Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Электролизийн усыг томуугийн үед ашиглавал дэгдэлтийг 50% бууруулах боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Цочмог хүндэрдэг амьсгал дутагдлын хам шинж буюу SARS (Severe Acure Respiratory Syndrome) гэх вирусийн халдвар 2003 онд анх БНХАУ-д гарч, дэлхийн 29 улсын 8,000 хүн халдвар авснаас 774 нь нас барснаар 114 хоногийн дараа дэгдэлт зогссон байдаг.

Уг вирусийн тархалтын үед БНХАУ ариутгал халдваргүйжүүлэлтэд электролизийн ус/+iON ус/ ашигласан байдаг ч тэр талаараа мэдээлээгүй. Хожим нь Италийн эрдэмтэд олж тогтоон, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байв.

Түүнчлэн сүүлийн 50 гаруй жилийн турш АНУ, Япон, Канад, БНХАУ-д халдваргүйжүүлэлт, төрөл бүрийн халдварт өвчний тархалтыг зогсооход ашиглаж буй тэрхүү  электролизийн усыг улирлын томуугаас урьдчилан сэргийлэх зориулалтаар ашиглаж, халдварыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой талаарх судалгааг "Ногоон титэм" лабораторийнхон хийжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар “Ногоон титэм” лабораторийн захирал, судлаач Б.Алтангэрэлтэй ярилцлаа.

- Улирлын томуугийн дэгдэлтийг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой гэсэн судалгааны үр дүнгээ тодорхой танилцуулахгүй юу?

- Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлийг сүүлийн 10 жилийн байдлаар харахад амьсгалын тогтолцооны өвчлөл тэргүүлж, 2018 онд л гэхэд эмнэлэгт хандсан хүүхдүүдийн 73% нь амьсгалын замын өвчний улмаас ирсэн байдаг. Энэ өвчлөл нь санхүүгийн хувьд өрхөд дарамт болдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг ч улирлын томуугийн үед нэг өрхөөс хэдэн төгрөгийн эмчилгээний зардал гарч байгааг тодорхойлсон судалгаа байдаггүй.

Түүнээс гадна ханиад хүрээд эмнэлэгт очихдоо өөр төрлийн вирусийн халдвар нэмж авах, илүү хүндээр өвдөх тохиолдол байдаг. Тиймээс эмнэлгийн орчинд электролизийн усыг ариутгал, хадваргүйжүүлэлтэд ашиглавал үр дүнтэй байх эсэх талаар бид хоёр жилийн өмнөөс судалж эхэлсэн.

Ингээд мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв(ЗӨСҮТ)-ийн лаборатори гээд холбогдох газруудад хандаж, хамтран ажилласны үр дүнд судалгааны дүн 2019 оны арванхоёрдугаар сард эцэслэгдэн гарч, томуугийн үед бүх дүүргийн эмнэлэг болон өрхийн эмнэлгүүдэд ашиглавал халдварыг 50 хувиар бууруулах боломжтой гэж дүгнэсэн.

- Ариутгал, халдваргүйжүүлэлтэд түгээмэл ашигладаг хлораминтай уусмал, спирттэй харьцуулбал ямар онцлог, давуу талтай вэ?

- Электролизийн ус гэдэг нь хлорын ионыг салгаж аваад устай хольж, цахилгаанжуулсныг хэлж байгаа юм. Маш энгийн бүтэцтэй.

 

Хурц үнэргүй, арьсны харшил үүсгэдэггүйн дээр вирусийг үр дүнтэй устгадаг учраас АНУ, Канадад олон нийтийн газрын цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд түгээмэл ашигладаг юм билээ.    

Мөн энгийн хлорын уусмал болон спиртийг бодвол удаан үйлчилгээтэй. Учир нь цахилгаанжуулах явц нь ионыг усны молекулаас салахааргүйгээр нэгтгэдэг. Тухайлбал, спиртийн уусмалыг агаарт цацахад спирт нь ууршиж, ус нь агаарт үлддэг.

Хлораминтай уусмалаар цэвэрлэгээ хийхэд агаарт 3-5 хувийн хлорамин дэгддэг. Харин электролизийн усыг агаарт цацахад 0.005 хувийн гипохлорын ион бий болох ч үйлчилгээ нь яг адилхан.

Бид Японд хийгдсэн судалгаануудын үр дүнг харсан. Учир нь электролизийн ус манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг ч Монголд хийгдсэн судалгаа байгаагүй тул ийн судалгаагаа хийсэн юм.

 

Электролизийн ус үйлдвэрлэх цехийг Японоос оруулж ирсэн бөгөөд спиртийг бодвол хямд өртгөөр үйлдвэрлэгддэг. Усаа савлах хуванцар сав нь л Монголд хамгийн үнэтэй тусаж байна.

- Сүүлийн үед ионжуулагчгүй агаар цэвэршүүлэгч сонгохыг зөвлөдөг болсон. Гэтэл ионжуулсан ус санал болгож байгааг та юу гэж тайлбарлах бол?

- Агаар цэвэршүүлэгчид байдаг ион нь + цэнэг үүсгэдэг учраас татгалзахыг зөвлөдөг болсон. Харин электролизийн ус бол хлорын ионтой. Хлорын ион хлораминтай адил ариутгал халдваргүйжүүлэлтийн үүрэгтэй.

- Энэ усыг яаж ашиглах вэ. Агаарт цацах юм уу, эсвэл хлораминтай уусмал шиг цэвэрлэгээнд хэрэглэх үү, ямар хэмжээний зардал гарах вэ?

- Агаарт цацна. Ингэж ашиглахад ямар хэмжээний зардал гарах дээр бид тооцоолол хийсэн. Есөн дүүргийн 12 амбулатори, 150 өрхийн эмнэлэг нийтдээ 72,000 м/кв талбайтай юм байна лээ. Эмнэлгүүдэд агаар чийгшүүлэгч суурилуулан, хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл электролизийн усыг агаарт цацаж ашиглана. Ойролцоогоор 50 м/кв талбайг чийгшүүлдэг төхөөрөмж өдөрт хоёр литр шингэнийг агаарт цацдаг. Ингээд тооцоход эмнэлгээр үйлчлүүлж байгаа нэг хүүхдэд ногдох зардал  1,800 орчим төгрөг байгаа.

Эмнэлэгт очиж үзүүлэхдээ нэмж халдвар авахгүй байх нөхцөл бүрдүүлэхэд 1,800 төгрөгийн зардал гарч байна л гэсэн үг. Гэтэл бид ханиад хүрсэн хүүхдэдээ эм худалдаж авахдаа гар татдаггүй. Эмчийн зөвлөсөн бүх эмийг авч өгөхөд хэдэн төгрөг ч байсан хамаагүй зарлагаддаг. Үүнтэй адил зайлшгүй хэрэгцээ гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрөх байх. Тиймээс өвчлөлөө бууруулах, зардал хэмнэх шийдлийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа юм.

- Хүүхдээ эмнэлэгт аваачиж үзүүлнэ гэдэг үнэхээр хүнд асуудал. Эмнэлэгт үзүүлж ирээд хүндрэх тохиолдол байгааг эмнэлгийн байгууллагууд ч хүлээн зөвшөөрдөг. Энэ нөхцөлд эмнэлгийг халдваргүй орчин болгох санаачилга гаргасанд талархаж байна. Гэхдээ яг электролизийн усны  үр дүнг баталсан баримт бичиг байгаа юу, туршилтууд хийгдсэн үү?

- Дээр дурдсанчлан электролизийн ус Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн.

  • МХЕГ-ын лабораторид шинжлүүлэхэд “Ариутгал халдваргүйжүүлэлтэд ашиглах боломжтой” гэсэн дүгнэлт гарсан.
  • Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ёс зүйн хороогоор хэлэлцүүлж, дөрвөн долоо хоногийн турш эмнэлгийн орчинд өвчтөнүүдэд хэрэглүүлж туршихад  “Ямар нэгэн гаж нөлөө илрээгүй” гэсэн дүгнэлт гаргасан.
  • ЗӨСҮТ-ийн лабораторид боом, тарваган тахал гээд малаас хүнд халддаг өвчний вирусийг өсгөвөр дээр тавиад хамт электролизийн усаа хийхэд өсөхгүй байна гэсэн. Энэ нь тухайн вирусийг дарангуйлж байна гэсэн үг.
  • Мөн хатгалгааны вирусийг устгадаг талаар олон улсын судалгаануудад дурдагдсан байдаг.

- Гэртээ агаар чийгшүүлэгч төхөөрөмжтэй бол ашиглаж болох нь ээ?

- Тийм ээ. Мөн тоосруулж цацдаг саванд хийгээд тасалгаандаа цацаж болно. Жижиг саванд хийгээд биедээ авч яваад санитолын оронд ч хэрэглэж болох бөгөөд спиртгүй, хурц үнэргүй учраас арьсыг цочроохгүй, харшил өгөхгүй.

Тоосруулж цацдаг 100 мл-ээр савласан электролизийн усыг 2,500 төгрөгөөр, 2 л-ийн савлагаатайг 9,000 төгрөгөөр худалдаалж байгаа.

-Эмнэлгүүдэд ашиглах санаачилгаа ЭМЯ-нд танилцуулсан уу?

- Танилцуулсан. Хоёр ч газрын дарга нь судалгааны үр дүнтэй танилцаад нааштай хариу хэлсэн. Гэхдээ албан ёсны хариуг бол эргэж мэдэгдээгүй байна.

-Коронавирусийн халдварын асуудал анхаарал татаж байна. Энэ халдварын үед ашиглахад үр дүнтэй юу?

-Коронавирусийг дэлхий дахин таньж мэдээгүй байна. Үр дүнд хүрч магадгүй. Энэ нөхцөлд үнэнээ л хэлэх ёстой.

ВИДЕО ТАНИЛЦУУЛГА:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.