Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн алт үйлдвэрлэл 2020 онд 40%-иар буурна

Г.Төгс
2020 оны 1 сарын 20
www.mongolianminingjournal.com
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ.

Тус компанийн мэдээлж байгаагаар өнгөрсөн онд Оюутолгой уурхайн зэс үйлдвэрлэл 146.3 мянган тонн, алтных 242 мянган унцаар хэмжигдсэн байна. Тодруулбал өнгөрсөн онд зэсийн үйлдвэрлэл төлөвлөгөөт хэмжээ болох 125-155 мянган тоннын түвшинд хүрсэн бол алтны хувьд зорилтот хэмжээ болох 220 мянган унцаас даруй 10%-иар өндөр байжээ. Баяжуулах үйлдвэрт оруулсан нийт хүдрийн хэмжээ 40.8 сая тонн байсан бөгөөд энэ нь 2018 оны дүнгээс 5%-иар ахиу дүн боллоо.

2019 оны дөрөвдүгээр улиралд 32.9 мянган тонн зэс, 24.3 мянган унц алт агуулсан баяжмал үйлдвэрлэсэн байна. Энэ нь 2018 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад буурсан дүн бөгөөд гарц багассан нь ил уурхайн хүдрийн олборлолт 4а болон 6а үе шатнаас бага агуулгатай 4b болон 6b үе шат руу шилжих болсонтой холбоотой ажээ.

2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.

Гэхдээ 2021 оноос ил уурхайн агуулга өндөртэй хэсэг рүү орохоор байгааг компани тайлбарлажээ.  Өөрөөр хэлбэл ирэх 2021 онд зэсийн үйлдвэрлэл 170-200 мянган тонн, алтны үйлдвэрлэл 450-500 мянган унцид хүрэхээр байна. Ийнхүү үйлдвэрлэл өсөх дүр зураг нь ил уурхайн агуулга өндөртэй хэсэг рүү шилжихээс гадна далд уурхайгаас гаргасан хүдрийг ашиглах хэмжээ нэмэгдэхтэй холбоотой юм байна.

2020 онд үйл ажиллагааны зардал 800-850 сая ам.доллар байна гэж тооцоолсон бол далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд 1.2-1.3 тэрбум ам.доллар, ил уурхайн тоног төхөөрөмжийн зардалд 80-120 сая ам.доллар зарцуулна гэж тооцжээ. Гэхдээ гүний уурхайн зардлын тооцоонд Тавантолгойн цахилгаан станцын зардлыг оруулаагүй болохыг тэмдэглэсэн байна.

Туркойз Хилл далд уурхайн хөндлөн нэвтрэлт өнгөрсөн арванхоёрдугаар сард 1809 метрт хүрсэн нь дээд амжилт тогтоосон бөгөөд гүний уурхайгаас олборлосон материалыг (хуучнаар Босоо ам 2 буюу) Үйлдвэрлэлийн амаар тээвэрлэж буйг онцолжээ.

Босоо ам 3 болон 4-ийн бүтээн байгуулалтын ажил урагшилж буйг тэмдэглэсэн бөгөөд далд уурхайн шинэчилсэн судалгааг төлөвлөсний дагуу 2020 оны эхний хагаст багтаан дуусгахаар ажиллаж байгаа ажээ.

Дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлан мэдээ өчигдөр цацагдсаны дараа Туркойз Хилл-ийн хувьцааны ханш Торонтогийн хөрөнгийн бирж дээр 4.55%-иар өссөн байна.

Хүснэгт. Оюутолгойн баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ 2019 оны байдлаар

   2019 оны  Эхний хагас 2018 оны нийт дүн 2019 оны нийт дүн  
2019 оны  
   
4-р улирал  
Ил уурхайгаас олборлосон материал (мян.тн) 28,122 48,351 91,310 101,316
Боловсруулсан хүдэр (мян.тн) 11,088 19,649 38,738 40,777
Баяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн дундаж агуулга:
Зэс (%) 0.42 0.51 0.51 0.45
Алт (гр/тн) 0.15 0.44 0.36 0.29
Мөнгө (гр/тн) 1.06 1.23 1.22 1.13
Үйлдвэрлэсэн баяжмал (мян.тн) 152.6 390.7 724.9 674.6
Баяжмал дахь зэсийн дундаж агуулга (% Cu) 21.6 21.8 21.9 21.7
Үйлдвэрлэсэн баяжмал дахь метал:
Зэс (мян.тн) 32.9 85 159.1 146.3
Алт (мян.унц) 24.3 192 285 241.8
Мөнгө (мян.унц) 190 486 914 866.6
Борлуулсан баяжмал (мян.тн) 157.5 410.3 746.4 724.7
Борлуулсан баяжмал дахь метал:
Зэс (мян.тн) 32.3 85.1 156.7 149.9
Алт (мян.унц) 24.7 213 248 273.6
Мөнгө (мян.унц) 243.6 445 873 895.9
Метал авалт (%)
Зэс 74.2 82.2 81.4 78.7
Алт 48.2 68.2 65.2 63.6
Мөнгө 53.5 61.2 60.9 58.1
Зураг