Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

С.Даваасүрэн: Би өргөдлөө өгөөгүй

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, хариуцлага тооцох талаар ярьсан бөгөөд хоёр даргын нэг нь өргөдлөө өгсөн тухай тэрбээр хэлсэн билээ. Тухайн үед Монголбанкны ерөнхийлөгч өргөдлөө өгөөгүй гэдгээ хэлж байсан бол энэ талаар СЗХ-ны дарга С.Даваасүрэн өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өгчээ.

Тэрбээр "Би чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй. Саарал жагсаалтын хувьд Санхүүгийн зохицуулах хороо төдийгүй Монгол Улсын бүхий л байгууллагууд хамтарч ажиллах ёстой, улсын макро эдийн засаг, санхүүтэй холбоотой ажил. 2013-2016 онд хийсэн ажлыг 2017 онд дүгнээд олон үзүүлэлтийг сайжруулж ажиллах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн байдаг.

2019 оны наймдугаар сарын байдлаар уг зөвлөмжүүдээс Санхүүгийн зохицуулах хорооноос шууд хамаарах 10, шууд бус буюу бусад байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх 15 үзүүлэлт бүр дээр шат ахиулж чадсан. Өгөгдсөн үүрэг, чиглэлийн дагуу СЗХ маш сайн ажилласан.

Харин ФАТФ-ын сая зөвлөсөн дөрвөн асуудлын тухайд Санхүүгийн зохицуулах хороонд цоо шинэ зохицуулалтаар орж ирж буй зүйл буюу санхүүгийн бус бизнес эрхлэгчидтэй холбоотой ажиллагаа. Өөрөөр хэлбэл, алт, үнэт эдлэлийн бизнес эрхлэгчид болон үл хөдлөх хөрөнгө зуучлалтай холбоотой асуудлыг Монгол Улсад зайлшгүй зохицуулах шаардлагатай боловч одоогоор зохицуулдаг байгааллага байхгүй учраас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар СЗХ-нд хариуцуулж өгсөн. 

Дэлхийн хэмжээнд санхүүгийн зохицуулах үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энэ төрлийн үйл ажиллагааг зохицуулдаггүй. Харин манайд үүссэн нөхцөл байдлаар зохицуулах шаардлагатай байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байна гэсэн. Тиймээс энэ ажлыг үе шаттай хийнэ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд санхүүгийн зах зээлд урьд өмнө байгаагүй өсөлт гарсан. Өсөлтгүйгээр энэ салбарын хөгжлийг ярих боломжгүй. Эерэг талаас нь харвал Санхүүгийн зохицуулах хорооны талаар олон нийт сайн мэддэг болж буйд хувь хүнийхээ үүднээс бахархалтай байна" гэв. 

Монгол Улсын хувьд

  1. Санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмын хэрэгжилт хангалтгүй
  2. Эрсдэлд суурилсан үйл ажиллагааны хүрээнд мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй
  3. Мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх тогтолцоо хангалттай ажиллахгүй байна;
  4. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо хангалттай түвшинд ажиллахгүй байна зэрэг шалтгаанаар хяналтад багтаад байгаа билээ. 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.