Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхий лагийг шахах үед гардаг байсан үнэр бүрэн арилсан гэв

Д.Янжиндулам, ikon.mn
2019 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Лагийн талбайг үнэргүйжүүлэн хөрс, бордоо болгох ажил дууссан талаар өмнө нь НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн билээ.

Тэгвэл олон жилийн туршид хуримтлагдсан хур лаг, өдөр тутамд гарч буй шингэн лаг, байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь лагаас өмхий үнэр ялгарч, үнэр тархдаг байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Барилга, хот байгуулалтын яамнаас үнэрийг арилгах төсөл хэрэгжүүлсний үр дүнд лагаас ялгарах үнэр бүрэн дарагдсан аж.

Хуримтлагдсан 250,000 м3 хур лаг болон байгалийн аргаар хатааж буй 44 карт дахь 600,000 м3 лагийг Япон улсын технологи болон Монгол эрдэмтдийн туршлагаар үнэргүйжүүлж, бордоо, хар шороон хөрс болгон боловсруулжээ.

 

Лагийг боловсруулан гаргаж авсан бордоо, хар шороон хөрсийг цаашид Улаанбаатар хотын ногоон байгууламж, уул уурхайн нөхөн сэргээлтийн хэрэгцээнд ашиглах нөхцөл бүрдэж байна.

Төв цэвэрлэх байгууламжид өдөр тутамд ирдэг 1,200м3 түүхий лагийг ил задгай аргаар хатаадаг байсныг бүрэн зогсоож, лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Ингэснээр өглөө оройдоо түүхий лагийг шахах үед гардаг байсан үнэр мөн адил бүрэн ариллаа гэж Барилга, Хот байгуулалтын яамнаас мэдээллээ.