Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингэлтэй дүүргийн хороо бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг хийнэ"

Б.Уянга, IKON.MN
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын санаачилгаар “Хүртээмжтэй ирээдүйн төлөө хүн бүрийн оролцоо” сэдэвт өдөрлөгийг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс иргэдийнхээ дунд зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг тодорхойлох зорилгын дор зохион байгуулагдаж буй аж.

Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс гадна тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс болон Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг байгууллагууд оролцож

  • Протез, ортопедийн туслах хэрэгслийн зөвлөгөө
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Хууль, эрх зүйн зөвлөгөө
  • Халамж, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөгөө, мэдээлэл
  • Боловсролын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх үйл ажиллагааг тус тус зохион байгууллаа.

Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлийг хэрхэн ангилдаг, тэдгээрт хамаарагдах тулгамдсан асуудал бүхий иргэдэд улсаас ямар дэмжлэг, туслалцаа үзүүлдэг зэргийг мэргэжилтнүүд нэг бүрчлэн тайлбарлахаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар танилцуулах, мэргэжлийн сэтгэлзүйч болон хөдөлгөөн засалчид газар дээр нь зөвлөгөө, үйлчилгээ үзүүллээ.

 

Өдөрлөгийн талаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвийн дарга А.Сэрээтэрээс тодруулахад "Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг дэлхий нийтээрээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар шинээр байгуулагдсан бөгөөд туг аялуулах ажлыг Чингэлтэй дүүргээс эхлүүлж байгаа юм. Энэ хүрээнд тус дүүрэг нэг сарын турш хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хэд хэдэн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь өнөөдрийн өдөрлөг" гэв. 

Чингэлтэй дүүргийн хэмжээнд 4,700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг бол өнөөдрийн үйл ажиллагааны 300 орчим иргэн хамрагдаж, хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөгөө авч байв. Бусад иргэдэд мэдээллийг хүртээмжтэй байлгах үүднээс Чингэлтэй дүүргийн 19 хороо бүр уг өдөрлөгийг зохион байгуулах ажээ.