Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оросоос буцааж авсан хөлгүүд нь тоногдсон болохыг Украины ерөнхийлөгч мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

2018 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Украины тэнгисийн хүчний гурван хөлөг Хар тэнгисийн Керчийн хоолойгоор нэвтрэх үеэрээ Оросын харуулуудад олзлогдсон юм.

Оросын тал тэднийг усан хилийг нь зөрчсөн гэж буруутгаж байв. Хөлөгт ажиллаж байсан 24 усан цэрэг мөн баривчлагдсан юм.

Энэ оны есдүгээр сард Москва, Киевийн талууд олзны 35, 35 хүнийг харилцан солилцоход усан цэргүүд эх орондоо ирж байв. Харин өнгөрсөн Даваа гарагт Украины хөлгүүдийг Оросын талаас буцааж өгчээ.

Гэтэл буцааж өгсөн хөлгүүдийн зарим техник хэрэгслүүд тоногдсон болохыг сүүлд мэдсэн байна. “Хөлгийн зарим техник хэрэгсэл алга болсон байна. Зарим зэвсгүүд нь хүртэл алга болсныг хөлгийн Адмирал надад хэлсэн. Бид алдагдсан техник тоноглолуудын араас мөрдөх ажлыг эхлүүлэх болно. Бас Оросын талаас бүрэн бүтнээр нь буцааж өгөхийг шаардана” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Очаковын боомтод хөлгүүдийг хүлээж авах үеэр хэлжээ.

Буцаж ирсэн хөлгүүдийг засварлаад дахин ашиглаж эхлэхэд гурван сарын хугацаа шаардагдахыг тэр мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: ТАСС