Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн газар нь урьдчилсан байдлаар 20 тэрбум төгрөгт хүрнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
 

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” хэлэлцэж баталсан билээ.

Тус жагсаалтад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийслэлийн эзэмшилд байдаг 49 хувь багтсан нь олны анхаарлыг татаад байгаа юм.

Иймд 2020 онд хувьчлагдахаар батлагдсан эд хөрөнгийн талаар Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбатаас тодрууллаа.

- Яагаад Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах шаардлагатай гэж үзэх болов?

- Нийслэлийн есөн дүүргийн ашиглалт муутай мөртлөө зардал их гардаг газруудыг нийслэл зардлаа хаахын тулд дуудлага худалдаанд оруулж хувьчилдаг.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд нийслэлд ашиг, орлого төвлөрүүлдэггүйгээс гадна 1993 онд хувьчлагдсан.

Тэр үед Цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг Т.Нямдаваа гэдэг хүн аваад нийслэлийн хувийг бууруулах удаа дараагийн үйлдэл хийж, маргаан үүсгэж явсаар өнөөдрийг хүрсэн.

 

Түүнчлэн жил бүр нийслэлээс 200-300 сая төгрөгийн хөрөнгө оруулж, засвар үйлчилгээ хийдэг ч ашиг нь байдаггүй. Жил бүр хөрөнгө оруулдаг гээд эзэмших хувиа нэмэх гэхээр нөгөө тал нь зөвшөөрдөггүй, ТУЗ-ийн хурлаа ч хийдэггүй.

Өөрөөр хэлбэл, нийслэл зарлага л гаргадаг, ямар ч ашиггүй хувь эзэмшдэг гэсэн үг. Тиймээс бид ингэж зардал гаргаж байхын оронд хувьчлах нь зүйтэй гэж үзэн, НИТХ-ээр оруулж батлуулсан.

- Хувьчлахаар баталсан объектуудаас хэр хэмжээний хөрөнгө төвлөрнө гэж үзэж байгаа юм?

Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг жил бүр баталдаг. Нийслэлийн төсвийг бүрдүүлэхэд өмч хувьчлалаас орох орлого нь нэлээд том хувийг эзэлсээр байдаг.

- Энэ жилийн хувьд:

  1. Сүхбаатар дүүргийн 50 дугаар дэлгүүрийн өргөтгөлийн барилга, 
  2. Баянгол дүүргийн наймдугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, 
  3. Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга
  4. Монгол шуудан ХК-ийн 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байр,
  5. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийслэлийн мэдлийн 49 хувь,
  6. Монгол шуудан ХК-ийн 20 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байр зэргийг хувьчлахаар болсон.
Уг жагсаалтад Хан-Уул дүүргийн татварын хэлтэс болон Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга багтсан байсан ч хасагдсан.

Учир нь 2019 онд нийслэлийн төсвийн хөрөнгийн 60 орчим сая төгрөгөөр Хан-Уул дүүргийн татварын хэлтэст засвар хийж, ашиглалтын шаардлага хангахаар болсон тул жагсаалтаас хассан.

Харин Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах хуучин барилгын хувьд газар нь том болохоор шинэ эмнэлэг барих санал тухайн дүүргээс гарч, төлөөлөгчид дэмжсэний үндсэн дээр хасагдсан юм.

Тус бүрийнх нь үнэлгээ нь аль нэг байгууллагын балансад бүртгэлтэй бий. Гэхдээ дахин шинэчилж тогтооно.

Урьдчилсан байдлаар 68,363,300,000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр нийслэлийн Засаг даргад даалгаж баталсан.

- Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?

- Засгийн газрын 182 дугаар тогтоолын дагуу нийслэлийн эзэмшлийн нийт 12.7 га газрыг урьдчилсан байдлаар үнэлэхэд 20 тэрбум төгрөгт хүрч байгаа. Энэ бол зөвхөн газрынх нь үнэ.

Гэхдээ 20 тэрбум төгрөгөөр шууд л дуудлага худалдаанд оруулна гэсэн үг биш бөгөөд нийслэлийн Өмч хувьчлалын комисс дахин үнэлгээ хийлгэнэ.

Компанийн тухай хуулийн 5 дугаар 5.3-т заасны дагуу тухайн нийслэлийн Өмч хувьчлалын комисс өөрийн 49 хувийг үнэлэн нэн тэргүүнд 51 хувийг эзэмшиж буй компанид санал болгох хуулийн заалттай.

Санал болгосон үнээр хувь эзэмшигч компани авахгүй бол дуудлага худалдаанд оруулна.

- Үнэлгээг яг ямар зарчмаар хийнэ гэсэн үг вэ?

- Нийслэлийн удирдлагуудаас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй Өмч хувьчлалын комисс энэ хөрөнгийг дахин үнэлгээ хийнэ гэсэн шийдвэр гаргасны дараа нээлттэй тендер зарлаж гадаад, дотоодын байгууллагаар өнөөгийн зах зээлийн ханшаар үнэлүүлнэ.

Хуулийн дагуу үнэлгээ хийдэг компаниуд орлого, зах зээлийн ханш болон зардлын хандлагаар нь үнэлгээ хийх зарчимтай. 

Газар, обьект, инженерийн шугам сүлжээ гэх мэтээр үнэлээд эхлэхээр 49 хувь хэдэн төгрөг болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Тэрийг өнөөдөр хэлэхэд арай эрт байна.

Гэхдээ үнэ нь өсөх нь бол тодорхой. Төв цэнгэлдэх хүрээлэн магадгүй 20-аас дээш 30,40 тэрбумд ч хүрч болох юм.

- Дуудлага худалдааны цаана авах хүн нь тодорхой байгаа. Магадгүй Төв цэнгэлдэхийн газраас эзэмшдэг хүмүүс нь тодорхой байхад дуудлага худалдаа, өмч хувьчлал гэх зүйл ярьж байгаа гэх хардлага олон нийтийн дунд байна. Та энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

- Тийм хүн байхгүй. Хувьчлах объектын үнийг тогтоох, дуудлага худалдаа зарлах эрх нь нийслэлийн удирдлагуудаас бүрдсэн нийслэлийн Өмч хувьчлалын комисст шилжиж байгаа. 

Мэдээж бүгд л нийслэлийнхээ өмчийг аль болох үнэд хүргэхийг бодно.