Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрх баригчид болж өгвөл мөнгө хүүлэх сонирхолтой байгаа нь Саарал жагсаалт руу орох үндсийг тавиад байна"

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улс өнгөрсөн аравдугаар сарын 15-нд ФАТФ(Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага)-ын Саарал жагсаалтад орсныг хүн бүхэн мэдэж буй. ФАТФ-ын уг хуралд оролцогч орнуудаас гурав нь л тухайн улсын эсрэг санал өгөхөд буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ажиллаж чадахгүй байна гэж үнэлбэл Саарал жагсаалтад шууд ордог байна. Тэгвэл АНУ, Австрали болон БНХАУ манай улсыг Саарал жагсаалтад орох шаардлагатай хэмээн санал өгсөн аж. АНУ-ын Сангийн яамны Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд сайд Маршалл Билингсли ч үүнийг нотолж, ikon.mn-д өгсөн ярилцлагадаа тайлбарласан.

Тэгвэл геополитик талаасаа, бусад хоёр орны санал өгсөн үндэслэл зэрэг асуудлаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн судлаач, доктор С.Баясгалантай ярилцлаа. 



-Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах санал өгсөн гурван улсын нэг нь АНУ байсан. Гэтэл тус улсын Сангийн яамны Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал эрхэлсэн Дэд сайд саяхан ирээд явахдаа Саарал жагсаалтаас гарахад Монгол Улсад тусалж, хамтран ажиллаж, ЭСЯ-нд мэргэжилтэн хүртэл томилсон талаараа ярьсан. Энэ үйл явдлыг олон улс судлаач хүний хувьд та хэрхэн дүгнэж байна вэ?

-Америкийн талаас бол үндсэн хоёр зүйл дээр л анхаарал хандуулж байгаа. Гадаад бодлогын үндсэн чиглэл нь ч түүнд оршдог. Тэр нь, терроризмыг дэмжсэн бүх үйл ажиллагааг таслан зогсоох, тэмцэх. Хоёрдугаарт, авлигал, хээл хахуулийг бүх талаар дэмжихгүй байх. Ийм үндэслэлээр хаана, ямар улсад хяналтгүй орон зай байна вэ гэдгийг харж, болгоомжилж, Саарал жагсаалтад оруулж байгаа. 

Манай улсыг тодорхой судалгаа шинжилгээний үндсэн дээр дотооддоо хяналт тавьж чадахгүй байна гэж үзсэн. Аливаа нэг бие даасан улсын дотоод хэрэгт, санхүүгийн хяналт руу нь шууд орох боломжгүй. Тийм учраас хяналтгүй байдлаа засах шахалт үзүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Ийм л хоёр шалтгаан байгаа.

Авлигал, хээл хахууль Монголд их байгаа. Терроризмыг санхүүжүүлэх бүлэглэлүүд манай улсад мөнгө угаах боломж байна гэж үзсэн. ФАТФ ер нь эрсдэл талаас нь хардаг байгууллага. 

-Тэгвэл Хятад болон Австрали улсын саналын тухайд та ямар бодолтой байна вэ? Тэр хоёр орны хувьд манай улсыг Саарал жагсаалтад оруулах өөр ямар нэгэн нэгдсэн ашиг сонирхол байх боломжтой юу?

-Австрали бол АНУ-ын холбоотон. Америкийн бодлогыг үндсэндээ дагадаг улс гэж болно. Тэр ч утгаараа Монголд авлигал, хээл хахууль, терроризмын талаас нь үндэслээд Саарал жагсаалтад оруулах санал өгсөн болов уу. 

Хятадын хувьд Монголын авлигал сонин биш болов уу. Гол нь Шинжааны талаас санхүүжилт орж ирж байна уу, үгүй юу гэдгийг харсан байж болно. Яагаад гэвэл бид өөрсдөө ч мэдэлгүй хяналтаас алдсан нэг зүйл нь, Хятад улсын талаас террорист гэж үздэг Шинжааны хүн Монголын хилээр нэвтэрсэн тохиолдол гарч байсан. Тэгэхээр террористууд Монгол Улсаар нэвтэрч, дамжиж байна уу, тэднийг дэмжих ямарваа нэгэн санхүүгийн эх үүсвэр, их хэмжээний мөнгө орж, гарч байна уу гэдэг нэлээд ярвигтай асуудал. Тиймээс хяналт тавьж чадахгүй байна гэж Хятадын тал үзсэн байж болно. 

Ерөнхийдөө Америк, Хятад, Австрали байна уу, монголчуудыг өөрсдөө хяналт тавьж чадахгүй байна л гэж үзсэн. Яагаад хяналт тавьж чадахгүй байна вэ гэдгийг эдийн засагчид ихэвчлэн Монголын талаас авч үзээд байгаа. 

Гэтэл үндсэн системээрээ манайх болохгүй байна. Хууль эрх зүйн талаасаа ч тэр, эдийн засгийн системд хяналт тавьдаг байгууллага болох Хууль зүйн яам, хүчний байгууллага, Сангийн яам, СЗХ гээд тус тусын үүргээ биелүүлэхгүй, хяналт нь сул байна. Хяналт тавих гээд ч болохгүй байна. Яагаад гэвэл төр нь өөрөө авлигалд идэгдчихсэн. Мөнгөтэй нь л дээшээ гараад, тэрнээсээ болоод системээ хяналтанд байлгаж чадахгүй, сул байна гэдэг утгаар улс орнууд Монголыг Саарал жагсаалт руу оруулж байна. 

-Хятадын иргэн Монгол Улсад орж ирсэн тэр хэрэг тийм ноцтой байсан хэрэг үү?

-Тухайн үед шуугиад л өнгөрчихсөн. “Манайд террорист үйл ажиллагаа явуулдаг гэх бүртгэлтэй хүн танайх руу орчихлоо” гэж Хятадын талаас асуудал тавьж байсан бол манай талаас тийм зүйл байхгүй гээд өнгөрсөн. 

Нөгөө талаар, Монгол Улс Саарал жагсаалтад орох бүрэн үндэслэлүүд нь байгаа юм. Жишээ нь, шүүх хяналтын байгууллагаар сэжигтэн болсон, авлигалтай холбогдсон хүн Өршөөлийн хуулиар ч юм уу, эсвэл хөөн хэлэлцэх зүйлээр ч юм уу, ямар нэгэн байдлаар мултраад байна. Ялангуяа, томчуудаас хэн ч ял эдэлсэнгүй. Их хэмжээний авлигалд холбогдсон хүмүүс ямар ч шийтгэлгүйгээр буцаад гарчихаад байна. Бүр өндөр албан тушаал хашаад байна. 

Түүнээс гадна, Монгол Улсын хилээр дурын Солонгос эсвэл Хятадын иргэн их хэмжээний мөнгө бэлнээр нь нэвтрүүлэх оролдлого болоод байгаа. Болоод байна гэдэг нь, тухайн улсын хил гааль, хууль хяналтын байгууллага чанга байсан бол тэд ингэж зүрхлэх ч үгүй. Гэтэл болно гэдгийг мэдээд гаргаад байна гэдэг нь манай улс сул байгааг илтгэчихэж байгаа юм. 

Манай хяналт сул гэдэг нь Гааль ажлаа хийж чадахгүй байна гэхээсээ илүү “дээрээс”-ээ эхлээд хяналт тавих хэмжээний улсууд, зарим нэг нь “наадхаа гаргачих” гээд даалгавар өгдөг байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хэд нь мэдэгдээд хэд нь мэдэгдэхгүй гарч байгаа нь өөрөө асуудал. Тиймээс л төр засаг, системийн хэмжээний сул дорой байдлыг гаднаас шахалт үзүүлэх замаар засах гэж байгаа хэрэг. 

-Шахалт үзүүлэхгүй л бол үнэхээр болохгүй нь гэж гадаад талаас үзэхэд хүргэх тийм хэмжээний ноцтой байсан гэж ойлгож болох нь, тийм үү?

-Тийм. Яагаад гэвэл Монголыг зүгээр орхиж болохгүй байх нь. Орхино гэхээр террористуудын үүр уурхай болчих гээд байдаг. Тэр нь явж явж Иран, Умард Солонгос мэтийн улсуудын терроризмыг дэмжигч болгож, шууд Хар жагсаалт руу орох шалтгаан болох нь. Харин Монгол Улс ардчиллын замаар явж байгаа, чөлөөт зах зээл, бүх үнэт зүйл, дэлхийн хамтын нийгэмлэгийн хөгжлөөр Америкийг дагаад явж байгаа учраас Хар жагсаалтад оруулахгүй, хяналтаа сайжруулах шахалт үзүүлж байна. 

Үндсэндээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр террористууд бүлэглэн байрших эрсдэл байна, хар тамхи наймаалах, мөнгө угааж, мөнгөөрөө террористуудыг дэмжих эрсдэл байна гэдгийг анхааруулж байна. Хэрэв анзаарвал Саарал жагсаалтад орсон орнуудад хэр баргийн улс, ялангуяа их гүрнүүдийн талаас хүрч ирээд, Саарал жагсаалтаас гарахад чинь тусалъя гэхгүй шүү. 

Энэ бол биднийг дэмжиж байгаагийн том илрэл. Тэр ч байтугай АХБ-ны төлөөлөгч хүртэл “Бид Монгол Улсад туслахад бэлэн” гэж байсан. Тийм ч болж бүтэхгүй улс биш гэдгийг харуулаад байгаа юм. 

-АНУ Саарал жагсаалтаас гарахад туслах сонирхлоо илэрхийлэн, хамтран ажиллах гэж байгаа нь геополитик талаасаа манай хоёр хөршийн эрх ашгийг хөндөх эрсдэл бий юу?

-Хөндөхгүй. 

Нөгөө талаар, АНУ манайд туслах нэг хөшүүрэг нь бид өөрсдөө авлигалаасаа салах, мөнгө угаах системээ сайжруулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа харуулчихсан.

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахдаа “Манайхаас ямар нэгэн авлигалч ирэх, эсвэл авлигалаар, үндэслэлгүй, хууль бусаар олсон мөнгөөрөө Америкт үл хөдлөх хөрөнгө авах ч юмуу, мөнгө угаасан хэрэг гарвал түүнийг харилцан мэдэгдэж, хамтран ажиллая” гэсэн байсан. Саналыг Америкийн тал үнэлж хүлээж авсан нь үүгээр илэрч байгаа юм. 

-УИХ-ын дарга Г.Занданшатар бас захидал илгээсэн байсан. 

-Тийм. Ингээд Монгол Улс үнэхээр авлигалаасаа салах эрмэлзэлтэй байгаагаа харуулсан учраас Саарал жагсаалтаас гарахад туслахаар орж ирж байна. 

-Дэлхийн бохир мөнгөний нэлээд их хэмжээ нь хуурамч бараа бүтээгдэхүүний зах зээлд эргэлддэг юм билээ. Харин Хятад улс өөрөө хуурамч бараа бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч улс гэгддэг. Тэгэхээр энэ талаараа манай улс мөнгө угаах ажиллагаанд оролцож байна гэж үзэх талтай гэж зарим эдийн засагч ярьж байсан. Ийм боломжтой юу?

-Тэрийг би бол хэтрүүлэг гэж үзнэ. Хуурамч бараа бүтээгдэхүүн ганц Хятадад ч биш, хаана ч байдаг. Тэрийг хаана ч зарж, худалдаж авдаг. Хуурамч барааг бид худалдж авснаараа хохирохоос цаашгүй. 

Харин Монголын нутаг дэвсгэр дээр сая гарсан хэрэг шиг хятадууд хэдэн зуугаараа хүрч ирээд мөнгө угааж байсан нь маш ноцтой асуудал. 

-Цахим гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй хятадуудыг янз янзын орнуудаас барьсан тохиолдол цөөнгүй юм билээ. Үүнийг мөнгө угаасан гэж тодорхойлсон хэрэг үү?

-Мөнгө угаасан хэрэгт оролцуулна, залилан хийж байна гэдэг утгаараа. Ер нь пирамидаас эхлээд залилан гэдэг бол мөнгө угааж байгаа нэг хэлбэр. Гарал үүсэл нь тодорхойгүй мөнгийг бохир мөнгө гэж үзэхээс гадна мөнгөтэй холбоотой залиланг мөнгө угаах хэрэгт оруулна

Өөрөөр хэлбэл, манай хяналт сул учраас мөнгө угаах түшиц газар болгосон хэрэг. Үүнд хятадууд эмзэглэж байгаа учраас Саарал жагсаалтад ороход дэмжсэн байх талтай. Миний олж мэдсэнээр БНХАУ ФАТФ-ыг даргалж байгаа юм билээ. Энэ бүхнээс үүдээд, хяналт тавихгүй бол Монгол үнэхээр болохгүй байна гэж үзсэн байх. 

-Австрали улс Америкийг дагадаг байж болох ч түүхий эд талаасаа Монголыг саарал жагсаалтад оруулсан байх боломжтой юу. Тухайлбал, “Рио Тинто”, “Оюу толгой”-той холбоотойгоор тийм санал гаргасан байж болох уу? 

-”Рио Тинто”-той холбоотойгоор буюу хөрөнгө оруулалтаа хамгаалах сонирхол байгаа. Нарийндаа, Баруун гэдэг бол капиталаа хамгаалдаг ертөнц. Тэгэхээр “Рио Тинто”-г хэдийгээр Австрали хамгааллаа ч цаана нь ашиг сонирхол нэгтэй түнш гэдэг утгаараа Америк ч хамгаална. Учир нь тэд бол бизнесээрээ холбогдсон, түнш гэдгээрээ бие биедээ итгэдэг улсууд.  

-Тэгэхээр үүнийг дагаад Дэлхийн банк, ОУВС бүгд хамгаалж байгаа гэсэн үг биз?

-Тийм, бүгдээрээ хөрөнгөө хамгаалахын тулд системээрээ ажилладаг. Дэлхийн эдийн засгийн бодлого бол том л доо.

-Умард Солонгосын асуудлыг хөндөж тайлбарлах мэргэжлийн хүмүүс байсан. ФАТФ-ын Хар жагсаалтад орсон тус улстай харилцаатай байж, иргэдийг нь Монголд ажиллуулж, цалинжуулж байгаа нь терроризмыг дэмжсэн гэж. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Угаасаа манайд БНАСАУ-ын хүмүүс тодорхой хэмжээнд ажиллаж байсан. Тэгээд АНУ-аас бодлого гаргаж, улс орнуудад нутаг дэвсгэрээсээ Хойд Солонгосын ажилчдыг гарга гэсэн зөвлөмжийн чанартай мэдэгдэл өгч байсан. Энэ дагуу манайх гаргасан байх гэж бодож байна. 

Гэхдээ НҮБ-ын гишүүн хоёр орон хоорондоо хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаатай байх нь асуудал биш. Үүнд ямар ч гүрэн шахалт дарамт үзүүлэх үндэслэлгүй. Хэрэв тэгж үзүүлж байвал тухайн улсын дотоод хэрэгт оролцож байна гэсэн үг. Бидний юу хийхийг зааж байна л гэсэн үг. Тийм зүйл байхгүй. 

Үнэхээр Хойд Солонгос асуудал байгаад, түүнийг Саарал жагсаалтаар дамжуулан шахах хэрэгтэй байсан бол 2013 онд Сааралт жагсаалтад оруулахдаа л шаардах байсан. 

-Томчууд шийтгэлгүйгээр хэргээс мултраад албан тушаал хашаад байгаа талаар дээр дурдсан. Өнөөдөр ч гэсэн шүүхээр шийдэгдэхгүй яваад л байна. Ялангуяа, ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийг УИХ нь өөрсдөө хамгаалж авч үлдээд байгаа шүү дээ.

-Энэ чинь л Саарал жагсаалт руу орох үндсийг нь тавиад байгаа улс байхгүй юу. Яагаад гэвэл эрх баригчид нь өөрсдөө мөнгөний төлөө явж байгаа учраас болж өгвөл баяжчих санаатай. УИХ-ын гишүүд нь болж өгвөл мөнгө хүүлэх сонирхолтой байгаа байхгүй юу. Тэрийг юугаар харж болох гэхээр УИХ-ын гишүүд нь хүртэл казинод орж байсан тохиолдол гардаг. Үүгээр л ямар их эрсдэлтэй хүмүүс тэнд байгааг харж болно. 

Хэрэв өөр нэг улсын парламентын гишүүн, бүр Ерөнхийлөгч нь казинод үзэгдсэн гэвэл “Би огцоръё” гэдэг. Гэтэл манай экс Ерөнхийлөгчийн казинод тоглож байсан зураг олон нийтийн сүлжээгээр яваад л байсан. Товчхондоо манай төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө мөнгө угаах сонирхолтой байгаа хэрэг. Тийм ч учраас зарим хүн сая Саарал жагсаалтад ороход “Сүржигнэж авч үзэх хэрэггүй, сүртэй юм биш. Харин ч манайд ашигтай” гэх маягаар тайлбарлаад байсан, хүмүүс санаж байгаа байх. 

Ямар ч тохиолдолд, зөвхөн ФАТФ ч биш, интерпол гэх мэт олон улсын хяналтын байгууллагад ороход зөвлөмж өгч байвал олон улстай харьцахад саад учруулахуйц нөхцөлүүд бий болно. Манай улс болохгүй байна аа л гэсэн үг. Тэр тал дээр сайн, муу гэж үзэл бодлоо илэрхийлэх ерөөсөө сонин биш. Наанадаж л олон улсын банк, санхүүгийн байгууллагууд Монголын банкуудтай харьцаж болохгүй гэж байгаа бол манайх болохгүй байгааг л хэлж байгаа хэрэг шүү дээ. Энийг сайн талаас нь мянга тайлбарлах гээд нэмэргүй. 

-Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, чулуу зэрэг арилжааны салбаруудыг ФАТФ онцолж анхааруулсан. Харин манай УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтнууд үнэтэй хөөрөг цуглуулдаг, үл хөдлөхийн бизнестэй байдаг. Ийм байхад манай улс Саарал жагсаалтаас гарах боломж хэр ойрхон байх вэ?

-Саарал жагсаалттай холбоогүйгээр, манайд нэг том асуудал байна. Монголд ардчилал байхгүй. Капитализм л байгаа. Тэр дундаа миний ойлголтоор Зэрлэг Капитализмын хамгийн зөөлөн хувилбар нь байгаа. 

Парламентын гишүүд хувьдаа хөрөнгөтэй байна уу хамаагүй, компанийн хувьцааг эзэмшсэн байх бүрэн боломжтой. Капиталист бүх оронд тийм л байдаг. Аа харин, Монгол Улс АРДЧИЛСАН орон болох гээд яваад байгаа. Ардчилсан орон болно гэхээр тэр бүх эд хөрөнгө, хувьцаагаа бүгдийг нь үр хүүхэд, эсвэл түншдээ өгөөд өөрөө их хуралд нэр дэвшиж явдаг. Энэ бол АРДЧИЛЛЫН ЗАРЧИМ. 

Украйн ч байна уу, Европт ч байна уу, өндөр албан тушаалтнууд компанийн тодорхой хэмжээний хувьцааг эзэмшдэг. Энэ бол капитализм. Ардчилал, капитализм хоёр ялгаатай зүйл. Манай улс “Ардчилал” гэж ярьдаг л болохоос амьдрал нь мөнгөн дээр явж байгаа. Тиймээс би Монгол Улс зэрлэг капитализмын хамгийн зөөлөн хэлбэрээр явж байгаа гэж хэлнэ. 

-Саарал жагсаалтаас гадна олон улсын харилцааны талаар таниас асуумаар байна. Энэ жил гадаад харилцаа талаасаа Монгол Улс нэлээд хөдөлгөөнтэй жил байлаа. АНУ-аас л гэхэд өмнө байгаагүй олон албаны хүн ирлээ. ОХУ, АНУ-тай стратегийн түншлэлийн хэлэлцээр байгууллаа. Олон улсын талаас нь харвал та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Гадаад бодлогын хувьд бид гайгүй яваад байгаа. Ер нь олон улсын харилцааны бичигдээгүй хууль гэж байдаг. Хэдийгээр бид дотроо дураараа аашилж, тэр хүмүүс нь аливаа нэг бодлого боловсруулахдаа хувийн эрх ашгийн үүднээс хандаж байгаа ч олон улсын нөхцөлд тоглоомын дүрэм гэж байдаг. Тэр хэмжээндээ манай гадаад бодлого гайгүй явж байгаа. Амьдралаас урган гарч ирсэн чиг шугам гэдгийг бүгдээрээ ойлгоод явж байгаа. Гагцхүү хэрэгжилт дээрээ тулахаар л асуудал үүсгэдэг. 

Гадаад харилцаанд хэрэгжилт гэж юуг хэлдэг гэхээр олон жил ярьсан Монгол Улс нэг цонхны бодлоготой байх явдал. Одоо болтол тэрийгээ биелүүлж чаддаггүй. Ерөнхийлөгч нь гадаадад очоод нэг юм ярьдаг. УИХ-ын дарга нь өөр зүйл ярина. Ерөнхий сайд мөн л өөр юм ярина. Тэгэхээр нөгөө улс орнууд нь хэнийг нь дагахаа мэдэхгүй.

Харин сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Парламентынх нь эрхийг илүү давамгай болгоод Ерөнхий сайд бүхнийг мэддэг болж байна. Одоо гол мэддэг хүн нь Ерөнхий сайд юм байна гэдэг ойлголтыг гадаад улс орон авч болохоор болж байна. Тэгэхээр хэн ч очиж, юу ч гэж бурсан хамаагүй, Ерөнхий сайдтай нь гэрээ байгуулах хэрэгтэй юм байна гэдгээ ойлгох байх гэж найдаж байгаа. 

-Худалдааны дайны талаар та ямар бодолтой байна вэ. Монгол Улсад нөлөөлөх талаар хэрхэн харж байна вэ?

-Улт төр, эдийн засаг хоёрын аль нь түрүүнд вэ гээд маргалддаг. Эдийн засагчид бол улс төр хамаагүй, эдийн засаг түрүүнд нь явна гэдэг. Даяаршлыг харахад эдийн засаг түрүүнд явна гэж мэтгэдэг. Тэр талаасаа үнэн хэдий ч улс төр түрүүнд нь явдаг. Хятад, Америк хоёрын хувьд бодлогоо тулгахын тулд эдийн засгийг хөшүүрэг болгож байгаа хэрэг шүү дээ. Тийм учраас худалдааны дайн явж байгаа. Эрх биш хүний амь нас, бүтээн байгуулсан зүйлээрээ хохирохгүй. Тоон дээрээ л “дайтаад” буй. 

Одоохондоо Монголд нөлөөлөхгүй. Хориг хаана тавигдаж байна гэдгээс шалтгаална. Хэрэв анзаарсан бол Хятад, Америк хоёр хамгийн эмзэг салбаруудаа харилцан онилоод буй. Тэр нь явсаар одоо бүр хүнд байдал руу орсон. Эхлээд энгийн бараа байсан бол сүүлдээ технологийн бараа руу орж эхэлсэн. Энэ бол илүү аюултай. Гар утасны эд анги гээд л эхлэхээр ганц тоон үзүүлэлт ч биш, үндэсний аюулгүй байдал руу ороод явчихаж байгаа юм. 

Энэ талаас нь харвал өндөр технологи ч юм уу, манайхаас гаргадаг зэс, молибдений орцтой бүтээгдэхүүнд тарицын хориг тавиад ирвэл Монголд нөлөөлнө. Бусад тохиолдолд яагаад ч нөлөөлөхгүй. Нэг зураг байдаг шүү дээ, Хятадын зах зээлийг үнээ гэж бодвол Монголын зах зээл сүүлэн дээр нь сууж байгаа ялаа. Тиймээс юу ч мэдрэгдэхгүй. Дэндүү том эдийн засаг шүү дээ. Тэд дэндүү томоор тоглож байгаа. Манайд тэр бол мэдэгдэхгүй. Үнэхээр энэ хоёр гүрэн донслоод эхэлбэл харин манайд мэдрэгдэнэ. Одоохондоо донсолсон зүйл байхгүй.