Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд иргэний үнэмлэхийг ШИНЭЧЛЭХ ҮҮ?

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 27
iKon.MN
00:00 00:00
Ирэх онд иргэний үнэмлэхийг ШИНЭЧЛЭХ ҮҮ?
Sara, ikon.mn - text to speech
 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр УБЕГ-ын дарга Б.Баасандорж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Сонгогчдын нэрсийн жагсаалтыг улс төрийн намуудад өгөхөөр болсон. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нийцэх үү?

-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өргөн мэдүүлэхдээ намуудад сонгогчдын нэрийн жагсаалтыг өгөх асуудлыг хасаж оруулсан байсан. Харин хууль тогтоогчид буюу УИХ-ын гишүүд эцсийн хэлэлцүүлгийн үеэр улс төрийн намуудад сонгогчдын нэрийг жагсаалтыг нэг удаа цахимаар өгнө гэж хуульчилсан. 2012, 2016 онд нэг удаа сонгогчдын нэрийн жагсаалтыг өгч байсан. 

Улсын бүртгэлийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай мэдээлэл гэж гурав ангилдаг.

  • Хаалттай мэдээлэл нь гарын 10 хурууны хээ, Гэрч хохирогчийн тухай хуульд заасны дагуух иргэдийн нууцлалтай холбоотой мэдээлэл,
  • Нээлттэй нь нэрийн сан,
  • Хязгаартай мэдээлэл нь регистрийн дугаар болон гэрийн хаяг юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.6-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 21.2-т заасны дагуу тогтооно гэсэн заасан.

Эрүүгийн процессийн тухай хууль, Прокурорын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд нэрийн жагсаалтыг нэг удаад өгнө гэж хуульчилсан тул дээрх заалтад нийцнэ гэж үзэж байгаа. 

-Ирэх онд иргэний үнэмлэхийг шинэчлэх тухай мэдээлэл их цацагдсан. Энэ талаар албан ёсны тайлбар хийнэ үү?

-Энэ нь ташаа мэдээлэл юм. Иргэний үнэмлэхийг шинэчлэх тухай яригдаагүй. Харин иргэдийн хязгаартай мэдээллийг хэрхэн хамгаалах вэ тухай хөндсөн. Тухайлбал, хязгаартай мэдээлэл нь регистрийн дугаар. Үүнийг өөрчлөхгүй, хүчингүй болгохгүй тул хэвээрээ байх юм. 

Регистрийн дугаараар иргэний бүх мэдээллийг мэдэх боломжтой байдаг. Мөн гэрийн хаяг ч хязгаартай мэдээлэл.

УБЕГ жилд 250 мянган иргэний үнэмлэх хэвлэдгээс 110 мянга нь хаясан, гээсэн тохиолдол байдаг. 110 мянган иргэний үнэмлэх хаягдаж байна гэдэг нь тэр тооны хүний хувийн халдашгүй мэдээлэл нь ил болж хаягдаж байна гэсэн үг. Тиймээс регистрийн дугаарыг ил биш, чип дотор нь суулгах боломжийг судлан, Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Сонгуулиас өмнө регистр өөрчлөх асуудал байхгүй, хүчинтэй хэвээр байх болно.