Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Иракт Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэж байгаа хүн байхгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Иран улс АНУ-ын цэрэг байрладаг Ирак дахь Айн Ассад агаарын бааз руу пуужин харвасан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Пуужин харвасан мэдээлэл олон улсын анхаарлыг татаж байна.

Тиймээс тус улсад Монголын энхийг сахиулагчид байдаг эсэх талаар бид Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулсан юм.

Энэ талаар "Манай улсын энхийг сахиулах цэргийн багийн бүрэлдэхүүн Иракт 2003-2008 он хүртэл таван жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс хойш тус улсад манай улсын цэргийн багийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгээгүй. Тиймээс Иракт Монгол Улсын Зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэж байгаа хүн байхгүй" гэв.

Монгол Улс олон улсын энхийн дэмжих ажиллагаанд 2002 оноос хойш оролцсон бөгөөд давхардсан тоогоор 17,000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.

Одоогоор манай улсын цэргийн багийн бүрэлдэхүүн Өмнөд Судан улс дахь Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд болон Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж байна.



Ирак дахь Айн Ассад агаарын бааз руу пуужин харвасан явдал нь тус улсын нөлөө бүхий генерал Кассем Солейманигийн амийг хөнөөсөн аллагын өшөө авалт болохыг Ираны төв телевиз тайлбарлаад байгаа юм.

Генерал Солейманигийн нэрээр нэрлэсэн уг пуужингийн цохилтыг Ираны Хувьсгалт Гвардын агаарын зэвсэгт хүчин зохион байгуулжээ.

Түүнчлэн Ираны төв телевиз цохилтын үр дүнгийн талаар удахгүй мэдээлэх тухай зарлаад байгаа аж.