Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Германы цагдаа 23 жилийн өмнөх хүн амины хэрэгтэй холбогдуулан олон зуун хүнээс биологийн дээж цуглуулж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Германы баруун хэсгийн Гревенброх хотын цагдаагийн газар 23 жилийн өмнө гарсан хүн амины хэрэгтэй холбогдуулан тус хотын олон зуун эрчүүдээс биологийн дээж авах ажил эхлүүлжээ.

1996 онд Гревенброх хотоос өмнө зүгт 70 км зайтай газраас 11 настай Клаудиа Руф охины цогцос олдож байв. Түүнийг хүчиндсэний дараа боож амийг нь хөнөөсөн байжээ. Охин хөршийнхөө нохойг салхилуулж яваад сураггүй болсноос хоёр хоногийн дараа цогцос нь олдсон юм.

 

Өчигдөр буюу Бямба гарагийн өглөөний 10:00 цагт Гревенброх хотын 900 гаруй эрчүүдээс биологийн дээж авах ажил эхэлсэн байна.

Хэрэг гарах үед 14-өөс дээш настай байсан эрчүүдэд урилга явуулсан бөгөөд тэд хотын дунд сургуульд  ирж шүлсний арчдасаа өгөх ёстой ажээ.

Дээж цуглуулах ажил дөрвөөс найман долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгааг мөрдөн байцаагчид хэвлэлд ярьжээ.

Өмнө нь 2010 онд Гревенброх хотын 350 хүнээс дээж авч байсан ч үр дүн гараагүй юм. Харин одоо илүү нарийн технологи хэрэглэх бөгөөд хэрэгтэй холбоотой баримтууд нэмж олдоод байгаа тул үр дүнд хүрнэ гэсэн найдлагатай байгаа ажээ.

Өнгөрсөн долоо хоногт хохирогч охины аав Фридхелм Руф хүмүүсийг дээж авах ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалсан видео бичлэгээ тараасан юм.

“Миний охины алуурчныг илрүүлэх томоохон боломж 23 жилийн дараа бий болж байна. Хэргийг үйлдсэн араатан хэтэрхий удаан бидний дунд амьдарлаа” гэж тэр видео бичлэгтээ ярьсан байна.

 

Эх сурвалж: BBC