Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Грета Тунбэрг дэлхийн удирдагчдыг цаазлахыг уриалаагүйгээ тайлбарлаж, уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, 16 настай швед охин Грета Тунбэрг буруу ойлгогдохоор үг хэлсэндээ уучлал гуйжээ.

Тэрээр Испанийн Мадрид хотод болсон НҮБ-ын уур амьсгалын чуулганд оролцоод буцах замдаа Баасан гарагт Италийн Турин хотод нэгэн арга хэмжээнд оролцож, үг хэлсэн юм.

Энэ үеэр тэр “Дэлхийн улс орнуудын удирдагчид хариуцлагаас зугтахыг хичээж байна. Бид тэднийг гарах гарцгүй болтол нь шахаж, бидний ирээдүйг хамгаалах ажлыг хийлгэх ёстой” гэж хэлжээ.

Ингэхдээ Грета “put against the wall” гэсэн англи хэлний хэлц үгийг ашигласан байна. Энэ нь нэг талаас гарах гарцгүй болгох, буланд шахах гэсэн агуулгатай. Харин нөгөө талаас хүнийг хананд тулгаж зогсоогоод салаа цэргээр буудуулж цаазлахыг хэлдэг байна.

Гретагийн хэлсэн үг зарим хүмүүст буруугаар ойлгогдсон тул тэрээр твиттер хуудсандаа залруулга гаргаж, уучлал гуйжээ.

“Өчигдөр би удирдагчдыг хариуцлагатай байлгахыг уриалахдаа англи хэлний буруу хэлц үг ашиглажээ. Уг нь би швед хэлний бусдад үүрэг хариуцлагыг нь үүрүүлэх гэсэн агуулгатай үгийг англи хэлээр хэлсэн юм. Буруу ойлгосон хүмүүсээс уучлал гуйж байна” гэж тэр бичсэн байна.

Грета Тунбэрг дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх залуу үеийнхний хөдөлгөөнийг эхлүүлснийхээ төлөө өнгөрсөн долоо хоногт “TIME” сэтгүүлийн оны хүнээр шалгарсан юм.

 

Эх сурвалж: BBC