Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Арабын Нэгдсэн Эмиратын засгийн газар иргэдээ тагнахын тулд мессенжэр аппликэйшн гаргасан нь батлагджээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Олон хүн хэрэглэдэг зарим мессенжэр аппликэйшнүүд эрх баригчдад хэрэглэгчдийнхээ мэдээллийг өгдөг гэсэн яриа байдаг.

Харин засгийн газар нь өөрөө зориуд иргэдээ тагнах зорилгоор аппликэйшн бүтээсэн түүх ховор юм.

Тэгвэл Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын эрх баригчид ToTok нэртэй мессенжэр аппликэйшныг зөвхөн иргэдээ тагнахын тулд зах зээлд гаргасан тухай Нью Йорк Таймс сонин АНУ-ын албаны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Уг аппликэйшныг ашиглан эрх баригчид иргэдийнхээ солилцож буй мессэжүүд, газар зүйн байрлал, хэлхээ холбоо, юу үзэж байгааг хянадаг байна.

ToTok аппликэйшны сая орчим хэрэглэгчийн ихэнх нь АНЭУ-д амьдардаг бол сүүлийн үед АНУ-д ч хэрэглээ нь нэмэгдсэн ажээ.

Аппликэйшныг хөгжүүлсэн Breej Holding компанийн ард АНЭУ-ын тагнуулын албаныхны ажиллуулдаг DarkMatter кибер тагнуулын компани байгааг тогтоосон байна.

Уг мессэнжэр нь бас Pax AI нэртэй дата майнинг компанийн системтэй шууд холбоотой ажилладаг гэнэ. Pax AI нь АНЭУ-ын тагнуулын байгууллагын байранд (зураг дээр байгаа) үйл ажиллагаагаа явуулдаг бол DarkMatter компани саяхныг хүртэл мөн энд байрладаг байжээ.

ToTok нь үнэндээ Хятадын YeeCall мессенжэр аппликэйшны бага зэрэг өөрчилсөн хувилбар юм байна.

Саяхан Apple, Google компаниуд ToTok аппликэйшныг өөр өөрийн апп дэлгүүрүүдээс буулгажээ. Google компани уг мессенжэрийг ямар нэг журмыг нь зөрчсөн гэхээс илүү дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй байна.

Apple компани ToTok-ийн ажиллагааг судалж байгаагаа мэдэгджээ.

АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо тодорхой нэг аппликэйшнтэй холбоотой тайлбар хийхээс татгалзсан ч ямарваа нэг аппликэйшн хэрэглэхдээ бодит эрсдлийг тооцож байхыг иргэддээ анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Engadget