Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд нутаг орныг нь бүрэн бүтэн үлдээхийг хүслээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд нутагт нь уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх гэж буйг эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Галуут сумын 3-р багийн Засаг дарга Ц.Батсайхан “Манай нутагт нэр бүхий компани ашиглалтын тусгай зөвшөөрөл авч хоёр жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байв. Түүнийг нь эсэргүүцсээр зогсоосон. Гэтэл тухайн компанийн тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан хэмээн олон машин дахин эргэлдэх боллоо. Үүнтэй бид тэмцэх болно” гэлээ.  

Нутгийн иргэд ундрах ус, урсах голтой байгаа дээрээ тэмцэж, төр засгийнханд үгээ хүргэхийг зорьж байгаа нь энэ аж. Баянхонгор аймгийн Галуут сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн гишүүн Б.Дэмбэрэлдодов "Холбогдох албаныхантай уулзахаар хүсэлт гаргаж, өрөөг нь сахисан ч уулзаж чадсангүй. Хариуцсан яам, агентлаг ажлаа хийхгүй байна" хэмээн шүүмжилж байв.

Одоогоор тусгай зөвшөөрөл олгогдсон хэсгийг нутгийн иргэд ээлжлэн манаж байгаа бөгөөд хэрэв компаниуд тоног төхөөрөмжөө суурилуулж эхэлбэл, буутайгаа цуглацгаана гэдгээ ч энэ үеэр мэдэгдэв. Түүнчлэн энэ нь зэвсэгт мөргөлдөөн эхлүүлэх гэсэндээ бус аргаа барсан иргэдийн үйлдэл байх болно гэдгийг тодотгож, нутаг орныг нь бүрэн бүтэн үлдээхийг төр засгийн түшмэдүүдээс хүслээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn