Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газрын сайд аав болж, анх удаа “эцгийн амралт” авлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Японы ерөнхий сайд асан Жүничиро Коизүмигийн хүү, байгаль орчны сайд Шинжиро Коизүми саяхан аав болсон тул хоёр долоо хоногийн амралт авах болсноо өнөөдөр зарлажээ.

Энэ нь Японы орчин үеийн түүхэнд анхны тохиолдол болж байгаа гэнэ. 38 настай Шинжиро өнгөрсөн оны есдүгээр сард Абэгийн засгийн газарт сайдын албан тушаал хаших болсон юм. Ингэснээрээ тэр дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Японд төрсөн гурав дахь залуу сайд болж байв.

Тэрээр сайд болохынхоо өмнөхөн Японы телевизийн алдартай хөтлөгч, 42 настай Кристел Такигаватай гэрлэж байжээ.

Залуу сайд гурван сарын хугацаанд нийтдээ 14 хоногийн амралтыг цувуулан эдлэх бөгөөд амрах хугацаанд гэрээсээ ажиллах боломжтой байх гэнэ. 

Өмнө нь тус улсын түүхэнд засгийн газрын сайд хүн хүүхэдтэй болсныхоо дараа амралт авч байсан түүх байдаггүй. Энэ шинэ жишиг нь амралтгүй, урт цагаар ажилладаг соёлтой Японы нийгэмд сайн үлгэр дууриал болно гэж ажиглагчид дүгнэж байна.

Шинзо Абэгийн засгийн газар хүн амын өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа ч ажлын байрнаасаа салах дургүй хуучны соёл нь амь бөхтэй хэвээр байгаа юм.

Одоогийн хуулиар эцэг, эх болсон хүмүүс аль аль нь нэг жил хүртэл амралт эдлэх боломжтой болсон. Үүнээс гадна хүүхдэд нь цэцэрлэг олдохгүй бол дахин зургаан сараар сунгах боломжтой.

Гэвч аав нарын ердөө 6 хувь нь энэ боломжийг ашигладаг байна. Харин эхчүүдийн 80 гаруй хувь амралтаа эдэлдэг ажээ.

Амралтаа эдэлсэн аав нарын 70 гаруй хувь нь 14-өөс цөөн хоногийн дараа ажилдаа буцаж орсон байна.

 

Эх сурвалж: AFP