Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолыг хүлээн авснаа Рио Тинто мэдэгджээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-ний өдөр баталсан билээ. 

Тэгвэл 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны Дубайн гэрээг сайжруулах чиглэлээр баталсан уг тогтоолын төслийг Рио Тинто компани санал нэгтэй хүлээн авч буй талаараа мэдэгдэл гаргалаа

Мэдэгдэлд, УИХ тус тогтоолыг баталснаар Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто, Туркойз Хилл Ресурс компаниудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын бүх гэрээ хүчин төгөлдөр болохыг дахин нотолж байгаа бөгөөд УИХ-аас томиллогдсон Ажлын хэсгийн 18 сарын турш хийсэн хяналтыг эцэслэсэн явдал байв гэдгийг тодотгожээ.  

Мөн Рио Тинто группийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Рио Тинто Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болохыг мөн хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. 

Талууд гэрээг дагаж мөрдөн ажиллах нь улс орны хувьд чухал бөгөөд төслийн хүрээнд 2010 оноос хойш нийт 10 орчим тэрбум ам.доллар зарцуулсан. Энэ нь Монгол Улсын иргэдэд ихээхэн ач тус авчирлаа. Цаашид ч үүнийгээ үргэлжлүүлэх болно. “Оюу толгой”  бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд хийх ажил их байгаа бөгөөд төслийн үр ашгийг хувьцаа эзэмшигчдэд хүртээх арга замыг эрэлхийлсээр байна” гэсэн байна. 

УИХ-ын тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газрын Оюутолгой дахь хувьцааг дахин судлах, нөөцийн тайланг дахин тодорхойлж, ТЭЗҮ, байгаль орчин, усны үнэлгээг шинэчлэх зэргийг тусгасан. 

Тогтоолын төслийг өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр албан ёсоор нийтэлсэн бөгөөд ЭНД дарж бүрэн эхээр нь үзэх боломжтой.