Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэцдийн зөвлөл хуралдахгүй бол Цагаан сарын барилдаанд оролцохгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын үндэсний бөхийн асуудлаар бөхчүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийг хуралдуулах, “Их Эе”-ийн хуралдааныг яаралтай зарлан энэ сарын 10-ны дотор хуралдуулахыг шаардаж, хоёр бөхийн холбоонд мэдэгдэл хүргүүллээ.

"Хэрэв хуралдахгүй бол Цагаан сарын барилдаанд барилдахгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мэдэгдлийг Монгол Улсын гарьд Б.Гончигдамба уншиж танилцуулав.

Тэрбээр "Энэ цаг үед барилдаж буй бөхчүүдэд олон асуудал тулгарч байна. Тиймээс бид Монголын бөхийн холбоонд мэдэгдэл хүргүүлэхээр нэгдсэн.

Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийг хөгжүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх, алдаршуулах, хамгаалах, соёлын харилцааг төлөвшүүлэхээр байгуулагдсан ч чиг үүргийнхээ дагуу ажиллахгүйгээр зогсохгүй хоорондоо талцан хуваагдсаар өнөөдрийг хүрлээ. 

Монголын Үндэсний бөхийн холбоо сүүлийн 10 гаруй жил аймаг, дүүргийн баяр наадмаас цол авсан бөхчүүдийн цолыг хураах зэрэг асуудалд дур мэдэн шийдвэр гаргах болсон.

Үндэсний их баяр наадмын тухай хуулииг зөрчиж байгаа боловч өнөөдрийг хүртэл энэхүү асуудалд ямар нэгэн тайлбар, мэдээлэл, залруулга хийхгүйгээр Үндэсний баяр наадмын бөхийн барилдааны оноолтыг будлиантуулах асуудал нь даамжирсаар байна.

Иймд энэхүү асуудлыг хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд шийдвэрлэх шаардлага бий болсон.

Мөн сэргээшийн асуудалд анхаарал хандуулахгүй байгаа нь үндэсний бөхийн ёс жудаг уламжлалыг уландаа гишгэж байна гэж бид үзэж байна. Одоог хүртэл ямар нэг мэдэгдэл гаргахгүй байгаа нь энэ асуудлыг улам өөгшүүлж байгаа хэрэг бөгөөд энэ нь МҮБХолбоо Үндэсний бөхийн дүрэмд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байгаагийн илрэл.

Иймд бид яаралтай буюу хоёрдугаар сарын 10-ны дотор Цэцдийн зөвлөлийг хуралдуулахыг шаардаж байна" гэлээ. 

Мөн тэрбээр "Хэрэв хуралдахгүй бол Цагаан сарын барилдаанд барилдахгүй" гэдгийг нэмж хэлсэн юм.

Түүнчлэн сэргээш хэрэглэж байгаа бөхчүүд, зарж борлуулж байгаа хүмүүс буруутай. Мөн хэрэглэж байхад нь арга хэмжээ авахгүй байгаа Бөхийн холбоо буруутай. Үүнийг хуулийн байгууллага шалгахыг хүсэж байгаагаа илэрхийллээ.

"Олон жил талцал хуваагдлыг цэглэж, нэгдэхийн төлөө бид гарын үсэг зурсан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын аварга С.Батсуурь "Олон жил талцал хуваагдлыг цэглэж, бөхчүүд маань өнөөдөр нэгдэхийн төлөө гарын үсэг зурсан.

Нийт бөхчүүд маань Үндэсний бөхийн соёлоо өвлүүлэхийн төлөө гар бие оролцож, МҮБХолбоотой хамтрахыг хүсэж байна.

Түүнчлэн 2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хууль хоцрогдсон. Үүнийг  цаг үетэйгээ нийцүүлж, шинэчлэх шаардлагатай гэж үзэж байна" гэв.

Мөн тэрбээр допингийн асуудлаар хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд камерийн хяналттайгаар шинжилгээ өгч байгаа. Дэлхий нийтээр допингтой тэмцэж байхад Монголд энэ асуудал даамжирсаар байгаа нь бөхчүүдийг талцал хуваагдалд хүргэж байна.

Тэрнээс баруун, зүүн аймгаараа талцаж буй асуудал энд байхгүй" гэдгийг онцлов.

"Их эе хуралдах цаг болсон байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Допингийн шинжилгээний тухайд Монгол Улсын арслан Ц.Содномдорж хэлэхдээ "Их эе хуралдах цаг болсон байна. Эд барилдаж байгаа бөхчүүдийн эрх ашиг алдагдаж байна. Шударга үнэн алдагдаж байна. Энэ бүгдийг цэглэж, цаашдаа нэгдэж Үндэсхий бөхийн холбоогоо эвтэй авч явья гэж бодож байна" гэж байр сууриа илэрхийлэв.

Мөн допингийн талаар "Энд ирсэн бөхчүүд бүгд шинжилгээнд орсон. Бид бүгд камерын өмнө зөвхөн дотуур хувцастайгаа байж байгаад эмчийн хяналт дор шинжилгээнд ордог. Энд ямар нэг будлиан гарах боломжгүй гэж үзэж байна" гэв.

"Бид маргалдагч эсвэл сөргөлдөгч талууд биш"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын заан Д.Баасандорж "2018 онд байгуулагдсан холбоо Цэцдийн зөвлөлөө нэг ч удаа хуралдуулаагүй.

Цэцдийн зөвлөлийг хуралдуулж ээлжит бус "Их эе"ээ хийхийг хүсэж байна.

Түүнчлэн допингийн шинжилгээг илүү нарийвчлах хэрэгтэй. Бид маргалдагч эсвэл сөргөлдөгч талууд биш. Допингийн шинжилгээ авах үйл явцыг тодорхой болгох хэрэгтэй. Тухайлбал, унасан бөх нь гэрчээр ордог байх, итгэмжлэгдсэн лабораториос гадна хөндлөнгийн хяналт, эмч баг оруулах хэрэгтэй" гэв