Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хямралд нэрвэгдсэн Боинг компани гүйцэтгэх захирлаа солилоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Боинг компанийн гүйцэтгэх захирал Деннис Мюленбург

Хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүн нь болох Boeing 737 Max загварын нисэх онгоц нь дараалан осолдсоны дараа АНУ-ын Боинг компани санхүүгийн гүн хямралд ороод байгаа.

Саяхан тус компани 737 Max загварынхаа үйлдвэрлэлийг нэгдүгээр сараас эхлэн түр зогсоох шийдвэр гаргасан юм. АНУ-ын эрх баригчид засаж сайжруулсан онгоцыг үйлчилгээнд ашиглах зөвшөөрлийг ойрын үед өгөхгүй болсон нь үүнд нөлөөлсөн байна.

Тэгвэл Боинг компани өчигдөр гүйцэтгэх захирал Деннис Мюленбургийг огцруулах шийдвэрээ зарлажээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга Дэвид Калхаун нэгдүгээр сарын 13-наас эхлэн гүйцэтгэх захирлын үүргийг давхар гүйцэтгэхээр болсон байна.

Удирдлага солигдох мэдээлэл гарсны дараа сүүлийн есөн сарын хугацаанд 20 гаруй хувиар унаад байсан Боинг компанийн хувьцааны ханш 4 хувиар өсжээ. 

Боингийн төлөөлөн удирдах зөвлөл хямралын үед удирдлагыг гартаа авах шийдвэр гаргасан нь энэ юм байна.

Индонез, Этиопт таван сарын дотор дараалан гарсан ослын улмаас нийт 346 хүн амиа алдсан юм. Уг ослын дараа буюу энэ оны гуравдугаар сараас эхлэн дэлхий даяар 737 Max загварын нисэх онгоцнуудыг газардуулж, үйлчилгээнд ашиглахыг нь зогсоож байв.

Гүйцэтгэх захирал Мюленбург нь 1985 онд анх Боинг компанид дадлагажигчаар ажиллаж эхэлжээ. 2015 онд тэр гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон юм.

Мюленбургийг огцруулах асуудал сүүлийн хэдэн сарын турш хөрөнгө оруулагчдын дунд яригджээ. Өнгөрсөн Ням гарагт хуралдсан Боингийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрийг гаргасан байна.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
14 | 18 | 20 цаг