Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Японы тэрбумтан сар руу хамт аялах найз бүсгүй хайх ажлаа зогсоолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Японы онлайн худалдааны салбараас төрсөн тэрбумтан Юсаку Маезава энэ сарын эхээр сар руу хамт аялах найз бүсгүй сонгон шалгаруулах гэж байгаагаа зарласан билээ.

Тэрээр SpaceX компанийн сарыг тойрон аялах сансрын хөлөгт суух тийзийг хамгийн анх худалдаж авсан хүн юм. Маезава ганц өөртөө биш, хэд хэдэн суудал захиалж, их мөнгө төлсөн байна.

Тэрээр сарны аялалын талаар уран бүтээл туурвих хүмүүсийг дагуулж явахаа амлаж байв. Харин саяхан тэр хамт аялах найз бүсгүй сонгон шалгаруулах болсноо зарласан юм.

Маезава энэ сонгон шалгаруулах ажиллагаагаа “Full Moon Lovers” нэртэй реалити шоу болгох төлөвлөгөөтэй байв. Нийтдээ 28,000 орчим эмэгтэй тус шоунд бүртгүүлжээ.

Гэтэл Маезава өнөөдөр “хувийн шалтгаан”-ы улмаас шоугаа зогсоож, найз бүсгүй шалгаруулах санаагаа орхиж байгааг зарласан байна.

Тэрээр твиттер хуудсандаа “Хэдийгээр би шоуг бүтээх чин хүсэлтэй байсан ч ингэх нь зөв үү гэсэн эргэлзээ миний толгойд эргэлдсэн хэвээр байлаа. Зориг зүрхтэй 27,722 эмэгтэйн үнэтэй цаг завыг үрж, амиа бодсон шийдвэр гаргаж байгаадаа би гүнээ харамсаж байна. Бүртгүүлсэн бүсгүйчүүдээс гадна шоуг бүтээж байгаа AbemaTV-гийн ажилтнууд зэрэг олон хүний сэтгэлийг гонсойлгож байгаадаа чин сэтгэлийн уучлалт гуйж байна” гэж бичжээ.

Маезава нь төлөвлөсөн ажлаасаа буцдагаараа алдартай нэгэн юм. 2017 онд тэр өөрийн Zozotown платформоор дамжуулан биеийн хэмжээсийг тодорхойлдог технологи бүхий бариу өмсгөлийг олон сая ширхэгийг үнэгүй тараах санаагаа зарлаж байжээ. Ингэснээр хүмүүс онлайн дэлгүүрээс яг таарсан хувцсаа захиалдаг болох байв. Гэвч жил орчмын дараа тэр үл бүтэх санааны улмаас санхүүгийн асуудалд орсноо зарлаж, АНУ, Европ дахь дэлгүүрүүдээ хааж байжээ. 

Тэр цагаас хойш компанийнх нь хувьцааны үнэ тасралтгүй унаж эхэлсэн тул есдүгээр сард тэр бизнесээ Yahoo Japan-д зарж, гүйцэтгэх удирдлагын ажлаа өгсөн юм.

 

Эх сурвалж: The Verge