Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

16 жилийн өмнө хүний амь хөнөөсөн этгээдийг илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймагт 2004 оны тавдугаар сард гадны нөлөөтэйгээр иргэн Т-ийн амь нас хохирч байжээ. Уг хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ хэллээ. 

Хэргийг 1968 онд төрсөн А гэгч нь хувийн тааламжгүй харилцаанаас үүдэн үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Дорноговь аймгийн цагдаагийн газрын алба хаагчид 16 жилийн дараа илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэв.

Тодруулбал, 2004 оны тавдугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт иргэн Т нь модноос дүүжлэгдсэн байдалтай нас барж тухай үед Дорноговь аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 /Хүнийг санаатай алах/ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.

Тэгвэл уг хэргийг Дорноговь аймгийн харьяат 52 настай эрэгтэй А гэгч нь үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны ХҮнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Дорноговь аймгийн Замын үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран илрүүлсэн байна.

Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй А гэгч нь иргэн Т-гийн амь насыг санаатай хохироож модноос дүүжилсэн болохоо мэдүүлсэн ажээ.