Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Иранд осолдсон Украины нисэх онгоцыг хоёр удаа пуужингаар харвасныг шинэ дүрс бичлэг харуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Иранд осолдсон Украины нисэх онгоцыг хоёр удаа пуужингаар харвасныг шинэ дүрс бичлэг харуулжээ
Sara, ikon.mn - text to speech

Долоо хоногийн өмнө Ираны нийслэл Тегеранаас Киевийн чиглэлд хөөрөөд удалгүй осолдсон Украины нисэх онгоц хоёр удаа пуужинд оногдсоныг батлах дүрс бичлэг ил болжээ.

Ослын газраас холгүй орших барилгын хяналтын камерт бичигдсэн дүрсийг Ираны нэг хэрэглэгч YouTube сүлжээнд байрлуулж, New York Times сонины эрэн сурвалжлах баг бичлэг бодитой болохыг баталсан байна.

Бичлэгнээс харвал эхлээд нэг пуужин Украины онгоцыг онох үед бага хэмжээний дэлбэрэлт болжээ. Үүнээс 20 секунд орчмын дараа хоёр дахь пуужин онож, өмнөхөөсөө том хэмжээний дэлбэрэлт болсон байна.

Цохилтод өртсөн онгоц шууд уналгүй хэдэн минутын турш буцаж газардахыг оролдож байжээ.

Украины авиа компанийн Boeing 737-800 нисэх онгоцонд нийт 176 хүн зорчиж явсан нь бүгд амиа алдсан юм. Ослоос өмнө онгоцны харилцаа холбоо ажиллахгүй болоод байсны учир шинэ дүрс бичлэгнээс тодорхой болжээ.

Эхний пуужингийн цохилтын дараа онгоцны холбооны хэсэг гэмтсэн бололтой. Иран улсын эрх баригчид иргэний нисэх онгоцыг дайсны онгоцтой андуурч унагаснаа хүлээн зөвшөөрөөд байгаа.

Ослоос хэдхэн цагийн өмнө Ираны зэвсэгт хүчин Ирак дахь АНУ-ын цэргийн хоёр баазад пуужингийн цохилт өгөөд байсан юм. Тиймээс АНУ-ын зүгээс ирж болзошгүй хариу цохилтод бэлдээд байх үед уг осол болжээ.

 

Эх сурвалж: Business Insider