Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Эцэг, эх нь тамхи татдаг бол хүүхэд тамхинд орох магадлал хоёр дахин их байдаг"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнгөрсөн сарын 25-наас эхэлсэн "Хор баяртай" тамхинаас татгалзах үндэсний аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдад тамхины хор хөнөөлийг таниулах нөлөөллийн ажил өрнөж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан дүүргийн 1,000 орчим хүүхдэд нөлөөллийн сургалт, арга хэмжээ зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 63.1 хувь нь 14 нас хүрхээсээ өмнө тамхи татаж үзсэн гэсэн судалгаа байдаг аж.

"Хор баяртай" аян ирэх оноос 21 аймагт хэрэгжинэ

"Хор баяртай" аяны Ерөнхий продюсер С.Сумхүү “Хор баяртай аянаар нийслэлийн 6-12 дугаар ангийн 6,000 орчим хүүхдэд тамхины хор уршгийг сурталчлан таниулах зорилготой.

Өсвөр насны хүүхдүүд ямар нэг зүйлд уруу татагдах магадлал өндөр байдаг учраас бид ЕБС-ийн сурагчдын дунд нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж байна.

Энэхүү аян маань 2020 оноос 21 аймагт хэрэгжиж эхлэх юм.

Тамхи татдаг хүний орлогын 7-8 хувь нь тамхины зардалд гардаг гэсэн судалгаа бий. Иймд эцэг, эхчүүд тамхинд урсгах зардлаа хүүхдийнхээ боловсролд зарцуулах нь зүйтэй гэж бодож байна" хэмээлээ.

Эцэг, эхчүүд өөрөө эхэлж тамхинаасаа гарчихаад дараа нь шаардлага тавих хэрэгтэй
 
Гэрэл зургийг Mpa.mn

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар “Иргэдийн тамхи татаж байгаа асуудлыг судалж үзэхэд ихэвчлэн сургуульд байхдаа татаж үзсэн байна.

Бидний үзэж байгаагаар тамхинд ороход орчин нөлөөлж байна. Эцэг, эх нь тамхи татдаг бол хүүхэд тамхинд орох магадлал нь хоёр дахин их байдаг. Иймд эцэг, эхчүүд өөрөө эхэлж тамхинаасаа гарчихаад дараа нь шаардлага тавих хэрэгтэй.

Хүүхдүүдэд тамхи татах нь хортой талаар олон байгууллага ярьдаг. Гэвч үүнийг харж, сонсоод хүүхдүүд тамхи татсаар л байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд тамхи татах нь хортой гэдгийг мэдсээр байж хэрэглээд байгаа нь харамсалтай. 

Тийм учраас хүүхдүүдийн орчинд чиглэсэн, хүүхдүүдэд нөлөөлөхөөр үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Түүний нэг нь "Хор баяртай" аян юм” гэлээ.

Хор баяртай аяныг нэлээд үр дүнтэй ажил болж байгаа гэж харж байна

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “2014 онд Эрүүл мэндийн цагийг хассанаас гадна Иргэний боловсролыг сургалт дэмжих үйл ажиллагаанд оруулан ажиллаж байсан. 

Харин 2018 оноос эхлээд бид Эрүүл мэндийн хичээлийг сургалтын төлөвлөгөөнд албан ёсоор оруулаад заавал судлах цаг болгож, Иргэний ёс зүйн боловсролын хичээлийн хөтөлбөрийг шинэчилсэн. 

Одоо ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнд Эрүүл мэндийн хичээл, Иргэний ёс зүйн боловсролын хичээл дээр хүүхдүүдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтын агуулгууд бий.

Тус хичээлийн цагаар хүүхдүүд энэ талаар судалж байгаа боловч бодит байдал дээр хичээлийн агуулгыг бататгаж, төлөвшил болгох нь чухал. Тиймээс Хор баяртай аяныг нэлээд үр дүнтэй ажил болж байгаа гэж харж байна” гэлээ.

Хүүхдүүд тамхи татдаг найз нөхдөдөө шаардлага тавьж, гол нь өөрөө уруу татагдаж болохгүй
 
Гэрэл зургийг Mpa.mn

67 дугаар сургуулийн сурагч Э.Пүрэвбазар “Олон жил тамхи татсан томчууд тамхи татахгүй байж чадахгүй, уур нь хүрээд байдаг болчихсон юм шиг санагддаг. Тамхи татаж байгаа ихэнх хүнийг анзаарахад маш их ханиалгадгаас гадна шүлс, цэрээ энд тэндгүй хаядаг. Энэ нь хүүхдүүд бидэнд их муухай сэтгэгдэл төрүүлдэг.

Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдийнхээ дэргэд тамхи татахгүй зөв үлгэр дуурайлал үзүүлж чадвал хүүхдүүд ч том болоод тамхи татахгүй байх гэж бодож байна.

Харин хүүхдүүд өөрсдөө тамхи татдаг найз нөхдөдөө шаардлага тавьж, гол нь өөрөө уруу татагдаж болохгүй” гэж бодлоо хуваалцав.

Бид өөрсдөө өөрийнхөө эрүүл мэндэд хариуцлагатай хандах хэрэгтэй
 
Гэрэл зургийг Mpa.mn

122 дугаар сургуулийн 7а ангийн сурагч Б.Удвал “Тамхи, архи ууж байгаа хүмүүс эх дэлхийд асар их хэмжээний хохирол учруулсаар байна.

Сүүлийн үед сургуулийн сурагч ч архи, тамхийг ихээр хэрэглэх болсон тухай би олон сонссон.

Иймд би хүүхдүүдийг утаат тамхинаас татгалзахыг уриалж байна. Бид өөрсдөө өөрийнхөө эрүүл мэндэд хариуцлагатай хандах хэрэгтэй.

Мөн эцэг, эхчүүд ч хүүхдээ тамхи татуулахгүй байх тал дээр анхаараасай. Учир нь эцэг, эхчүүд өглөө ажилдаа гарч, орой л гэртээ ирцгээдэг. Харин энэ хооронд хүүхдээ юу хийж, хаагуур явж байгааг тэр бүр анзаардаггүй юм болов уу. Хүүхдүүд тамхи татах тохиолдол их болсон нь эцэг, эхийн хараа хяналттай ч холбоотой байх” гэлээ.

Гэрэл зургийг Mpa.mn