Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Харви Уайнштэйн 30 гаруй хохирогч эмэгтэйд $25 саяыг хувааж өгөхөөр тохиролцжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн алдартай продюсер Харви Уайнштэйн өөрийг нь хүчин, бэлгийн дарамтын хэрэгт буруутгасан 30 гаруй эмэгтэйд нийт $25 саяыг төлөх урьдчилсан тохиролцоонд хүрсэн талаар Нью Йорк Таймс сонин өчигдөр мэдээлжээ.

Хэрвээ шүүх үүнийг нь зөвшөөрвөл тэрээр өөрт нь тулгасан олон хэргийг хаах боломжтой болно. 

Урьдчилсан байдлаар АНУ, Канад, Британи, Ирландад амьдарч буй ихэнх хохирогчид тохиролцоонд хүрээд байгаа гэнэ. Гэхдээ энэ мөнгө Уайнштэйний халааснаас гарахгүй, харин түүний Weinstein Company компанийн дампуурлыг хариуцаж байгаа даатгалын компаниудаас төлж барагдуулахаар болжээ.

Холливүүдэд нөлөө бүхий Уайнштэйн кино уран бүтээлд нь тусалж, од болгох нэрийдлээр олон тооны эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, заримыг нь хүчиндсэн хэрэгт буруутгагдан 2018 оны тавдугаар сард баривчлагдаж, дараа нь барьцаагаар суллагдсан юм.

Өчигдөр шүүх түүнийг шагайнд нь зүүсэн байрлал тогтоогч төхөөрөмжийг эвдэхийг оролдсон шалтгаанаар барьцааны мөнгийг нь $1 саяас $5 сая болгон өсгөжээ. Сэжигтнийг хянадаг уг төхөөрөмж буруу ажиллаж, хөлийг нь гэмтээсэн шалтгаанаар Уайнштэйн өчигдөр шүүх дээр дугуйт таягтай ирсэн байна.

Зарим хохирогч Уайнштэйнтэй тохиролцох хүсэлгүй байгаа ч өөр сонголтгүй болоод байгаагаа ярьсан юм. Тухайлбал 1993 онд түүний бэлгийн халдлагын хохирогч болж байсан жүжигчин Катерин Кендал “Би энэ тохиролцоонд дургүй байгаа ч өөрөөр яахаа мэдэхгүй байна” гэж Нью Йорк Таймс сонинд ярьжээ. Тэрээр нэрт продюсерыг ийм аргаар ялаас мултарч, буруугаа хүлээхгүй өнгөрөх санаатай гэж үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian