Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

С.Сэргэлэн: Манай дээдсийн бичээс төрийн хамгаалалтад байна уу, Туркийн хамгаалалтад байна уу?

Г.Номин, iKon.mn
2019 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 Хүннү бичээс тайлагч “Сэргэлэн Интернэйшнл Экспедишн” ТББ-аас Гол тигэний бага бичээс хэмээн алдаршсан Хөшөө Цайдамын энгэр дэх хөшөөний бичээсийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монгол Алтай судлалын холбоо буруу тайлсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Манай улсад Түрэгийн хэмээн нэрлэгдсэн хүн/руни/ бичгээрх 60 орчим гэрэлт хөшөө байдгийг дандаа гадаадын эрдэмтэд нээж, тайлж уншсан байдаг байна. Харин тэдгээр дурсгалыг тайлж уншсан "Сэргэлэн интернэйшнл экспедишн" төрийн бус байгууллагаас гадны эрдэмтдийн буруу тайлж уншсаныг ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Монгол Алтай судлалын холбоо буюу академич Л.Болд орчуулсан нь улстөрчдөд буруу зөрүү ойлголт өгч байна гэсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар "Сэргэлэн интернэйшнл экспедишн" ТББ-ын тэргүүн С.Сэргэлэн "Академич Л.Болд 2011 онд "Орхоны бичгийн дурсгал" номыг хэвлүүлсэн байдаг. Уг номондоо Гол тигэний бага бичээс хэмээн алдаршсан Хөшөө Цайдамын энгэр дэх хөшөөний бичээсийг буруу тайлж оруулснаас болоод манай улстөрчид буруу зөрүү ойлголттой болсон байна. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хажуудаа Турк улсын ерөнхий сайдыг суулгаад "Эцэг өвгөдийнхөө өлгий нутагт чөлөөтэй зорчино уу" гэж хэлж байсан. Мөн одоогийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Орхоны сав газрыг Орхоны хөндий гэж ярьж байна. Манай хоёр дарга түүхээ мэдэхгүй байгаа нь тэдний иш болгож байгаа номтой нь холбоотой.

Уг ном гарснаас хойш Истанбулын туркүүд манай улсад хэл, соёлын түрэмгийлэл үйлдэх болсон. Манайд суугаа Элчин сайд "Туркт ажиллаж байгаа монголчуудыг манай өвөг дээдсийн нутгаас ирсэн учраас бид эерэгээр хардаг" хэмээн телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ хэлж байсан. Тус улс Турк судлалыг хөгжүүлж, манай түүхийг эзэмшихдээ Монгол төрөөс дэмжлэг хүртэж байна. Бид өөрсдөө бичгээ тайлаагүй учраас ийм түрэмгийлэлд өртөж байгаа.

Үндсэн хуульд "Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна" хэмээн заасан байдаг. Тэгвэл өнөөдөр манай дээдсийн бичээс төрийн хамгаалалтад байна уу, Туркийн хамгаалалтад байна уу гэдгийг бодож үзмээр байна" хэмээн ярилаа.

Академич Л.Болд дурсгал дээрх бичгийг тайлж уншиж биш Оросын эрдэмтний бичсэнийг орчуулан номондоо оруулсан гэж хэлж болохоор байгааг мөн тэрбээр хэлсэн юм.

Хөшөө Цайдамын энгэр дэх хөшөөний бичээст нийт 350 үг байдгийг тайлж уншихдаа нэг үгийг 2-3 үгээр тайлбарлах, огт байхгүй үг нэмэх зэргээр 750 үгтэй болгосон байгаа ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүннү судлаач Д.Эрдэнэбаатар "Уг дурсгал дээрх бичээс орчин үеийн Турк улстай ямар ч холбогдолгүй гэдгийг төр засгийнхан болон ард түмэн анхааралдаа авах хэрэгтэй байна. Бидний түүх, соёлыг өөр улс ашиглан, улс төр хийж байгааг таслан зогсоох хэрэгтэй" хэмээсэн юм.

"Сэргэлэн интернэйшнл экспедишн" ТББ-аас хүн/руни/ хэлийг заах гурван удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 36 хүн төгссөн байна. Сургалтад хамрагдсан иргэдийн төлөөлөл өнөөдрийн хэвлэлийн хуралд мөн оролцсон бөгөөд янз бүрийн насны, өөр өөр мэргэжилтэй тэдгээр иргэн чулуун дурсгал дээрх нийт үгийн 90 орчим хувийг уншиж ойлгох чадвартай болсноо хэлж байлаа.