Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон торгуультай тээврийн хэрэгслийн үйлчилгээнд хязгаарлалт тогтооно"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 26
iKon.MN

Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярын өдрүүдтэй холбоотой замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/551284385717886/

Баяр амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанаас тодорхой зохицуулалтыг хийдэг билээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд мэдээлэл өглөө.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "Улаанбаатар хотод ердийн үед 130 цэгт 42 хөдөлгөөнт эргүүлийн автомашинаар 430 алба хаагч гурван ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. 

Харин баярын өдрүүдэд төв конторт ажилладаг 80 алба хаагч, 150 сонсогчийг гудамж талбайн хөдөлгөөн зохицуулалтад ажиллуулж байна. Мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад тавих хяналт, шалгалтыг нэмэгдүүлж байгаа.

Ойрын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хоногт дунджаар 40-50 гарч байна. Энэ нь жирийн үеэс 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

12-р сарын эхний 20 гаруй хоногт 907 зөрчил илрүүлсэн. Мөн согтуугаар тээрийн хэрэгсэл жолоодсон үедээ осол гаргасан 39 тохиолдол бүртгэгдлээ" гэлээ.

Түүнчлэн бэлэн бус торгуулийн талаар "Торгууль төлөлт нь өнгөрсөн оноос буурсан. Тиймээс цагдаагийн шалгадаг багажинд жолоочийн торгуулийн мэдээллийг харуулдаг болж, олон торгуультай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч, торгуулийг төлүүлж байна. Мөн олон торгуультай тээврийн хэрэгслийн үйлчилгээнд хязгаарлалт тогтооно. Тухайлбал, үзлэг оношилгоонд ороход заавал торгуулиа төлсөн байх, жолооны үнэмлэхээ гээгээд дахин авах гэж буй нөхцөлд өмнөх торгуулиудаа өгч байж авах гэх мэт арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

142 удаагийн торгуультай тээврийн хэрэгсэл ч бий. Ихэвчлэн олон удаагийн торгуультай тээврийн хэрэгсэл нь байгууллагын нэр дээр байдаг. 

Энэ жилийн хувьд хамгийн их торгууль авсан нь 56 удаагийн торгуультай байгаа" хэмээн мэдээлэв. 

Утсаа харах зэргээр анхаарал сарнисны улмаас гэрлийн шон мөргөх, жалга руу унах гэх зэрэг ослууд гарсаар байна 

 
Гэрэл зургийг mpa.mn

Зам тээврийн ослын тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Саяхан зам тээврийн осол гаргаж, явган зорчигч мөргөж, зугтаасан тээврийн хэрэгслийг олж тогтоосон. Иргэд сэжиг бүхий тээврийн хэрэгслийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөх нь ослын илрүүлэлтэд эергээр нөлөөлөх болно гэдгийг хэлмээр байна.

Осол гэхээр хоёр машин хоорондоо мөргөлдөх, шүргэлцэхийг хэлнэ гэж ойлгох хүн их бий. Гэтэл түр зуур утсаа харах зэргээр анхаарал сарнисны улмаас гэрлийн шон мөргөх, жалга руу унах гэх зэрэг ослууд гарсаар байна.

Гэрлийн шон мөргөж, гэрлийг ажиллагаагүй болгосноор дараа дараагийн удаад тэр орчинд осол гарах эрсдлийг нэмэгдүүлдэг" гэлээ.