Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Brexit”-ийн мухардлаас Британийг гаргах ээлжит бус сонгууль арванхоёрдугаар сарын 12-нд товлогдлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Их Британийн парламент ээлжит бус сонгуулийг арванхоёрдугаар сарын 12-нд зохион байгуулах ерөнхий сайд Борис Жонсоны саналыг дэмжлээ.

Уг сонгуулийн үр дүнд нийтдээ гурван удаа хойшлогдоод байгаа “Brexit” буюу Европын Холбооноос Их Британийг гаргах үйл ажиллагаа саадгүй хэрэгжинэ гэж Жонсон тооцоолж байгаа юм.

“Brexit”-ийг хойшлуулах Британичуудын гурав дахь хүсэлтийг Европын Холбоо саяхан хүлээн зөвшөөрч, гурван сарын нэмэлт хугацаа өгсөн. Анхны төлөвлөгөөгөөр бол Британи улс аравдугаар сарын 31-нд Европын Холбооноос гарах ёстой байв.

Гэвч Европын эх газартай харилцах харилцааг зохицуулах гэрээ байгуулалгүй салах нь Британичуудын хувьд маш том эрсдэл байв.

Ерөнхий сайд Борис Жонсон гэрээ байгуулсан, байгуулаагүйгээс үл хамааран аравдугаар сарын 31-нд Европын Холбоог орхих төлөвлөгөөтэй байсан.

Гэвч парламент түүний эрсдэлтэй төлөвлөгөөг дэмжээгүй юм. Ингээд ирэх оны нэгдүгээр сард багтаж, Британи улс Европын Холбоотой гэрээ байгуулах боломжтой болж байна.

Борис Жонсон өөрийн гэрээний саналыг парламентаар дэмжүүлэхийн тулд олонхын дэмжлэг хэрэгтэй байгаа. Гэтэл парламент дахь консервативуудын дэмжлэг хангалттай бус байгаа тул тэр ийнхүү ээлжит бус сонгуулиар илүү хүчтэй болон эргэж ирэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Хэрвээ эрх баригч консервативууд парламентад илүү олуулаа болж чадвал 2016 оноос хойш дуншсан “Brexit” саадгүй хэрэгжих зам нээгдэнэ. Харин эсрэг тохиолдолд Британичуудын хар дарсан зүүд үргэлжлэх юм.

Санал хураалтын өмнөхөн Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск “Британийн найз нараа! Европын Холбооны гишүүд хугацаа сунгах хүсэлтийг албан ёсоор дэмжлээ. Магадгүй энэ сүүлчийн сунгалт байх. Өгсөн хугацааг үр дүнтэй ашиглана уу!” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Ийнхүү Британийн эрх баригчид сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гурав дахь удаагаа сонгууль явуулж, “Brexit”-ийг гацаанаас гаргах ээлжит оролдлогоо хийхээр шийдлээ.

 

Эх сурвалж: Associated Press