Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дуулиант хэргүүд хэдий болтол "Прокурорын хяналт" нэрийн дор мартагдах вэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гучин тэрбум төгрөгөөр боссон 15 давхар барилгын хоёр давхрыг нь 27.5 тэрбум төгрөгөөр худалдан авжээ...

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг АТГ шалгаж дуусаад энэ оны арваннэгдүгээр сарын эхээр прокурорт шилжүүлсэн билээ. Уг хэргийг АТГ 2016 оны аравдугаар сараас хойш шалгасан юм.

Хэргийн талаар эргэн сануулахад, Худалдаа хөгжлийн банкны шинэ барилга буюу Улаанбаатар зочид буудлын урд талд боссон 15 давхар барилга нийт 30 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдсан байна. Гэтэл Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар нар тус барилгын 11, 12 дугаар давхрын 3,240 м2 талбай болон зоорийн давхраас 10 автомашины зогсоолыг нийт 27.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан байна.

Өөрөөр хэлбэл, 30 тэрбум төгрөгөөр боссон 15 давхар барилгын хоёр давхрыг нь 27.5 тэрбум төгрөгөөр худалдан авжээ. Уг хэргийг АТГ шалгаад Хөгжлийн банкны удирдлагуудыг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдан авалт хийсний улмаас улсад 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байна.

Дээр дурдсанчлан уг хэргийг өнгөрсөн сарын эхээр яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Хуулийн дагуу прокурор 14 хоногийн дотор хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлэх ёстой. Гэтэл сар гаруйн хугацаа өнгөрсөн ч прокуророос мөрдөн байцаалтад буцаасангүй, шүүх рүү ч шилжүүлэлгүй хав дарсаар.

Дуулиан тарьсан гэмт хэргүүдийг яагаад удаан хугацаанд шалгадаг вэ, хаана нь гацаадаг вэ гэх асуулт нийгэмд бий болсон. Төрийн албан хаагч, улстөрчдийн холбогдсон авлига, албан тушаал, өмч хөрөнгө шамшигдуулсан гэмт хэргүүдийг харьяаллын дагуу АТГ илрүүлэн шалгадаг. Нэгэнт шалгаж дууссан хэргийг дараагийн шат болох прокурор, шүүх рүү шилжүүлдэг. Гэвч АТГ-ын мөрдөгчдийн шалгаж дууссан хавтаст хэргүүд прокурорын хяналтад шилжээд мартагдах дөхдөг жишээ олширсоор.

Прокурор дээр "дарагдаж буй" хэргүүд
Гэрэл зургийг mpa.mn

Жишээ нь, хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Э.Чулуудай нарын 10 гаруй хүнд холбогдох хэргийг мөн л 2016 оноос эхлэн шалгасан байдаг. Хөгжлийн банкны гэх олон салаа мөчир бүхий хэргийг шалгаж эхлэхэд уг хэрэг олны анхаарал татах болсон. Тодруулбал, Э.Бат-Үүл хотын даргаар ажиллах хугацаандаа хүүгийнхээ компанийн данс руу таван тэрбум төгрөг шилжүүлсэн хэрэг юм.

Уг хэргийг АТГ шалгаад, 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн байна. Гэвч түүнээс хойш яллагдагчийн өмгөөлөгч хэргийг шалгах процесстой холбоотой гомдол удаа дараа гаргаж, хэргийг шийдэх хугацааг сунжруулсаар байсан юм. Улмаар энэ оны хоёрдугаар сарын 12-нд шүүхээс уг хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан. Эцэст нь АТГ шалгалтын ажиллагаагаа дахин хийж, буцаагаад НПГ-т хэргийг шилжүүлээд байна. АТГ ийнхүү хэргийг НПГ-т шилжүүлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Гэвч өнөөдрийг хүртэл НПГ-аас Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээгүй байна.

Дахин нэг жишээ дурдахад, ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат, тус яамны газрын дарга Д.Доржханд нарыг авто замын ажил гүйцэтгэсэн компаниас 300 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгасан. Мөн л энэ арваннэгдүгээр сард шалгалтын ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл уг хэргийг прокурор “дарсаар”.