Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ниссаны экс боссыг Японоос оргуулахад Туркийн компанийн нисэх онгоцыг ашиглажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Туркийн хувийн агаарын тээврийн компани Ниссан компанийн гүйцэтгэх захирал асан Карлос Гоныг Японоос оргуулахад нисэх онгоцоо ашиглуулснаа саяхан мэджээ.

MNG Jet компанийн хоёр нисэх онгоцыг хоёр тусдаа хүн түрээслэн хэрэглэсэн нь үнэндээ Гоныг оргуулах ажиллагаанд ашиглагдсан байна.

Тэдгээрийн нэг нь Дубайгаас Японы Осака хүрээд дараа нь Истанбулд ирсэн бол нөгөө нь Истанбулаас Ливаны нийслэл Бейрут руу ниссэн байжээ.

Гэвч онгоцнуудыг захиалсан хүмүүс нь ашиглаагүй, харин Карлос Гоныг оргуулах ажиллагаанд ашиглагдсан болохыг MNG Jet компанийн удирдлагууд сүүлд мэдсэн байна.

Тус компани одоо Туркийн хуулийнханд шалгуулахаар хандаад байгаа бөгөөд нэг ажилтан нь онгоц захиалгын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон байна.

“MNG Jet одоо эрх баригчидтай хамтран ажиллаж, компанийн үйлчилгээг хууль бус үйлдэлд ашигласан хүмүүсийг шалгуулж байна” гэж тус компаниас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.

65 настай Карлос Гон нь Японы Ниссан, Мицубиши, Францын Рено автомашин үйлдвэрлэгчдийн бизнесийн бүлэглэлийг олон жил удирдсан нэртэй бизнесмэн юм.

Тэрээр 2018 оны арваннэгдүгээр сард компанийн өмчийг хувьдаа зарцуулсан, татвараас зугтсан хэрэгт сэжиглэгдэн Токиод баривчлагдаж байв. Олон сар хорионд байсан Гоныг дөрөвдүгээр сараас хойш Токио дахь гэрт нь хорьж байжээ.

24 цагийн камерын хатуу хяналтын дор амьдарч байсан Гон энэ долоо хоногийн эхээр Ливаны нийслэлд гэнэт очсон нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Түүнийг хөгжмийн зэмсгийн хайрцагт нуугдаж, Японоос гарсан гэх таамаг яригдаж байгаа юм.

Өчигдөр Японы хуулийнхан Интерполын сүлжээгээр түүнийг эрэн сурвалжилж байгаагаа зарлажээ.

 

Эх сурвалж: The Guardian