Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Төгрөгийн ханш тасралтгүй суларч, Саарал жагсаалтын хаалга татсан жил улирлаа

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улирч буй 2019 онд Монгол Улсын эдийн засаг олон өөрчлөлт дагуулсан жил байсныг дараах үзүүлэлтүүдээр тоймлон хүргэж байна. 

1. ТӨГРӨГИЙН ХАНШИЙН ТАСРАЛТГҮЙ УНАЛТ 

2019 онд америк доллар рекордоо ахиулж, төгрөгийн ханш тасралтгүй уруудсаар шинэ онтойгоо золгож байна.  

Оны эхэнд 2,643.69 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар 2733.53 болж, жилийн хугацаанд 3.4 хувиар сулрав. 

Монгол Улсын валютын нөөц 2019 онд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Монголбанкны валютын нөөц оны эцэс гэхэд 4.2 тэрбум ам.долларт хүрэх хүлээлттэй байгааг төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлсэн. Түүнээс гадна 2019 оны Монгол Улсын гадаад худалдаа ашигтай, төлбөрийн тэнцэл эерэг дүнтэй байгааг төв банк мөн онцолж буй. 

Гэсэн ч төгрөгийн ханш суларсаар байгаа нь хаа нэг газар бодлогын алдаа байгаагийн илрэл бөгөөд 2016 оноос хойш нийт 40 хувиар уначихаад байгаа билээ.

График 1. Ам.долларын ханшийн өсөлт буюу төгрөгийн уналт 

2. 10% ДАВААД БАЙСАН ИНФЛЯЦ 5% РУУ ОГЦОМ БУУРСАН НЬ 

Хэрэглээний үнийн индекс буюу инфляц 2019 онд 10 хувь давав. Тодруулбал, Улаанбаатар хотод есдүгээр сард өмнөх оноосоо 10.5, улсын хэмжээнд 9%-д хүрч өссөн нь Монголбанкны зорилтот түвшнээс нэг бүхэл хувь илүү байсан юм. Ийн өсөхөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь махны үнэ 37.2% өссөнтэй холбоотой байв. 

Тэгвэл арваннэгдүгээр сард инфляц улсын хэмжээнд 5.2 хувь болж буурсан нь эдийн засаг агшиж буйн илрэл хэмээн зарим эдийн засагч үзэж байна.

График 2. Инфляц 2019 оны нэгдүгээр сараас хойш (улсын хэмжээнд)

3. ХОЁР ИХ НАЯДААР ТЭЛСЭН ТӨСВИЙН ОРЛОГО

2019 оны Төсвийн тухай хуулиар төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,353,673.5 сая буюу 7.35 их наяд төгрөг байхаар баталсан ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш тогтвортой байсны ачаар Монгол Улс гүйцэтгэлээрээ 9.7 их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Эхний 11 сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 486.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. 

Төсөв 2012 оноос хойш хоёр дахь жилдээ ашигтай гарч байгаа бөгөөд төсвийн орлогын 81.6 хувийг татварын орлого бүрдүүлж байна. Харамсалтай нь Засгийн газар сонгууль угтсан буюу 2020 оны төсвөө 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталж, Монгол Улсын өрийг дахин нэмэв.

График 3. Монгол Улсын төсвийн орлого, зарлага, тэнцэл (2010-2018 он, 2019 оны арваннэгдүгээр сар, 2020 оны төлөвлөгөө)

4. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ₮340 ТЭРБУМЫГ САЛХИНД ХИЙСГЭСЭН КАПИТАЛ БАНКНЫ ДАМПУУРАЛ

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гаргасан. Банкны дампуурлыг зарлах үед чанаргүй зээлийн хэмжээ нь ₮208 тэрбум буюу нийт зээлийн багцын 80%-д, хуримтлагдсан алдагдал ₮380 тэрбумд хүрснийг зарлаж байв. 

Монголбанк цаг алдалгүй арга хэмжээ аваагүйгээс байдал ийм дээрээ тулж, Капитал банканд байршиж байсан төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг буюу татвар төлөгчдийн мөнгө салхинд хийссэн билээ. Тодруулбал, дээрх мөнгөний 104 тэрбум нь Нийгмийн даатгалын сан, 136 тэрбум нь Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө байсан бол Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг байсан юм.

“Капитал банк”-ны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн тул хөрөнгийг нь борлуулах боломжгүй болж, хохирлыг барагдуулах ажил гацаанд ороод байна.  

5. МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТАД ДАХИН ОРОВ 

Монгол Улс Саарал жагсаалтад хоёр дахиа орж, мөнгө угаах таатай улс гэдгээ харуулав. Энэ удаа үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулуу зэрэг салбарыг хянах тогтолцоо Монголд огт байхгүй, хууль зүйн зөвлөгөө өгдөг фирмүүд, нотариатчид хэрэглэгчдээ таних оролдлого хийдэггүй хэмээн ФАТФ дүгнэсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.  

Монголбанк 2020 оны есдүгээр сард Саарал жагсаалтаад гарах боломжтой гэсэн бөгөөд үүнд туслахаар АНУ-ын Сангийн дэд сайд Монголд ирж, уулзалт хийж, зөвлөгөө өгөөд буцсан юм. 

6. ОЛОН ЖИЛ ЗӨРЧИЛДСӨН ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ БҮРДЭВ

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталснаар төсөл эхэлснээс 10 жилийн дараа ийнхүү гэрээг шинэчлэх боломж бүрдэв. Ингэснээр өнгөрсөн хугацаанд хийсэн гурван гэрээг хууль тогтоомжид нийцүүлж, Монгол Улсын Засгийн газрын “Оюу толгой” дахь хувьцааг дахин судлах, нөөцийн тайланг дахин тодорхойлж, ТЭЗҮ, байгаль орчин, усны үнэлгээг шинэчлэх зэрэг нөхцөл үүслээ. 

“Хөрсний байдалд шинэ нөхцөл үүссэн тул гүний уурхайн загварыг эргэж харах шаардлагатай болсон” гэдэг шалтгаанаар $5.3 тэрбумын өртөгтэй уг төслийн хөрөнгө оруулалт $1.2-1.9 тэрбумаар нэмэгдэж, 2022 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан гүний уурхайн зэсийн үйлдвэрлэл 2023 оны зун буюу 16-30 сараар дахин хойшлохоор болсон талаар өнгөрсөн долдугаар сард Рио Тинто мэдэгдээд буй

7. АВТОМАШИНЫ ИМПОРТ 1 ТЭРБУМ ДОЛЛАР ХҮРЧ, ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХУМИГДАВ

2019 оны эхний 11 сарын байдлаар монголчуудын импортоор авсан тээврийн хэрэгсэл өмнөх оны мөн үеэс 25% өсөж, нэг тэрбум ам.доллар хүрэв. Зөвхөн суудлын автомашин 67,000 орчим байгаа нь 2018 оны мөн үеэс 12.5 хувиар өссөн дүн юм. Ийнхүү автомашины импорт өссөнөөр түгжрэл улам нэмэгдэж байгаагийн зэрэгцээ шатахууны импорт өсөөд байгаа.

График 5. Монгол Улсад импоорт орж ирсэн суудлын автомашины тоо болон үнийн дүн (2011-2019 оны аравдугаар саруудын үзүүлэлт)

Харин нөгөө талд дундаж орлоготой иргэдийг орон сууцжуулж, Улаанбаатар хотыг агаар, хөрсний бохирдлоос нь салгах шийдэл болсон Ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилт хумигдсаар байгаа юм. УИХ 2020 оны төсөв батлахдаа моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтэд олгохоор тусгасан байсан 60 тэрбум төгрөгийг моргэйжийн зээлийн хүүгийн татаасыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар өөрчилж батлаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл, банкууд үзэмжээрээ ипотекийн зээл олгох нөхцөл бүрдээд байна.