Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нэхмэлийн шарын хуучин байрыг нураахад газраа чөлөөлсөн иргэдэд шинэ байрных нь талбайн хэмжээг нэмжээ

ikon.mn
2019 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын ажил үргэлжилж байгаа билээ. Тэгвэл хуучин гурван давхар 18 айлын орон сууцны газар дээр нэг жил найман сарын хугацаанд 16 давхар бүрэн цутгамал 187 айлын орон сууц ашиглалтад орж, шинэ байрны батламж, түлхүүрийг өчигдөр оршин суугчдад гардууллаа.

Энэ үеэр нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд өнөөдөр шинэ орон сууц ашиглалтад орж, оршин суугчдад батламж, түлхүүрийг гардуулж байна.

Хариуцлагатай ажиллаж, барилгын ажлыг хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн хотын хөгжлийн төлөө газраа чөлөөлж хамтарч ажилласан оршин суугчиддаа цаашдын амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээлээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хуучин байрны оршин суугчид, гүйцэтгэгч компани гурав гурвалсан гэрээ байгуулж, төлөвлөсөн хугацаанд нь барилгын ажлыг “АСИАН СИТИ” ХХК гүйцэтгэсэн байна. Ингэхдээ гүйцэтгэгч компани газраа чөлөөлж өгсөн оршин суугчдад хуучин байрны талбайн хэмжээн дээр нь 6 метр квадратыг нэмж өгснөөрөө давуу талтай юм.

Мөн оршин суугчдад 20 сарын хугацаанд өөр байранд амьдрах түрээсийн мөнгийг сар бүр тасалдахгүй төлж ирсэн байна.

Оршин суугчдын зүгээс дахин төлөвлөн барилгажуулах ажлыг зохион байгуулсан албаны хүмүүст болон гүйцэтгэгч компанийн хамт олонд маш их баярлаж байгаагаа түлхүүр гардуулах үеэр илэрхийлж байв.