Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Исламын Улс террорист байгууллагын удирдагч алагдсаныг Дональд Трамп зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгэн чухал мэдэгдэл хийсэн нь Исламын Улс террорист байгууллагын тэргүүн Абу Бакр Аль Багдадигийн амийг хөнөөсөн тухай мэдээ байв.

Сирийн баруун хойд Идлиб мужид АНУ-ын тусгай хүчнийхэн Бямба гарагт Багдадиг устгах ажиллагаа явуулсан юм байна. 

“Абу Бакр Аль Багдади үхсэн!” гэж Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Дональд Трамп зарлажээ.

Тэрээр цааш нь ярихдаа цуутай террорист хэрхэн алагдсан тухай нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тухайлбал Багдади гарах гарцгүй болж, газар доогуурх хонгилоор зугтахдаа “уйлж, орилж хашхичиж байсан” тухай Трамп ярьсан байна.

Эцэст нь тэр биедээ зүүсэн тэсрэх бөмбөгийг дэлбэлж, дагуулж зугтсан гурван хүүхдийнхээ хамт амь үрэгдсэн гэнэ. Багдадигийн гэрт түүний өөр 11 хүүхэд байсныг ажиллагааны үеэр эсэн мэнд аюулгүй газарт шилжүүлсэн байна.

“Тэр нохойн үхлээр үхсэн. Тэр хулчгар амьтан шиг үхсэн. Одоо дэлхий ертөнц өмнөхөөсөө илүү аюулгүй боллоо. Бурхан Америкийг ивээг!” гэж Трамп хэлжээ.

Багдадигийн цогцос дэлбэрэлтийн улмаас задарсан ч газар дээр нь хийсэн шинжилгээгээр түүнийг мөн болохыг нь тогтоосон байна. Тусгай ажиллагаанд тусалсан Орос, Турк, Сири, Иракийн засгийн газарт, мөн Сири дэх Курдын зэвсэгт дайчдад талархаж байгаагаа Трамп илэрхийлжээ.

АНУ-ын эрх баригчид Сири, Иракийн газар нутгийн томоохон хэсэгт хяналтаа тогтоосон Исламын Улс бүлэглэлийн удирдагчийг удаан хугацаанд ангуучилж байсан юм.

Багдадигийн байгаа газрыг зааж өгсөн хүнд $25 саяыг төлөхөд бэлэн байгаагаа Вашингтон зарлаад байв. Тэрээр 2017 онд Иракийн Мосул, Сирийн Ракка хотуудыг алдсаныхаа дараа эдгээр улсуудын хил орчмын цөл нутагт байрлалаа байнга солин нуугдаж байжээ.

Багдадиг устгасан нь Аль Кайда байгууллагын тэргүүн Осама бин Ладеныг хөнөөснөөс чухал ач холбогдолтой үйл явдал гэж Дональд Трамп мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Associated Press