Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид гадаад орчноос эерэг нөлөөлөл хүлээх шаардлага байхгүй"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 2020 оны эдийн засгийн нөхцөл байдлын хүлээлт ямар байгаа талаар Голомт банкны Нөөцийн удирдлагын газрын Арилжааны хэлтсийн захирал, эдийн засагч Г.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. 

- Ирэх онд манай улсын хувьд чухал шийдвэр гаргах олон ажил бий. Мөн АНУ, БНХАУ-ын худалдааны дайны сүүлд хийсэн хэлэлцээртэй холбоотойгоор 2020 онд манай улсын эдийн засгийн төлөв ямар байна гэж та таамаглаж байна вэ?

- Манай улс бол жижиг, нээлттэй, хэрэглэгч эдийн засагтай орон. Иймд бид хамгийн гол нь гадаад орчны нөлөө ямар байхыг тодорхой болгож, эрсдлүүдээ тооцох нь хамгийн чухал.  

Ингэж гадаад орчинтой холбоотой, уялдуулсан бодлогыг хэрэгжүүлэх юм бол эрсдлийг удирдах, даван туулах боломж гарч ирнэ.

Одоогийн байдлаар Америк-Хятадын худалдааны дайныг түр зогсоох “нэгдүгээр үе шат”-ны гэрээг байгуулахаар талууд тохиролцож чадлаа.Энэ нь түүхий эдийн зах зээлд бидний өмнө төсөөлж байсан шиг эрсдэл үүсэх магадлалыг буурууллаа. Гэвч талууд гадаад худалдааны хэлэлцээрээ бүрэн шийдээгүй. Шийдэхэд ч их хугацаа орно. Иймээс тайвширч болохгүй. Болзошгүй эрсдэлд бэлэн байх хэрэгтэй.

Сайн мэдээ гэвэл ханш илүү ихээр унах эрсдэл буурлаа. Гэхдээ бид гадаад орчноос эерэг нөлөөлөл хүлээх шаардлага байхгүй.

- Харин манай улсад түүхий эдийн ханшийн өөрчлөлт ямар байх бол?

- Манай түүхий эд гэвэл зэс, нүүрс, алт, газрын тос, төмрийн хүдэр тав л байна. Энэ тав нийлээд экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг. Ерөнхий дүр зургаар нь харвал үнийн эсвэл тоо хэмжээний хэт уналт үүсэхгүй гэсэн таамаглалтай байна. Харин бага зэргийн уналтууд үүсэх эрсдэлтэй.

Нүүрсний экспортын хэмжээний хувьд энэ жилийнхээс бага зэрэг буурах болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ нь үнийн уналт болон тоо хэмжээний бууралттай холбоотой гэсэн үг. Хятадын эдийн засгийн өсөлт саарахын хэрээр үнэ буурч байгаа бол ОХУ Хятад руу зарж буй нүүрсээ нэмэгдүүлж байгаа нь манай экспортын хэмжээнд сөргөөр нөлөөлөх юм.

Алтны экспорт буурах эрсдэлтэй. Учир нь алтны роялти 2.5 хувь байсныг нэмж 5% болгосноос үүдэн алт олборлолт, арилжаа далд хэлбэрт шилжсэн. Оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд Монголбанканд худалдсан алтны хэмжээ өмнөх оноос 20 гаруй хувиар буурсан юм. Жилийн дүнгээр 30 хувиар буурах хүлээлттэй байна. Аз болоход алтны ханш гадаад худалдааны дайнаас үүдэн өссөн учир тоо хэмжээний бууралтын сөрөг нөлөөллийг зөөллөсөн.

Харин зэсийн үнэ ба хэмжээ харьцангуй өндөр түвшинд хадгалагдана гэж бодож байна. Ямар нэгэн сөрөг нөлөөлөл бага байх. 

 

- Хэрэв Тавантолгойн IPO хийх асуудал шийдэгдвэл 2020 онд манай эдийн засагт нөлөө хэр хэмжээний нөлөө авчрах бол?  

- Энэ IPO заавал амжилттай болох ёстой. Учир нь 2012 оноос хойш манай нэр хүнд олон улсын зах зээлд навс унасан. Юу болсныг бүгд мэдэж байгаа. Оюутолгойн төсөл тойрсон маргаан одоо хүртэл дуусаагүй. Ийм нөхцөлд бид энэ IPO-г амжилттай хийж, цааш нь зөв менежментээр удирдаж, олон улсад өөрсдийгөө харуулах нь нэн чухал.

Дэлхийн тавцанд Монгол Улсыг дахин гаргаж, шинэ дүр төрхөө амжилттай бүтээхэд энэ ажил маш чухал. Цаашлаад 2021 оноос Засгийн газрын гадаад бондыг амжилттай эргэн төлөхөд ч нөлөөлнө. Бас энэ бол одоо бидэнд байгаа цор ганц бодит, томоохон боломж. Алдах эрх байхгүй.

 - Одоогийн валютын нөөцийг хангалттай хэмжээнд байгаа гэж та үзэж байна уу?

- Богино хугацааны эрэлтийг хангах нөөц хангалттай байгаа ч дунд, урт хугацаагаар тооцож харвал өөр дүр зурагтай байна. Нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай, бодлого, төлөвлөлттэйгөөр хийх хэрэгтэй нь харагдаж байгаа. Уг нь бидний гадаад өр гэж яриад байгаа зүйл дааж давшгүй их тоо огт биш. Ердөө л 30 тэрбум ам.доллар. Үүний 7.3 тэрбум нь л Засгийн газрын өр. Гэтэл бид одоогийн үнээр бодоход газар доороо 3-3.5 их наяд ам.долларын баялагтай улс. Үнэ нь өсөхөд энэ баялгийн үнэлгээ дагаад өснө. Тэгэхээр ерөөсөө зөв менежмент, бодлого л хэрэгтэй.

Баялгаа төрийн зөв бодлоготойгоор ашиглаж, олсон орлогоо ухаалаг зарцуулаад эхэлбэл 30 тэрбум ам.доллар гэдэг асуудал биш. Гадаадын хөрөнгө оруулагчид манай улсын бондыг худалдаж авдаг гол шалтгаан бол энэ. Одоо манай Засгийн газрын бондын өгөөж 3-5 хувьтай байна. Ийм бага түвшинд байгаа нь ч бидэнд нөөц бололцоо хангалттай байгааг гадаадын хөрөнгө оруулагчид мэдэж байгаатай холбоотой.

Гагцхүү байгалийн баялгаа бид үргэлж хөрөнгийн зах зээлээр дамжуулан ашиглаж, монгол хүн бүрт баялгаасаа тэгш хүртэх боломжийг нээхээс гадна аливаа томоохон ордтой холбоотой мөнгөний урсгалыг ил тод болгох хэрэгтэй байна.