Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс 6G технологи бүтээх судалгааны ажлыг эхлүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятад улс харилцаа холбооны дараа үеийн технологийг бүтээхэд чиглэсэн судалгааны ажлыг албан ёсоор эхлүүлснээ өнөөдөр зарлажээ.

Энэ долоо хоногт тус улсын холбогдох яамд, судалгааны хүрээлэнгүүдийн хамтарсан уулзалт болж, 6G технологийг судлах, хөгжүүлэх үндэсний багийг байгуулсан тухай Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн яамнаас гаргадаг өдөр тутмын сонинд өнөөдөр мэдээлсэн байна.

Өндөр хурдны сүлжээний технологиор АНУ, Хятад улсууд сүүлийн жилүүдэд хүчтэй өрсөлдөж байгаа. Тухайлбал 5G технологийг дэлхий даяар нэвтрүүлж байгаа энэ үед АНУ-ын засаг захиргаа Хятадын технологийн компаниудын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн тавдугаар сард Вашингтон 5G технологиор дэлхийд тэргүүлэгч Хуавэй компанид АНУ-ын компаниудаас эд анги, програм хангамж нийлүүлэхийг хориглох шийдвэр гаргасан. 

Мөн өөрийн холбоотнуудад 5G сүлжээнд шилжихдээ Хятадын компаниас тоног төхөөрөмж авахгүй байхыг анхааруулсан юм. Хуавэй компанийг Бээжингийн эрх баригчидтай хамтран ажиллаж, тагнуулын ажиллагаа явуулдаг гэсэн үндэслэлээр АНУ ийм шахалт үзүүлж байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хятад улс даяар 5G сүлжээ ажиллаж эхэлсэн юм. Энэ оны хоёрдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн компаниудад хандан 6G технологи бүтээх ажлыг эхлүүлэхийг твиттер хуудсандаа уриалан бичиж байжээ.

 

Эх сурвалж: Reuters