Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Аззаяа: Сэтгэлийн дэм өгснөөр өвчтөний сэтгэл түгшилтийг маш өндөр хувиар бууруулдаг

Б.Уянга, IKON.MN
2019 оны 12 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монголд хорт хавдраар жил бүр 6,000 гаруй хүн өвдөж, 4,000 гаруй хүн нас барах болсон харамсалтай тоо байна. Тэдгээр хүмүүсийн 70 гаруй хувь нь хожуу үедээ эмнэлэгт ханддаг талаар эмч, мэргэжилтнүүд хэлдэг.  

Тэгвэл хавдраар өвчилсөн хүмүүсийн сэтгэл зүй, гэр бүлийн зүгээс түүнд үзүүлэх сэтгэл зүйн дэмжлэг чухал байдаг аж. Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн Сэргээн засах тусламж, үйлчилгээний тасгийнх эрхлэгч, сэтгэл зүйч Ч.Аззаяатай ярилцлаа. 

-Статистик үзүүлэлтээс харахад манай улсад хавдраар шинээр өвчилж буй хүмүүсийн тоо, тэр дундаа шинээр өвчлөгсдийн тоо 10,000 хүн тутамд тогтмол 18.4-19 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Энэ үзүүлэлт буурах хандлага байна уу?

-Хавдраар өвчлөгчдийн шинэ тохиолдлууд ихсэж байгаа. Хүн амын тоо, тэдгээрийн нягтаршил, насжилт зэрэг хүчин зүйлстэй холбоотойгоор цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байгаа. Тиймээс иргэдийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрт оношлуулах нь л хамгийн чухал болоод байна. Эрт оношлогдох тусмаа эрт эмчилгээ авна. Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байдаг.

-Тэгвэл энэ өвчнөөр шинээр өвчилж буй хүмүүс сэтгэл зүйн хувьд ямархуу байдалтай байна вэ?

-Хавдартай өвчтөний сэтгэл зүйг дарааллаар нь ангилж үздэг. Тодруулбал, сэтгэл зүйн хувьд цочирдлын байдалд орох, бухимдах, наймаалцах буюу эмчилгээ хийлгэх арга зам хайж эхлэх үе, сэтгэл гутралын үе, хүлээн зөвшөөрөх үе гэх таван үе шатыг дамждаг.

Ерөнхийдөө хавдартай өвчтөнүүдийн сэтгэл зүйн тархмал шинж тэмдэг нь сэтгэл түгшилт, гутралт, дасан зохицох эмгэг, айдсын эмгэг юм. Гэхдээ үүнийг яг эмгэг гэхээсээ илүү завсрын эмгэг буюу сэтгэцийн тулгамдсан асуудал гэж нэрлэдэг.

-Эдгээр эмгэгийг сэтгэл заслаар эмчлэх боломж хэр их байдаг вэ. Өвчтөний оролцоо хэр чухал нөлөөтэй вэ?

-Шууд ингэж эмчилнэ гэж хэлэх боломжгүй. Мэс засалд орох гэж байгаа өвчтөн өмнө нь айдастай байлаа гэж бодоход мэс засалд орсны дараагаар сэтгэл зүйн байдал нь өөрчлөгдөнө. Химийн эмчилгээ эхлэхэд ч мөн адил сэтгэл зүйн байдал өөрчлөгдөх жишээтэй. Тэгэхээр ямар төрлийн эмгэг илэрч байна вэ гэдгийг сайтар тодорхойлсны дараагаар тохирох сэтгэл заслын үйлчилгээг сонгон үзүүлнэ.

Жишээ нь, айдсын эмгэг нь түүнийг бий болгож буй бодлуудаас шалтгаалаад маш олон төрөлтэй. Тиймээс юунд санаа зовж, юунаас айж байгааг тодорхойлсны дараагаар түүнд үндэслэн өвчтөнд тохирох сэтгэл заслыг хийдэг.  

-Аливаа эмчилгээний явцад өвчтөн сэтгэл зүйгээ бэлдэх нь чухал нөлөөтэй гэдэг. Танай сэтгэл зүйн тасагт өвчтөн хэр олон байдаг вэ?

-Одоогийн байдлаар манай тасагт өдөрт дунджаар 7-8 өвчтөн зөвлөгөө авахаар ирж байна. Тэдгээрийн 60-70 хувь нь эмэгтэйчүүд буюу хөх, умайн хүзүүний хавдартай хүмүүс байдаг.

Ер нь хавдартай өвчтөнд хамгийн багадаа 4-8 удаагийн сэтгэл зүйн эмчилгээ хийгдэж байж үр дүнд хүрдэг. Гэтэл яг ийм хугацаагаар, эмчилгээнд гүйцэд хамрагдсан хүмүүсийн тоо төдийлөн их биш. Ихэнх нь 2-3 удаа ирээд л орхичихдог. Магадгүй энэ нь хүмүүсийн сэтгэл зүйн боловсрол, сэтгэл зүйн талаарх ойлголт, хүлээлт зэрэг харилцан адилгүй байдагтай холбоотой байх.

-Энэ тохиолдолд яах хэрэгтэй вэ?

-Хүмүүс ихэнхдээ өөр тийшээ, тодруулбал, шашин шүтлэг, найз нөхөд рүүгээ явах, эсвэл би өөрөө чадна гэх байдлаар ханддаг.

Хүн бүр сэтгэл зүйч дээр ирэх сонирхолтой байдаггүй, заавал ирэх ёстой гэсэн шаардлага ч тавигддаггүй. Ер нь бол Хавдар судлалын үндэсний төвийн хувьд эмч, сэтгэл зүйч хоёр нягт холбоотой ажилладаг. Учир нь эмч өвчтөнд өвчнийх нь талаар сайтар ойлгуулж, цаашдын эмчилгээ, авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг тайлбарлаж, сэтгэлийн дэм өгснөөр өвчтөний сэтгэл түгшилтийг маш өндөр хувиар бууруулдаг. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд сэтгэл зүйч л энэ мэдээллийг сайн хүргэнэ, эмч нар үгүй гэх зүйл байхгүй.

Түүнээс гадна монгол хүний сэтгэхүйн нэг онцлог байдаг. Хавдар оношлогдсоны дараагаар ихэнх хүн сэтгэл зүйн дэмжлэг авах, тайвшрахын тулд лам, бөө дээр очдог. Үүнийг буруутгах аргагүй. Үнэхээр сүсэг бишрэлтэй хүн байвал лам дээр очоод ном уншуулж, засал хийлгэх гэх мэт сэтгэл зүйн хувьд өөрийгөө тайтгаруулах зүйлийг хийгээд, энэ нь тус болж байвал сэтгэл зүйн хувьд тусламж авч чадаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн өвчтөн сэтгэл зүйн хувьд тайвшрах аргаа хайж байгаа нэг хэлбэр нь энэ болов уу.

Зарим өвчтөний хувьд гэр бүлийнхэн, найз нөхөд, ойр тойрны хүмүүсээсээ дэмжлэг авдаг. Гэр бүлийн дэмжлэг сайн байвал "үүнийг даваад гарах юм байна, болох юм байна" гэсэн илүү их сэтгэлийн тэнхээтэй байх жишээтэй.

Ямар ч байсан өвчтөн сэтгэл зүйн хувьд ямар нэгэн дэмжлэг авах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ энэ нь заавал сэтгэл зүйчид хандах ёстой гэсэн үг биш гэдгийг хэлэх хэрэгтэй байх. 

-Та сая гэр бүлийн дэмжлэгийн талаар дурдлаа. Гэр бүлийн зүгээс ер нь өвчтөнд дэмжлэг үзүүлэхдээ юуг анхаарах шаардлагатай вэ?

-Гэр бүлийн гишүүн бүр өвчтөнд туслахыг хүсч байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ хамгийн чухал нь түүнтэй маш нээлттэй ярилцах хэрэгтэй. Юу хүсэж, юу хүсэхгүй байгааг, юунд эмзэглээд байгааг нь нээлттэй ярилцсаны үндсэн дээр л олж мэднэ шүү дээ.

Анзаараад байхад ихэнх өвчтөний гэр бүлийнхэн нь өвчтөнтэй амьдралын өөр хэсгүүдийн талаар ярилцах нь багасаж, зөвхөн түүний өвчний талаар ярилцдаг болчихсон байдаг. Гэтэл нөгөө хүн маань өөрт нь өмнөх шигээ л хандахыг хүсэж байдаг. Тухайн өвчтөн чухам юу хүсэж, юунд санаа зовоод байна гэдгийг ярилцаж мэдээд түүнд нь тохирсон байдлаар л өвчтөнтэй харилцаж байвал энэ тусалж чадаж буй хэрэг.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүдээс багахан хэмжээний мэдрэмжтэй байдал шаардагдана.

Анзаараад байхад өвчнийхөө талаар, түүнд хийгдэх эмчилгээний талаар, гарч болзошгүй хүндрэл бэрхшээлүүдийн талаар урьдчилж уншиж судалж мэдсэн, ойлгосон хүмүүсийн хувьд, мөн өдөр тутамдаа эмчилгээнд нь хүргэж өгч авах, хамт байж хоол ундыг нь бэлтгэж өгөх гэх мэт гэр бүлийн дэмжлэг сайтай хүмүүсийн хувьд илүү тайван байдаг.

Хавдар гэдэг өвчин нь өөрөө архаг өвчин учраас төдий чинээ урт хугацаанд хийгддэг өвөрмөц эмчилгээтэй. Тухайлбал, мухар олгойг аваад л өвчин нь арилдаг бол хавдрын мэс засалд орж гарч ирсний дараагаар химийн эмчилгээ гэх мэтээр үргэлжилсэн урт хугацааны эмчилгээ шаарддаг учир үүнийг ойлгож, сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй. Тэгж чадвал өвчнөө давахад илүү амар байх болно.

-Сэтгэл зүйгээ бэлдэхийн тулд хамгийн түрүүнд өвчнөө ойлгох хэрэгтэй гэсэн үг үү?

-Тийм ээ. Ерөөсөө л ойлгох, хүлээн зөвшөөрөх.

Төсөөлөлгүйгээс, ойлголтгүйгээс эхний, дараагийн гэх мэт үе шаттай эмчилгээ, шинжилгээ хийгдэж эхлэхэд өвчтөн сэтгэл зүйн хувьд хямарч эхэлдэг.

Нөгөө талаар, тухайн хүн хагалгаанд орчихсон, химийн эмчилгээ нь эхэлчихсэн мөртлөө өөрийгөө хавдартай гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй буюу би яагаад туссан юм бол гэх мэтээр үгүйсгэх, хүлээн зөвшөөрөхгүй явсаар байдаг. Би эмчилгээ хийлгэх ёстой гээд “ухамсартайгаар” эмчилгээгээ эхлүүлсэн хэр нь далд ухамсартаа тэр хүн зөвшөөрөөгүй байдаг. Үүнээс болоод нөгөө л сэтгэл зүйн шинж тэмдэгүүд илэрч эхэлдэг. 

-Далд хумасарт нь хэрхэн нөлөөлөх боломжтой юм бэ?

-Далд ухамсартай ажиллах нь сэтгэл зүйчийн хийх зүйл.

-Эмчилгээний үр дүнд өвчтөний сэтгэл зүй нэлээд нөлөөтэй байдаг гэж ярьдаг. Энэ талаарх судалгаа бүхий нотлогдсон үр дүн бий юу?

-Шууд нөлөөтэй. Эмч нар эмчилгээ хийж дуусахад өвчтөн гам барих буюу эмчилгээний дараах дэглэмийн үеийг чанд баримтлах ёстой. Хэрэв өвчтөн сэтгэл зүйн хувьд бэлэн биш бол тэр олон дэглэмийг нэг бүрчлэн барихгүй. Тэгэхээр эмч эмчилгээг хэчнээн сайн хийгээд ч эмчилгээний дараах дэглэм байхгүй бол тэр эмчилгээ үр дүнгүй болно гэсэн үг.

Тэгэхээр л сэтгэл зүй эмчилгээний үр дүнд 100 хувь нөлөөтэй. Магадгүй 200 хувь ч нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй. 

Өвчтөн эмчилгээ хийлгэхдээ хүртэл ухамсартайгаар хандах хэрэгтэй.