Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Гадаад валютын харилцах хадгаламжийг даатгах шаардлагатай эсэхийг судалж байна”

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах үеэр төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ийн хэлсэн юм. “Гадаад валютын солилцох ханш өсөж байгаа нь эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. Гэвч импорт өнгөрсөн оныхоос төдийлөн өсөөгүй. Тэгэхээр зарим хүний хайхрамжгүй хэлсэн үгнээс болоод иргэд валютын ханш өснө гэсэн төсөөллөөр хадгаламж, зээлээ хөрвүүлэх үзэгдэл гарч байна. Үүн дээр Монголбанк зохицуулалт хийх үүднээс банкуудын заавал байлгах валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа” хэмээн тайлбарлаад долларжилтын эсрэг тодорхой ажлууд хийхээр судалж эхэлж байгаагаа цухас дуулгасан юм. Учир нь долларжилт сүүлийн гурван жилийн дунджаас өндөр байгааг тэрбээр онцолсон. 

Судалгааны тухайд, гадаад валютын харилцах хадгаламжийг даатгах шаардлагатай эсэх талаар анхаарч байгаа аж. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар иргэд, ААН-ийн бүх харилцах хадгаламж даатгагддаг. Харин бусад улсын туршлагыг харвал зөвхөн үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг даатгасан байдаг тул тэр жишгийг нэвтрүүлэх боломжийг судалж байгаа гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлээд “Гадаад валютын харилцах хадгаламж даатгагдах шаардлагатай эсэхийг бид судлаад хууль эрх зүйн үүднээс нь тодорхой судалгаануудыг танилцуулна” гэв.

Мөн иргэдийн тухайд авч хэрэгжүүлэхээр судалж байгаа бодлогын нэг нь валютын данс. Энэ талаар тэрбээр

“Иргэд валютын харилцах биш, хадгаламжийн данстай байх нь түгээмэл. Тэгэхээр иргэд нэгэнт гадаад худалдааны үйл ажиллагаа явуулдаггүй, компани биш учраас заавал валютын харилцах данстай байх шаардлага байхгүй. Иймд банкуудын бүтээгдэхүүн үйлчилгээн дээр байгаа, зайлшгүй шаардлагагүй зарим үйлчилгээг хуулинд өөрчлөлт оруулах байдлаар зогсоох ч юм уу, хориглох зэрэг тодорхой зүйлсийг судалж байгаа” гэсэн юм. 

Өнгөрсөн онд гадаад орчны нөхцөл байдал, ялангуяа, худалдааны дайнтай холбоотойгоор улс орнуудын мөнгөн тэмдэгт долларын эсрэг суларсныг Монголбанк 2019 оны турш өмөөрсөөр ирсэн. Тухайлбал, 2019 онд юанийн ханш 7.02 хувиар суларсан бол төгрөг ам.долларын эсрэг 3.3% дотор суларсан гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл онцолж байв. 

Монголбанкны шинэ ерөнхийлөгч ч мөн ийм байр суурьтай бөгөөд төгрөгийн ханшийг чангалах нь тийм ч хоолойд тулсан ажил биш хэмээн үзэж буйгаа твиттер худсаараа дамжуулан илэрхийлсэн байдаг.

Ямартай ч жилийн өмнөх үетэй харьцуулахад өнгөрсөн сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 4.8 хувиар суларсан бол 2016 оны долдугаар сараас хойш л гэхэд 40 орчим хувь унаад буй. Өнөөдрийн байдлаар төгрөгийн эсрэг ам.долларын ханш түүхэн дээд хэмжээндээ буюу 2,732.43 төгрөгт хүрээд байна. 

График. Ам.долларын ханшийн өсөлт буюу төгрөгийн уналт 

Худалдааны дайны нөлөөгөөр 2019 онд дэлхийн зах зээл дээрх алтны ханш өссөн нь 2019 онд валютын нөөцөө илүү зузаатгаад авах таатай боломж байв. Харамсалтай нь АМНАТ-ын татвар хоёр дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор алт тушаалт далд хэлбэрт орсон гэдгийг тоон үзүүлэлтүүд нотолж буй. Тухайлбал, өнгөрсөн онд Монголбанк 22 тонн алт худалдан авч, валютын нөөцөө 700 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн нь өнгөрсөн онд төгрөгийн ханш тогтвортой байхад нөлөөлсөн нэг хүчин зүйл байв. Харин энэ онд алт тушаалт 25 орчим хувиар буурч арваннэгдүгээр сарын байдлаар 14.4 тонн алт л аваад буй. Оны эцэс гэхэд 16 тонн алт авбал их юм болох нь. Ирэх онд ч энэ дүнгээс хэтрэхгүй болов уу гэдэгтэй Монголбанк нэгэнт эвлэрчээ. 

Монголбанкны шинэ ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Харьцангуй өгөөжийн хувьд төгрөгийн өгөөж өндөр байгаа. Манай хадгаламж эзэмшигчдийн төгрөгөөр хадгалуулсан хадгаламжийн дундаж хүү 13-15 хувьтай байгаа бол валютын хадгаламжийнх 5 хувь орчимд байгаа. Энэ хоёрын хооронд 10 хувийн нэгж зөрүү байгаа шүү дээ. Иргэд хадгаламжаа доллар руу хөрвүүлснээр 10%-ийн өгөөжөө алдаж байна гэж харахаар байгаа. Нөөц нэмэгдэж байгаа, гадаад худалдааны нөхцөл, төлбөрийн баланс маань ашигтай байна гэдэг нь төгрөг сулрах биш, чангарах боломж байгаа нь эдийн засгийнхаа суурь утгаар харагдаж байгаа. Харин зарим хүний хариуцлагагүй мэдэгдэл ханшийг хоосон хөөрөгдөх” гэсэн юм. Гэхдээ ам.долларын хадгаламж 5% орчим хүүтэй ч үүн дээр инфляцыг нэмбэл төгрөгийн хадгаламжаас төдийлөн ялгаагүй гэдгийг иргэд ялгахтайгаа болсон билээ.

Монгол Улс Саарал жагсаалтад орсон талаарх мэдээллийн дараа төгрөгийн ханш суларсан нэг долоо хоногийн хугацаанд л гэхэд төв банкнаас 400 сая орчим ам.долларын интервенц хийж байв. Монголбанкны валютын нөөц 2019 оны эцэс гэхэд 4.2 тэрбум ам.долларт хүрэх хүлээлт байна. Гэвч ирэх дөрвөн жилд Монгол Улс 14 тэрбум ам.долларын өр төлөх учиртай. Түүнээс гадна манай улс жилд зөвхөн нэг тэрбум ам.долларыг үйлчилгээний зардалд төлж байна.