Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Женерал Моторс компани цахилгаан хөдөлгүүртэй HUMMER-ийн анхны танилцуулгыг гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Женерал Моторс компани HUMMER брэндийг зах зээлд дахин гаргах болсон талаар мэдээлэл өмнө нь тарж байв. Шатахууны өндөр хэрэглээтэйгээрээ алдартай байсан энэ загварын автомашин одоо бүрэн цахилгаан пикап болж зах зээлд дахин мэндлэх юм.

Тэгвэл өчигдөр тус компани энэ төслийнхөө талаар анх удаа товч мэдээлэл тараажээ. Тодруулбал ирэх Ням гарагт АНУ-д болох Super Bowl тэмцээний үеэр үзүүлэх видео сурталчилгааны хураангүй материалыг нийтэд тараасан байна.

Уг танилцуулгад үзүүлснээр шинэ HUMMER нь 1,000 морины хүчтэй цахилгаан хөдөлгүүртэй байх бөгөөд 0-ээс 96 км/цаг хурдыг гурван секундийн хугацаанд гаргах чадалтай байх гэнэ.

Шинэ HUMMER-ийг тавдугаар сарын 20-нд нийтэд үзүүлж, 2021 оны сүүлээр зах зээлд гаргана.

HUMMER брэндийн SUV ангиллын автомашиныг Женерал Моторс дэлхийн эдийн засгийн хямралын дараа буюу 2010 онд үйлдвэрлэхээ зогсоож байв.

Харин сүүлийн жилүүдэд SUV болон пикап төрлийн автомашины хэрэглээ АНУ-д эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан 10 орчим жилийн дараа шинэчилж гаргахаар болжээ.

Эх сурвалж: The Verge