцээ гэж бодисын үндсэн солилцоо, бие мах бодийн эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа, эд эсийн нөхөн төлжилт, илч зарцуулалтыг нөхөхөд нэг хоногт шаардагдах илчлэг, шимт бодисуудын хэмжээ, тэдгээрийг хангах хүнсний бүтээгдэхүүний хэмжээг хэлнэ.

Түүнээс гадна АШУҮИС-ийн мөн 2018 онд хийсэн Хүн амын хоол шим тэжээлийн V судалгаагаар насанд хүрэгчдийн дунд ч таргалалт, зүрх судасны өвчний тархалт түгээмэл байгаа бөгөөд ирээдүй болсон хүүхдүүдийн дунд чихэрлэг ундааны хэрэглээ нэлээд өндөр байгааг онцолжээ. Тодруулбал, 7-11 насны хүүхдүүдийн 80.9% өнгөрсөн долоо хоногт хамгийн багадаа нэг удаа, 20.3% нь долоо хоногт хэд хэдэн удаа, 4.1% нь өдөрт нэг ба түүнээс олон удаа чихэрлэг ундаа уудаг болохоо хэлж байж. 

Монгол Улсын хүн амын дунд таргалалтын тархалт 2010-2017 оны хооронд 2 дахин, 7-11 настай хүүхдийн дунд 7 дахин нэмэгдсэн судалгаа бий. Чихэр агуулсан ундааг онцлон тайлбарлаад буйн шалтгаан нь энэхүү бүтээгдэхүүний хэрэглээ таргалалтыг 5 дахин нэмэгдүүлдэг байна. 

Хэрэв Та жилийн турш, өдөрт 500 мл буюу нэг чихэрлэг ундаа авч уух нь жилд 22 кг элсэн чихэр идсэнтэй дүйдэг болохыг АШУҮИС-ийн судалгаанд онцолжээ. Харин өдөрт 1-2 стакан чихэрлэг ундаа тогтмол уугаад байвал 6 сарын дараа таны биед 

  • Цусны даралт ихсэх, 
  • Цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх
  • Биеийн дотор өөхний хэмжээ нэмэгдэх
  • Чихрийн шижингээр өвчлөх эрсдэл 26%-аар ихэсдэг ажээ.

Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өдөрт бүх эх сурвалжаар хэрэглэж буй чөлөөт чихэр 6 цайны халбагаас хэтрэхгүй байхыг анхааруулж байна. 

Бид өөрсдөө анзаарахгүй ч зөвхөн ундаагаар дамжуулан ямар их буруу зуршил, хэв маяг, хэрэглээтэй болж буйг дараах ганц тоо л хангалттай илтгэнэ. 

Монгол Улсын нэг иргэнд ногдох зөвхөн элсэн чихрийн хэрэглээ 1921 онд ердөө нэг кг байжээ. Гэтэл энэ тоо 1990 онд 4 кг болсон бол 2017 онд 20 кг болж, 17 жилийн хугацаанд 5 дахин нэмэгджээ. Нэг ёсондоо монголчууд мөнгөөрөө өвчин худалдан авч байгаа бөгөөд энэ тухай бид өмнө нь хөндөж байв. Монголчууд жилд 210 сая литр чихэрлэг ундаа худалдан авахад 522 тэрбум төгрөг зарцуулж байгаа ба энэ нь ЭМЯ-ны төсвийн 70%-тай тэнцэх тоо. Энэ бол эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа нийт мөнгөний ⅓-тэй тэнцэх хэмжээний мөнгө болохыг АШУҮИС тооцож, гаргасан байгаа юм. 

Өвчин худалдаж авч байгаа гэж хэлэх үндэслэл нь Дэлхийн өвчлөлийн хүндрэлийн тухай судалгаанд дурдсанаар таргалалттай уялдаатай үүсдэг өвчнүүдийг дараах байдлаар нэрлэжээ. Үүнд:

ХАВДАР

  1. Улаан хоолойн хорт хавдар
  2. Элэгний хавдар
  3. Цөсний замын хавдар
  4. Нойр булчирхайн хавдар
  5. Хөхний хавдар
  6. Умайн хавдар
  7. Өндгөвчний хавдар
  8. Бөөрний хавдар
  9. Бамбай булчирхайн хавдар
  10. Цусны хавдар

АРХАГ ӨВЧИН

  1. Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал
  2. Тархины цус харвалт
  3. Артерийн даралт ихсэх өвчин
  4. Чихрийн шижингийн 2 дугаар хэлбэр
  5. Бөөрний архаг дутагдал
  6. Яс, үений үрэвсэл
  7. Ууц нуруугаар өвдөх хам шинж гэсэн 10 төрлийн хавдар, долоон төрлийн архаг өвчин багтсан байна. 

Тиймээс чихэрлэг хүнс, сахарын хэрэглээг бууруулснаар дээр дурдсан энэ олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой аж. АНУ хоолоор үйлчилдэг газруудад үнэ төлбөргүй ус уух боломжийг бүрдүүлснээр Нью-Йорк мужид л гэхэд 2007-2015 онд насанд хүрэгчдийн чихэрлэг ундааны хэрэглээ 34%-иар буурч чаджээ. Дээрх өвчнүүдийн ганцхан шалтгааныг ийнхүү өөрчилснөөр томоохон ахиц гаргах боломжтой тоо баримтууд ийнхүү өгүүлэх аж.

Амьдралын хэв маягаа өөрчлөх замаар хорт хавдрын нийт тохиолдлын 30-50 хувьд нь сэргийлэх боломжтойг ДЭМБ сануулсаар байгаа билээ.