Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Хулан: Танайхаас бид контент авах боломжтой юм гэсэн "The New York Times"-ийн санал маш том үнэлгээ байсан

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монголын сэтгүүлийн хөгжилд шинэ салхи татуулж, огт өөр өнгө төрхөөрөө маргаангүй  ялгарч буй “Гэрэг” сэтгүүл таван нас хүрчээ. Энэ хугацаанд тэд цахим мэдээллийн шуурган дунд амьдрах өнөө цагт залуус, тэр дундаа миллениалуудын өвөрмөц сонирхолд нийцсэн чанартай контент үйлдвэрлэж буй Ub.life сайтыг эрхлэн гаргаж “Анлимитэд медиа групп" болон өргөжөөд буй. Таван жилийн ойн хүрээндээ тэдний хийсэн бас нэг шинэ алхам нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь хамтрагч болсон явдал байв. 

Энэ хүрээнд “Гэрэг” сэтгүүл "The New York Times"-тай хамтран хоёр тусгай дугаар гаргасан нь уншигч олны таашаалд хүрч, өнгөрсөн амралтын өдөр болсон сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Ган үзэг” наадмаас “Оны шилдэг сэтгүүл” шагнал хүртээд байгаа билээ. Зөвхөн Монголд ч биш, олон улсад ч тус сэтгүүлийн хамт олны чадварыг үнэлээд буй болон цаашдынх нь том зорилтын талаар "Анлимитэд медиа групп"-ийн Дэд захирал Ж.Хулантай ярилцлаа. 



-Оны шилдэг сэтгүүл шагналыг гурав дахь удаагаа хүртэж буй “Гэрэг” сэтгүүлийн хамт олонд нь юуны өмнө баяр хүргэе. Шагналын тухайд ямар сэтгэгдэлтэй байгаа талаар яриагаа эхлүүлье. 

-Баярлалаа. Анх долоо хоног тутам гарч байсан “Гэрэг” сэтгүүлээ бид жил хагасын өмнөөс сар тутам уншигчдадаа хүргэж эхэлсэн. Улирч буй жилийн эхэнд бид "The New York Times Licensing Group"-ийн Монгол дахь хамтрагч болсон. Ингэснээр зөвхөн “The New York Times” сонин төдийгүй лицензийн группийн харьяанд буй мэдээллийн олон брэндийн контентийг бүхий л хэлбэрээр авах боломжтой гэсэн үг.

Хамтрагч болох явцдаа гадны хэвлэлүүд ерөнхийдөө манай зах зээлд орж ирэх сонирхолтой байдгийг олж харсан. Яагаад гэвэл биднийг ажлаа эхлэхэд "The New York Times"-ийнхан Монгол дахь хамтрагч нь хэн байх вэ гэдэг талаар хэдийн судалгаа, эрэл хайгуул хийчихсэн байв. Азаар өнгөрсөн жил Азийн сэтгүүл зүй, Азийн медиа форум зэрэг олон улсын хурлуудад оролцож, харилцаа холбоо тогтоосны дүнд манай сэтгүүлийг боломжит хамтрагч хэмээн үзэж биднийг сонгосон. 

Ингээд эхний хамтарсан дугаараа сэдэвчилж гаргая гэж шийдээд, "The New York Times"-ийн тэр олон брэнд контентуудыг тодорхой бүтэц, зохион байгуулалттайгаар гаргахаар судалсан. “Гэрэг - NYT” хамтарсан дугаараа улиралд нэг удаа бэлтгэхээр болж, хавар “Women today”, сая “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар”-аа гаргасан юм.

Хамтын ажиллагаа гэдэг бол зүгээр л контент орчуулж гаргах төдий биш, суралцах маш том боломж 

Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага бүтээлээ яаж гоё болгох вэ гэдэгт анхаардаг. Ялгаагүй, бид ч илүү гоё сэтгүүл гаргахыг зорьсон.

“Women today” дээр хэн нэгэн хүнийг онцлохоосоо илүү Монголд ямар асуудлууд тулгарч байна, тэдгээрийг шийдэх гэж яваа дүрүүд хэн бэ гэдгийг гаргаж ирэхээр ажилласан. “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар”-ын тухайд хотоо эргэн харъя л гэсэн юм.

Хотоо эргэж хараад зураглахад үг хангалтгүй байв. Тиймээс сонирхолтой дүрслэлүүдийг оруулъя гэхэд манай дизайнерууд олон улсад үнэлэгдээд байгаа тэр гоё, хатгамалтай эдиториал цувралыг бүтээсэн. Үүнд Улаанбаатар хотын сонирхолтой барилга байшин, хаяг реклам гээд бүх элементийг багтаахдаа хатгамал оруулж шийдсэн. Энэ ажлууд маш өндөр үнэлгээ авсан. 

Фото: “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” бүтэж буй нь

-Гэрэл зураг, бичвэрээс гадна сэтгүүлийн коверийн шийдэл, ур хийц илүүтэй үнэлэгдсэн байх нь, тийм үү. Энэ санааг хэрхэн олсон бэ?

-Улаанбаатарын тухай дугаар гаргах санаагаа “Women today” сэтгүүлийн нээлтийг тэмдэглэх үеэр олсон. Тэр арга хэмжээнд Пулитцерийн шагналт сэтгүүлч Эмили Стийл болон "The New York Times"-ийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан төлөөлөгч ирсэн байв. Бид энэ үеэр ярилцаж байхдаа тусгай дугааруудаа сэдэвчилж гаргах талаар шийдэлд хүрсэн. Харин Хот бүс нутгийн төлөвлөлтийн мэргэжилтэн Б.Дөлгөөнтэй тэр үеэр ярилцах зуураа Улаанбаатараар сэдэвчилж сэтгүүлээ хийх санаа төрж, гаргахаар болбол туслахыг хүсэж байв.

Ингээд есдүгээр сараас сэтгүүлийн төлөвлөгөөгөө гаргаж эхлэхийн зэрэгцээ энэ дугаартаа мэргэжлийн хүмүүсээр зөвлөх баг бүрдүүлж агуулгаа тодорхойлох нь зүйтэй юм байна гэж бодсон.  Дөлгөөнөөс гадна хотын асуудлаарх “Эсгий хот” подкастаар танил болсон хот төлөвлөлтийн мэргэжилтэн Б.Энхжин, “Sustainable Mongol” тогтвортой хөгжлийн подкастын эрхлэгч Н.Энхзул нар бидний саналыг хүлээн авснаар мэргэжлийн түвшинд контентуудаа бэлтгэхэд дөхөм болсон. Яагаад гэвэл орчин үеийн хот төлөвлөлт биднээс хол сэдэв байв. Улаанбаатартаа амьдраад байгаа хэрнээ хотын асуудлуудыг нарийн харах өнцгөө мэдэхгүй байлаа. 

Яг үнэндээ тэр үед замын түгжрэлээс болж Жакартак нүүлгэх Индонезийн Ерөнхий сайдын шийдвэрийг хараад “Яагаад бид ч бас Майдар хот руу нүүж болохгүй гэж. Ингэж түгжрэлдээ бухимдан суух хэрэг юу байна” гэсэн бодол ч төрж байв. Харин зөвлөхүүдтэйгээ ярилцаад, сэтгүүлээ бэлдэх явцдаа Улаанбаатар хот маань туйлдаа хүрчихсэн биш, харин ч шийдэх боломжтой, шинэ, залуу, өөрийн гэсэн дүр төрхтэй хот болохыг ойлгож итгэл төрсөн гэх үү дээ.

Ингээд сэтгүүлийн бодлогоо тодорхойлсон. Хотод маань ямар итгэл найдвар байгааг илэрхийлж мөн бидний уншигчид болсон залуус ямар хот, ямар орчин мөрөөдөж байгааг шийдвэр гаргагчдад хүргэсэн дугаар болгохыг зорьсон.

- Сэтгүүлийн хавтсыг хатгамал оруулж шийдсэн нь яах аргагүй өвөрмөц юм.  Өмнө нь ийм шийдлээр сэтгүүлийнхээ нүүрийг чимж байсан газар санаанд орохгүй байна. 

- Бид сэдвийн талаарх санаагаа редакцдаа олон удаа ярилцсан. Тэр бүх санаа, төсөөллийг манай сэтгүүлийн Арт директор З.Энхмөнх, дизайнер Х.Сүрэн нар ийнхүү амьдруулж, сэтгүүлийн нүүрийг бүтээсэн. 

Тэд Улаанбаатар хотыг илэрхийлэх юм бүхний зургийг сарын турш явж авсан бөгөөд модель, нүүр будагч,  гэрэлтүүлэгч, стилист гэх мэт 11 хүнтэй ажиллаж байж сэтгүүлийн энэ ковер болон найман хуудас цуврал бүтээлээ хийсэн. Арт директоруудын маань уран сэтгэмжээс бүтсэн энэ хавтас сэтгүүлийг үнэхээр амь оруулсан

Ер нь редакциуд бид графикч, дизайнеруудаа бага анхаарч ирсэн юм болов уу. 

Гэтэл энэ хүмүүст маш их санаа, агуулга давхар явж байдаг. Энэ хүмүүстээ бүтээл хийх боломж, цаг хугацаа, талбарыг нь гаргаж өгвөл санаа улам баяжиж, маш их юм гардаг гэдгийг Улаанбаатарын тусгай дугаар маань харууллаа. Шилдэг сэтгүүлийн шагнал өгөхдөө ч “Дэлхийн жишигт нийцсэн агуулга, өнгө дизайнаар бүтээгдсэн нь Монголын сэтгүүл зүйн түүхэнд шинэ өнгө төрх нэмж, шинэлэг загвар дизайныг бий болгосон” гэдгийг онцлоод биччихсэн байсныг уншиж өгсөн.  

Видео: “Адал явдалч, амьд, адармаат Улаанбаатар” бүтэж буй нь

- "The New York Times"-тай хамтран гаргах дараагийн сэтгүүлийн сэдэв юу байх бол гэдэг нь анхаарал татаад байна. 

- "The New York Times"-ийн оны төгсгөлийн “Turning Points” буюу "Эргэлтийн цэг" хэмээх дэлхийн 30 орчим улсад, 13 хэлээр гардаг брэнд дугаар байдаг. Энэ дугаарыг гаргах эсэх талаар бид эхэндээ эргэлзэж байлаа. Яагаад гэвэл "The New York Times"-тай хамтарч ажиллахад зохиогчийн эрхийн нэлээд төлбөр төлөх санхүүгийн асуудал гарч ирдэг. 

Гэхдээ нэгэнт нийтлэн гаргах эрх нь нээлттэй учраас бид гаргахаар шийдэж “Turning Points”-оо орчуулах ажилтай сууж байтал “Танай сүүлийн дугаар дэлхийн жишигт хүрсэн сэтгүүл болсон байна. Ирэх 2021 онд олон хэлээр гарах “Turning Points” дээр танайхаас бид контент авах боломжтой юм байна гэдэг мэйл "The New York Times"-аас ирсэн. Энэ бол маш том үнэлгээ байсан.

Тэгэхээр энэ жилийн хувьд бид “Эргэлтийн цэг” тусгай дугаар Монголд гаргах бол ирэх жил дэлхий нийтийг хамарсан энэ дугаарт өөрсдөө бүтээл өгөх боломжоос атгаад байна.

-Хамтын ажиллагаа маш үр дүнтэй явж байгаа юм байна, тийм үү?

-Тэгж л найдаж байна. Хамтын ажиллагаа гэдэг бол зүгээр л контент орчуулж гаргах төдий биш, суралцах маш том боломж гэдгийг мэдэрсэн. Зөвхөн хавтасны хувьд логог хаана нь, ямар хэмжээтэй байрлуулах, агуулга, зургийн харьцаа гээд маш олон стандартад нийцэхийн тулд алхам бүр нь сургалт болж байна. Цаашлаад бид оролцоотой байх боломжийг мөн олгож байна. Бидний анх тээсэн далд зорилго ч энэ байв, яаж өөрсдийнхөө контентыг нийлүүлдэг болох вэ гэдэг.   

Эхний дугаар дээр суралцсан үр дүн хоёр дахь дугаар дээр гарсан болов уу. Ази дотроо, энд тэнд явахдаа сэтгүүлээ үзүүлэхэд хүмүүс маш гоё хүлээж авч байсан. Мьянмарт мөн "The New York Times"-ийн “Women today” хийх гэж байгаа юм билээ. Тэд манай сэтгүүлээс үлгэрлэж, бидний туршлагаас судлах жишээтэй. БНСУ-ын редакц манай сэтгүүлийг үзээд бас үнэлсэн байна билээ. 

Энэ нь “Гэрэг” дангаараа сайндаа биш. Ерөөсөө Монголын хэвлэл мэдээллийн салбарын түвшин тийм муу биш гэдгийг олж харсан. Бидэнд харилцаа холбоо, тэр платформуудаа олж нээх нь л чухал байгаа юм. Тиймээс эрэл хайгуул хийж, холбоо тогтоож, сайн судлах хэрэгтэй юм байна. 

-Санхүүгийн асуудал гарч ирдэг талаар дээр дурдлаа. Гадны өндөр үнэтэй контентуудыг эрхийг аваад, стандартад нь нийцүүлэн орчуулаад дотооддоо хүргэнэ гэдэг бол маш их хөдөлмөр, хөрөнгө зардаг ажил. Гэтэл нөгөө талд уншигчд энэ үнэ цэнтэй бүтээлийг хэр хүлээж авч байна вэ гэдгээр бас нэг үр дүн нь хэмжигдэх байх. Та бүхэн уншигчдадаа судалгаа хийсэн болов уу. Манай уншигчид "The New York Times"-ийн контентыг хэр зэрэг хүлээж авч байна вэ?

-Манай хамтын ажиллагаа зөвхөн сэтгүүлийн хүрээнд биш, "Анлимитэд медиа групп"-ийн хэмжээнд буюу сайт дээр ч бүтээлүүдийг нийтлэх эрхтэй байгуулагдсан. Туршилтын хугацаанд бид эхний 30 хоногт өдөр бүр "The New York Times"-ийн том нийтлэлүүдийг цувралаар гаргаж байв. Гэтэл яг таны асуусанчлан зарим нийтлэл сайн хандалт авч чадаагүй. 

Гэхдээ энэ нь уншигчийн дадал зуршил, боловсролтой холбоотой гэж бодохгүй байна. Харин тухайн агуулга Монголын нийгэмтэй хамаатай байгаа эсэх нь чухал. Яагаад гэхээр эхний 10 хоногт хандалт сайн авахгүй байсныг анзаараад бид Фэйсбүүктэй холбоотой, ардчиллын тухай ч гэдэг юм уу, Монголд хөндөгддөг асуудлуудтай холбоотой нийтлэл оруулаад эхлэхэд маш өндөр хандалт авсан. 

Одооноос өдөр бүр биш, сард 15 нийтлэл оруулах байдлаар ажиллаж байгаа. Тэгэхээр бидэнд сэдвээ болон сайн нийтлэлээ олж сонгох хугацаа гарч ирж буй юм. 

Нөгөө талаар, уншигчийг хүлээж авахгүй байна гэж буруутгахаас илүү редакц хүнд хэрэгтэй агуулга яаж өгөх вэ гэдэг дээрээ анхаарах ёстой санагддаг. Манай компанийн зорилго ч тэр, бидний хамгийн гол баримтлах зүйл бол хүнд хэрэгтэй мэдээлэл хийх. Уншигч манай сайт руу зугаацах гэж орсон бол үнэхээр тэр хэрэгцээнд нь тохирсон контент хийсэн байх хэрэгтэй. Танин мэдэхүйн мэдээлэл өгөх гэж байгаа бол үнэхээр шинэлэг мэдлэгийг санал болгох хэрэгтэй. Тэр ч утгаараа бид "The New York Times"-аас хүнд хэрэгтэй бөгөөд өөрсдийн бүтээж чадахгүй, манай сэтгүүл зүйд хөндөж чаддаггүй, мэргэжлийн хүмүүс ховор зэрэг өнцгүүдийг авч, уншигчдадаа хүргэхийг зорьсон. 

 

- "Гэрэг” сэтгүүлээр эхэлсэн “Анлимитэд медиа групп" хүүхдээр бол хөлд орчихлоо. Энэ хугацаанд тодорхой амжилт гаргаж, өөрсдийн орон зайг бий болгосон бол дараагийн алхам юу байх вэ?

- Бид дараагийн алхмаа санхүүгийн байдалдаа тулгуурлан төлөвлөхөөс аргагүй. Хүмүүс их асуудаг л даа, танай цаад эзэн чинь хэн юм гэж. Үүнд бидний хэлэх дуртай үг байдаг. “Бидний ард хэн ч байхгүй. Бидний ард 30 орчим насны 15 залуу л байгаа” гэж. 

"Анлимитэд медиа групп" 15-уулаа, дандаа 30 орчим насны залуус хөл дээрээ зогсох гээд хичээгээд л байна. Манайх сэтгүүл, сайт, контент гүйцэтгэл гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Бид цэвэр контент гүйцэтгэл ба сурталчилгаагаараа санхүүжиж байна. Ямар нэгэн улс төр, хэн нэгний корпорацийн харьяалал бидэнд алга. 

Уншигчийг хүлээж авахгүй байна гэж буруутгахаас илүү редакц хүнд хэрэгтэй агуулга яаж өгөх вэ гэдэг дээрээ анхаарах ёстой санагддаг

Энэ нь амаргүй хэдий ч болдог юм байна гэдэг итгэл төрсөн учраас цаашид энэ чиглэлээ барих нь гарцаагүй.

Бидэн шиг залуу хэвлэл хөл дээрээ яаж бат зогсдог вэ гэдэг бизнес модел бидний эрэл хайгуулын гол сэдэв болчихоод байна. Энэ явцдаа олж харсан зүйл бол онлайн орчинд масс медиа буюу бүх олон нийтийг хамарсан хэвлэл хумигдах нь. Учир нь онлайн орчинд хэрэглэгч хэнийг дагаж, хэнтэй найз байж, юу сонгож үзэх бүх орчноо өөртөө тохируулчихсан байдаг буюу уламжлалт хэрэгсэл шиг бүх мэдээлллээ тулгах боломжгүй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр технологийн энэ нөлөөгөөр  төрөлжсөн хэвлэл онлайн орчинд түлхүү орж ирэх нь гэж харж байна. Үүнийг дагаад бидний цаашдын алхам төрөлжилт байх болов уу. 

Нэгэнт бид залууст зориулсан сайт учраас энэ сувгаа ашиглаад залууст хэрэгтэй мэдээллийг нь, арай даацтай анализуудаа сэтгүүлээрээ дамжуулан өгөөд явна. 

-Анх залууст зориулан гарч ирж байсан бол уншигчидтайгаа хамт өсөөд явах нь, тийм үү?

-Миний хувьд яг энэ ажлыг гардаж ажиллаад хамт олонтойгоо хоёр жил болох гэж байна.

“Гэрэг” сэтгүүлийг эхлэх үед “Time” шиг, “Newsweek”  шиг сэтгүүл болох мөрөөдөл, алсын хараа байсан байх. Харин бодит зах зээл, хүлээн авагч маань хэр байсныг тухайн үед ч, өнөөдөр эргээд харахад ч бэрх болов уу. Гэсэн хэдий ч муугүй буюу эхний хоёр жилдээ ч “Шилдэг сэтгүүл”-ээр шалгарсан байсан. Хариун дунд хугацаанд санхүүгийн бэрхшээлүүд гарч долоо хоног тутмын сэтгүүл сар тутмынх болох гэхчлэн олон арга хэлбэрээр оролдсоны дүнд өнөөдөр ямартай ч “Гэрэг” сэтгүүл Фэйшн гэсэн хувилбартай болж өргөжиж, мөн “The New York Times”-тай хамтарсан гэсэн хувилбартай буюу гадны контентын эрхийг мөнгө төлөөд авах хэмжээнд хүрсэн байна. 

Нөгөө талаар, уншигчдын хувьд сэтгүүл худалдан авах соёл хараахан бэхжээгүй байна уу гэж харж байна. Тиймээс сэтгүүлээ олон нийтийн газруудаар үнэгүй байршуулах болон тусгай хүргэлтээр түгээж байгаа. 

Харин хэр удахыг хэлж мэдэхгүй ч яг өнөөдрөөр харах юм бол онлайн сувгийн хувьд бага зэргийн төлбөртэй болохыг үгүйсгэхгүй. Дэлхий нийтийн хандлага ч тийм болчихлоо. “The New York Times” л гэхэд онлайнд төлбөртэй уншигчдаас олох орлого нь сурталчилгааны орлогоо давчихсан. Тэгэхээр цахим орчин дахь энэ их мэдээллийн урсгал дунд хэрэглэгчид хялбар, найдвартай, чанартай мэдээ, мэдээлэл санал болгож чадвал боломж байна. Тиймээс цаашдын зорилго маань хүн мөнгөө төлөхөөс татгалзах аргагүй тийм сайн, үнэ цэнэтэй контент хийдэг болох гэж болно.