Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийн босс Фэйсбүүк компанийн шинэ логог шоолжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Жэк Дорси

Өнгөрсөн Даваа гарагт Фэйсбүүк компани өөрийн логог шинэчлэхдээ нэрээ дан том үсгүүдээр бичсэн байна. Өөрөөр хэлбэл “FACEBOOK” гэсэн бичиглэл тус компанийг төлөөлөх бол сошиал платформ нь “facebook” гэсэн жижиг үсэгтэй бичлэгээ хадгалж үлджээ.

 
Дээд талд Фэйсбүүк үйлчилгээний лого, доод талд компанийн лого

Гэхдээ энэ өөрчлөлт олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй тулгараад байгаа. Өчигдөр Твиттер компанийн гүйцэтгэх захирал Жэк Дорси тэдний шинэ логог шоолсон агуулгатай зүйлийг хувийн твиттер хуудсандаа бичжээ.

Ер нь Дорси олон нийтийн өмнө Фэйсбүүкийг болон түүний үүсгэн байгуулагч Марк Зукербэргийг ил тод шүүмжлэх, сөргөөцөлдөх явдал сүүлийн үед нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн сард Марк Зукербэрг үг хэлэх эрх чөлөө болон Фэйсбүүкийн түүхийн талаар Жоржтауны их сургуульд илтгэл тавьсан юм. Үүний дараа Жэк Дорси түүнийг Фэйсбүүк хэрхэн байгуулагдсан түүхийг “шинээр зохиож ярилаа” хэмээн шүүмжилжээ.

Жишээ нь Харвардын оюутнуудад зориулсан үйлчилгээ бүтээсэн нь сүүлд Фэйсбүүк болсон гэгддэг түүхийг Зукербэрг өөрчилж, Иракийн дайн гарсан нь сошиал сүлжээ байгуулах шалтгаан болсон гэж ярьсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Фэйсбүүк өөрийн сүлжээгээр цацагддаг улс төрийн агуулгатай сурталчилгаанд хяналт хязгаарлалт тавихгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа Твиттер сүлжээ улс төрийн ямар ч сурталчилгаагүй болж байгааг Дорси зарласан юм.

“Улс төрийн сурталчилгаа бол үг хэлэх эрх чөлөөтэй ямар ч холбоогүй. Энэ бол ердөө олон хүнд мессэжээ хүргэхийн тулд мөнгө төлөх тухай асуудал. Улс төрийн мессэжээ олонд хүргэхийн тулд мөнгө төлдөг аргыг хүлээж авахад өнөөдрийн ардчиллын дэд бүтэц бэлэн биш байна” гэж Дорси мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Business Insider